

УИХ-ын чуулганы танхимд гишүүдийн микрофон эзгүйрэн, Төрийн ордонд улс төрийн энтертаймент эрчээ авав. Энд, тэнд камерын өмнө өгсөн ярилцлагаас үзэхэд эрх баригчдын хоорондын тохироо нурснаар хуурамч эвлэрэл нь мөн адил дуусгавар болжээ.
Нэг нам дангаар 10 жил засаглах нь намдаа төдийгүй улс орны зовлон болж хувирдгийг Монголын улс төрд өрнөж буй дүрэмгүй зодооноос харж болно. Эрх баригч нам ч нь, сөрөг хүчин нь ч улс орон, ард түмнээ бодсондоо ийн түйрэн тавьж буй юм биш. Эрх мэдлийн жолоог хэн атгах вэ гэсэн том бооцоот тэмцэл тэнд өрнөж байна. Хожсон нь бүхнийг хамна. Ийм л гол дүрэмтэй.
Улстөрчдийн зодоон УИХ-ын үйл ажиллагааг гацааж, хорлонтой нь, төр засгийн шийдвэрийг хүлээж байгаа улс орон, эдийн засагт нэн чухал олон асуудал тэг зогсов. Хоржоонтой нь, 2024 оны сонгуулиар Ардчилсан намд итгэл хүлээлгэсэн 438.388 хүний сонголтыг сөрөг хүчин Ардын намын авлигачдад үйлчлэх зэвсэг болгон хувиргав.
Сөрөг хүчний гол үүрэг нь ардчилсан парламентын засаглалыг хамгаалах юм. Парламентын засаглал нь хоёр их гүрний дунд орших Монголын амьд үлдэх ганц баталгаа. Хэрэвзээ парламентын засаглал алдагдвал ардчилал, үндэсний аюулгүй байдал аюулд орно. Иймээс ардчилсан парламентыг, парламентын засаглалыг хамгаалах ганц субьект нь өнөөдөртөө Ардчилсан намын бүлэг болсон.
УИХ нь Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага. УИХ-ын үйл ажиллагаа доголдож, нэр хүнд нь унах тусам иргэдийн төрдөө итгэх итгэл үгүй болно. Иргэд, олон нийт парламентын засаглалаас залхаж эхлэх нь парламентын засаглалд хамгийн хортой. Иймээс Ардчилсан нам авлигачдын эрх ашигт биш ардчилалдаа үйлчлэх цаг болсон гэж сануулж буй юм. Учир нь, сануулж, хэлэх хүнгүй бол сайн засаглал ч нурна гэж үг бий.
Мэдээж улс төржих цаг үе, сэдэв, акц гэж бий. Сөрөг хүчин олонхын алдаан дээр улстөржих нь хаана чиг байдаг үзэгдэл. Харин улстөржиж болохгүй дотоод нөхцөл, гадаад эрсдэл, үндэсний авулгүй байдлын хүчин зүйлс гэж бий.
Үнэндээ Ардчилсан намын бүлгийн гишүүн А.Ганбаатарын асуулт зөв байсан, Ардчилсан нам авлига, хулгайтай тэмцэхгүй байсан юм уу?!
Хоёр жилийн өмнө, парламентын сонгуульд өрсөлдөхдөө МАН-ын авлига, хулгайтай тэмцэнэ гэж Ардчилсан нам амалсан. Амлалтынхаа хүрээнд МАН-ын авлига, хулгайтай тэмцэх нь Ардчилсан намын үүрэг. Учир нь, авлига, хулгай бол ардчиллын заналт дайсан билээ.
Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын засагласан зургаан жилд Монголын гадаад индексүүд арагшаа ухарсан байдаг. Авлигын индекс 50 байраар, ардчиллын индекс 16 байраар арагшилсан агаад Монгол Улс автократ засаглал руу гулсаж явааг "Varieties of Democracy” байгууллагаас 2024 онд анхааруулж байсан юм.
Хэн нэгнийг хэрэгт гүтгэх, хүн нь олдвол хэрэг тохох, хэлэх үгийг нь хязгаарлах явдал Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед хэрээс хэтэрсэн. УИХ-ын чуулганы танхимд хэн нэгнийг загнаж зандрах, нэр хоч өгөх нь экс Ерөнхий сайдын хувьд хэвийн зүйл болчихсон байлаа. Ямар сайндаа л сөрөг хүчнийхэн шүүмжлэл хэлэхээс айдаг байв. Хэрэв өнөөдрийнх шиг бойкот зарлах юм бол гурван үсэгтэй төрийн байгууллагуудын дарамт, шахалтад өртдөг байсан нь бодит үнэн. Л.Оюун-Эрдэнийг шүүмжилснийхээ төлөө УИХ-ын гишүүн Ж.Баярмаа АТГ-т дуудагдаж, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн хамаарал бүхий компани руу татварын шалгалт орж байсан нь саяхны үйл явдал.
Тэрчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэнчлэн ахмадын тэтгэвэр нэмэгдвэл инфляц өснө гэсэн буруу ойлголтоо толгойноосоо авч хаях нь зүйтэй. Тэтгэврийн мөнгийг шинээр хэвлэж, зах зээлд нийлүүлдэггүй. Харин төсвийн зохицуулалт, татварын орлогоос хуваарилдаг, иймээс тэтгэвэр, тэтгэмж нэмбэл инфляцид нөлөөлнө гэх үг бол зөвхөн шалтаг юм.
Тэгж яривал, Монголын эдийн засгийн хямралын хамгийн том шалтгаан нь цалин, тэтгэврийн нэмэгдэл биш. Харин төрийн тендер, төсөл хөтөлбөр нэртэй авлигын сүлжээ, төрийн өмч дэх улстөрчдийн хулгай, луйвар Монголын эдийн засгийн том зовлон болсон. Монгол Улс мөнгөгүйдээ хямраагүй, авлига, хулгайдаа идэгдэж, эдийн засаг нь эцэстээ мухардаж байна.
Жишээ нь, экс Ерөнхийлөгч Х.Баттулгын "Хятад цэрэг танкны үлгэр"-ээс болж, Монгол Улс хамгийн багадаа ₮100 их наядын хохирол амссан. Энэ мөнгө уг нь иргэдийн цалин, тэтгэвэр, эмнэлэг, сургууль болох байв.
Жишээ нь, “Рио Тинто”-гоос өгсөн $20 саяыг Л.Оюун-Эрдэнэ “Тамгагүй төр”-ийн халаасны зардал, хаалтын гэрээний төлбөрт өгчихсөн. Жишээ нь, Харбины луйвар. Бирж дээр тонн нь $146 үнэтэй зарагдаж буй нүүрсээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын баталсан, байгуулсан тогтоол, шийдвэрийн дагуу Монгол Улс $65-аар хятадуудад бартердаж байна.
Жишээ нь, хотын дарга асан Х.Нямбаатарын ₮500 тэрбумын асуудал байна. Хятад компанид урьдчилсан шилжүүлсэн ₮500 тэрбум Х.Нямбаатарын хувийн мөнгө биш, нийслэлчүүдийн татварын орлого юм. Харамсалтай нь, энэ бүхнээс хожсон нь иргэд биш харин авлигач, хулгайч нар.
Ардчилсан намын акц, МАН дахь нүүрсний бүлэглэлийн бойкот Монголын улс төр, эдийн засгийг иргэдийн амьдралтай хамт нам гацааж байна.
Д.Ганбат гишүүний “УИХ-ын гишүүн ард түмэндээ амлалт өгч сонгогддог. Ард түмний элч төлөөлөгч болж тангараг өргөдөг. Улс төрийн намууд ард түмний амьдрал ахуйг сайжруулна гэсэн мөрийн хөтөлбөртэй ордог. Өнөөдрийн хувьд дэлхий нийтээрээ хямралын байдалтай, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орсон байна. Ийм хүнд үед Монголын ард түмэн болоод гишүүд эвтэй, эв нэгдэлтэйгээр даван туулах ёстой" гэх үнэн.
Дотоодын бодлогын үргэлжлэл гадаад бодлого байдаг. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тун төвөгтэй. Дайны эффект хэдийнэ Монголын хилээр импортлогдоод ороод ирсэн. Ирэх өвөл галтай, тогтой, бензин, шатахуунтай өвөлжих эсэх нь толгойны өвчин болсон. Энэ нөхцөлд улс төржих, УИХ-ын үйл ажиллагааг гацаасны үр дагаврыг улстөрчид биш энгийн иргэд л амсана.
Дайн, дажинтай, үймээн самуунтай хоёр их гүрний дунд орших Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа нь ардчилсан парламент. Атал ардчилсан парламентаа барьцаалаад сууж байгаа авлигачдад үйлчлэх Ардчилсан нам ардчиллаар овоглохоос ичих хэрэгтэй.
Авлига, албан тушаалын хулгай Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, улс төр, нийгэм, эдийн засгийн хамгийн том хорт хавдар болсон. Ногоон автобус, төмөр замын авлига, нүүрсний оффтейк гэрээ гэх мэт асар том мөнгөн дүнтэй хулгай, луйврын асуудал одоо ч хууль, шүүхээр эцэслэгдээгүй байна. Жирийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, ашиг орлого, амьдрах орчинд зарцуулагдах ёстой хэчнээн хөрөнгө авлигачдын гараар орсныг олж тогтоогоогүй байна. Даргын нохой сүши зооглож, түшмэлийн худ түлээчнээс тэрбумтан болсны ард хэний ямар авлига, нуугдаж буйг мөрдөн шалгаагүй байна.
Ийм байтал авлига, хулгайн хамгийн том бүлэглэл байнгын ажиллагаатай парламентыг барьцаалах замаар хавтаст хэргүүдээ наймаалцахаар улайрч байхад Ардчилсан нам тэдний ашиг сонирхолд үйлчлэх нь ардчилал, шударга ёсны үг-үйлдэл мөн үү. Энэ бол нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт, МАН-ын нэр хүнд унахын хэрээр Ардчилсан намын нэр хүнд өссөн үү? Учир нь, Ардчилсан намын байгаа онилоогүй улс төр өөрсдөд нь ч хасах оноо цуглуулж буй нь бодит үнэн. Эцэст нь, Ардчилсан нам ард иргэддээ биш авлигачдад үйлчилж байгаа нь шившиг юм!
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.