

Монгол Улсын мөнгөний ордуудаас томоохонд тооцогдох Асгатын орд руу хүрэх сайжруулсан зам тавьсан тухай “Чингис хаан баялгийн сан нэгдэл” мэдээллээ. Сангийн албан мэдээнд энэхүү үйл явдал нь салбарын онцлох бүтээг байгуулалт хэмээн онцолсон аргагүй юм. Асгатын орд нь газар зүйн хувьд хүрч очиход хүндрэлтэй байршилтай, Оросын нутгаар тавигдсан замаар очих л боломжтой байсан бол одоо Монголынхоо нутгаар тавьсан замаар очих боломжтой болж байгаа юм.
Асгатын мөнгөний орд нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт, Монгол-Оросын хилийн зурваст оршдог.
Шинээр тавьсан зам нь далайн түвшнээс дээш 2600-3100 метр өндөрт тавигдсан нь Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний оргилоос дээш 332-832 метрийн өндөрт тавигдсан гэсэн үг юм.
Хүнд даацын техник байтугай морьтой хүн ч зорчиход хүндрэлтэй, мөнх цэвдэгтэй, эгц хад асга бүхий хүнд нөхцөлд монгол инженерүүд нийт 2.6 км урт, хамгийн багадаа 18 метр гүн ухмалтай, 4-11 метр өргөнтэй, 20 гаруй огцом эргэлт бүхий замыг өөрсдийн хүчээр тавьж чадлаа.
Ашигт малтмалын ордын үнэлгээд дэд бүтэцтэй эсэх, дэд бүтцээс хэр хол ойр байршиж байгаа нь чухал хүчин зүйл болдог. Тэгвэл ийнхүү ордод хүрч очих сайжруулсан замтай болсноор Асгатын ордын үнэлгээ нэмэгдэж, тэр хэрээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нөхцөл бүрдэж байгаа юм.
Зам ашиглалтад орсноор Асгатын ордын хайгуулын ажлыг сэргээх боломжтой болж байна.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” нь Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор тус ордын нөөцийг олон улсын ЖОРК стандартаар баталгаажуулах нэмэлт хайгуулын төслийг 2025 оны 5-р сард эхлүүлсэн.
Төслийн хүрээнд нарийвчилсан геологийн зураглал, гадаргын ил өрөмдлөг, далд өрөмдлөгийн бэлтгэл суваг малталт, археологи болон палеонтологийн судалгаа, далд нэвтрэлт зэрэг ажил хийгдэж, нийт гүйцэтгэл 60%-д хүрсэн боловч дэд бүтэцгүйн улмаас хайгуулын ажил саатаад байсан юм. Геологичид Асгатын ордод хүрэхдээ өндөр уулын нөхцөлөөс шалтгаалан ОХУ-ын хилээр нэвтэрч, ойролцоогоор 800 метр зам туулж очдог байсан. Харин өнгөрсөн 2025 оны 9-р сарын 22-ны өдрөөс тухайн хэсгээр хил хамгаалалтаас бусад зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байсан. Тиймээс нэмэлт хайгуулын ажлыг дуусгах, цаашид ордыг ашиглалтад оруулах урт хугацааны хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрээр Асгатын орд руу хүрэх зам тавих шийдвэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гаргасан нь ийнхүү бодит ажил хэрэг боллоо.
Тус ажлын гүйцэтгэгчээр “Билигт инженеринг” ХХК болон “Хавай инженеринг” ХХК-ийн түншлэл сонгон шалгаруулалтаар шалгарч, энэ оны 7-р сард ажлаа эхлүүлэн, 9-р сарын дунд гэхэд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өглөө.
Асгатын ордыг 1979 онд Зөвлөлтийн геологичид илрүүлсэн. Социализмын үед ч, социализмын дараа ч энэ ордыг монголчууд болон оросууд ашиглах оролдлогыг нэг биш удаа хийж байсан ч газар зүйн хүнд нөхцөлөөс шалтгаалан ашиглаж чадалгүй өнөөг хүрсэн. Урьдчилсан болон геологийн судалгаагаар 6.4-26.9 сая тонн хүдэр, 6,400–7,370 тонн орчим мөнгөний нөөцтэй гэж тогтоосон. Зарим Оросын эх сурвалжид 3,000 тонн гэж бичсэн байдаг.

Өнгөрсөн 9-р сард Владивосток хотноо болсон Дорнын Эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын төрийн мэдлийн “Ростех” корпорац Асгатын ордыг ашиглахад хамтрах тухай баримт бичигт гарын үсэг зурсан. Баримт бичигт Монголын талаас “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийг төлөөлж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, Оросын талаас “Ростех” корпорацийн Бүс нутгийн бодлогын газрын дарга Дмитрий Азаров нар гарын үсэг зурсан.
“Ростех” корпорацийн албан мэдээнд дурдсанаар хоёр тал ордын геологийн мэдээллийг харилцан солилцох, хамтран эрэл хайгуул хийх, лабораторийн туршилт хийх, баяжуулах технологийн асуудлаар харилцан дүн шинжилгээ гаргах, ашиглалтын явцад шинэ технологийн шийдлийг хайх зэрэг асуудлыг тусгажээ.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.