НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АНУ-ын тарифын заналхийлэл ба Оросын  хориг дундах ЭНЭТХЭГ
АНАЛИЗ

АНУ-ын тарифын заналхийлэл ба Оросын хориг дундах ЭНЭТХЭГ

13 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Дэлхийн эрчим хүчний зах зээлийн үймээн, самуунаас шалтгаалан Энэтхэгийн эдийн засаг, улс төр тунчиг хүндхэн байна. Нэн ялангуяа Вашингтонтой тогтоосон амин чухал харилцаагаа хадгалахын зэрэгцээ боломжийн үнээр эрчим хүчний нийлүүлэлтээ хэвээр хадгалахыг хичээж байна. Оросоос газрын тосыг худалдан авдаг орнуудад ерөнхийлөгч Трампад өндөр тариф ногдуулах өргөн эрх мэдлийг олгосон Вашингтоны шинэ хууль нь Энэтхэг, АНУ-ын хооронд төвөгтэй харилцааг бий болгов.

Баасан гаригт ерөнхийлөгч Трампын гарын үсэг зурж баталгаажуулсан уг хууль Оросоос газрын тос худалдан авсаар байгаа орнуудын бараа бүтээгдэхүүнд 100% хүртэлх тариф ногдуулах том эрх мэдлийг түүнд олгож байгаа юм.

Конгрессын гол зорилго нь Украины эсрэг дайныг санхүүжүүлж буй Москвагийн мөнгөний эх үүсвэрийг хаах зорилготой аж. Иймээс Энэтхэгийн импортын барааны татварыг Трамп өсгөх үү, эсвэл хэвээр үлдээх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Энэтхэгийн хувьд уг хуулийг эдийн засгийн заналхийлэл, дарамт гэж үзэж буй. Учир нь, хуулийн шинэ хориг Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модиг хүнд байдалд оруулж байгаа юм.

Энэтхэг нь газрын түүхий тосныхоо 90%-ийг импортоор авдаг. Тэр тусмаа Ираны дайн Ойрхи Дорнодоос нийлүүлэх хангамжийг тасалдуулснаас хойш Энэтхэгийн Оросоос хамааралтай байдал нь багагүй нэмэгджээ. Дэлхийн далайн тээврийн "Kpler" компанийн мэдээлснээр өнгөрөгч зун Энэтхэгийн олборлосон түүхий тосны 50%-ийг Оросоос нийлүүлжээ.

Үндсэндээ, шинэ хууль нь Америкийн зүгээс Энэтхэгийг Оросын газрын тосны худалдан авалтаа дахин өөрчлөхөд хүргэсэн цуврал хоригийн нэг хэсэг юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард Иранд дайн эхлүүлэхээс хэдхэн хоногийн өмнө Вашингтон болон Нью-Делийн хооронд худалдааны хэлэлцээр байгуулж, тэр дагуу АНУ тарифаа бууруулж, Энэтхэг Оросын газрын тосны хэрэглээгээ багасгахаар тохиролцсон байв. Гэсэн хэдий ч уг тохиролцоо олигтой хэрэгжээгүй юм.

Ираны дайн нь Персийн булангаас газрын тос авахад хүндрэл учруулсан бөгөөд АНУ-ын зүгээс Энэтхэг болон бусад орнуудад эрчим хүчний эх үүсвэрээ нөхөхийн тулд Оросоос газрын тос худалдан авахыг зөвшөөрсөн байна. Харин одоо Вашингтоны зүгээс Москвагаас газрын тосыг худалдан авсных нь төлөө Энэтхэгийг шийтгэнэ гэж сүрдүүлж буй нь шударга бус гэж Энэтхэг эсэргүүцэж байна.

Мэдээж, Вашингтоны сүрдүүлэгт Энэтхэг дуугүй суусангүй. Пүрэв гаригт тус улсын Гадаад хэргийн яамнаас "Энэтхэг улс 1.4 тэрбум хүн амынхаа эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад тууштай зогсоно" гэж мэдэгдээд, газрын тос нийлүүлэгчээ үргэлжлүүлэн төрөлжүүлнэ гэжээ.

Гэхдээ Энэтхэг улс урьд өмнө нь ч үүнтэй төстэй хүнд нөхцөл байдалд цөөнгүй орж байсан. Вашингтон Нью-Делиг Венесуэль, Иранаас газрын тос авахаа зогсоохыг шаардаж байсан ч дипломат харилцаа болон эрчим хүчний үнэ өөрчлөгдөхийн хэрээр АНУ-ын бодлого нь хувьсан өөрчлөгдөж байв.

Нөгөөтэйгүүр Вашингтон Нью-Делиг өөр газраас худалдан авалт хийснийх нь төлөө шийтгэнэ гэж сүрдүүлж байгаа атлаа өөрсдөө Энэтхэгийн эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийн төлөө чармайж байна.

Дайн эхэлснээс хойш Энэтхэгийн АНУ-аас импортолдог ахуйн хийн (cooking gas) эзлэх хувь өнгөрсөн арванхоёрдугаар сард 8 байсан бол одоо 50 гаруй болж өсчээ.

Нью-Дели дэх Глобал худалдааны судалгааны санаачилгыг удирддаг Ажай Сривастава хэлэхдээ, Энэтхэг улс Америкийн тарифын асуудалд хэт их ач холбогдол өгч, санаа зовох хэрэггүйг зөвлөсөн аж. Тариф нь Энэтхэгийн зарим экспортлогчдод хохирол учруулж болох ч тэдгээр нь АНУ-ийн өөрийн өртгийг нэмэгдүүлдэг гэж тэрбээр тайлбарласан байна.

Гэхдээ шинэ хуулийн хоригоос болж хүндхэн сорилттой тулгарч буй улс ганц Энэтхэг биш юм. Бээжин Энэтхэгээс ч их хэмжээний газрын тос Оросоос худалдаж авдаг. Тиймээс ч тэдэнд ч мөн заналхийлэл тулгарч байна. Энэтхэгийн албаны хүмүүс болон шинжээчид Вашингтон Нью-Делид үзүүлж буй ижил дарамтыг Бээжинд шахалт болгон үзүүлэх эсэхийг анхааралтай ажиглаж байна. Учир нь, Энэтхэг улс Хятадын гол өрсөлдөгчийн хувиар АНУ-тай ойртох алхмыг олон жилийн турш хийж ирсэн билээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ши Жиньпин, Путин нар Нью-Делид болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Модитой ихээхэн "ойр дотно" харилцаатай байгаа зургаа авхуулсан. Түүнчлэн Хяталын удирдагч Ши ойрын өдрүүдэд Вашингтонд ноён Трамптай уулзах төлөвтэй байна.

"Jindal global university" сургуулийн профессор Ц.Ража Мохан энэ бүгдийг дүгнэж хэлэхдээ "Америкийн халуун тогооноос үсрээд Хятадын гал руу ормоор байна уу?" гэж лавлажээ. Харин Сривастава "АНУ-ын бодлого тогтворжих хүртэл Энэтхэг улс ямар ч хэлэлцээр хийх ёсгүй" гэж байр сууриа илэрхийлсэн байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын Вашингтон хотноо хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа Цагаан ордноос гаргасан албан ёсны баримт бичигт дурдсанаар БНХАУ 2027 болон 2028 онд АНУ-аас жил бүр багадаа 10 сая тонн нүүрс худалдан авахаар амлалт өгчээ. Энэ нь хоёр улсын хоорондох худалдааны зөрчлийг намжаах чиглэлд хийгдсэн томоохон алхам юм.

Sep 29, 2026

Jiji Press: Такаичигийн санал болгосон Азийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллана

Jiji Press: Такаичигийн санал болгосон Азийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллана

Ерөнхий сайд Н.Учралын Японд хийж буй айлчлалаар шийдэгдсэн, яригдсан асуудлууд

Ерөнхий сайд Н.Учралын Японд хийж буй айлчлалаар шийдэгдсэн, яригдсан асуудлууд

Асгатын мөнгөний орд руу хүрэх зам тавьснаар ордын үнэлгээ нэмэгдлээ

Асгатын мөнгөний орд руу хүрэх зам тавьснаар ордын үнэлгээ нэмэгдлээ