НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АНУ-ын конгрессын сонгуулийн ялагдал: Трампын холбоотнууд Ираны дайнаас хэрхэн зайгаа барьж эхлэв
АНАЛИЗ

АНУ-ын конгрессын сонгуулийн ялагдал: Трампын холбоотнууд Ираны дайнаас хэрхэн зайгаа барьж эхлэв

13 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс дунд хугацааны сонгуулийн ялагдалд уг дайныг буруутгаж байгаа бол Ардчилсан намынхан Конгрессыг ашиглан дайныг хазаарлахаар зэхэж байна.

Al Jazeera (2026-11-05)

Ардчилсан нам АНУ-ын Конгрессын хоёр танхимд хоёуланд нь хяналтаа тогтоосон мягмар гаригийн сонгуульд Бүгд найрамдах нам бүрэн хэмжээний ялагдал хүлээсэнд Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Ираны дайныг буруутгалаа.

“Бидний ялагдсан шалтгаан бол энэ дайн юм. Ерөнхийлөгч өөрөө ч өнгөрсөн шөнө ингэж хэлсэн” хэмээн Вэнс лхагва гаригт X дээрээ бичжээ.

Ираны асуудлаар эртнээс хатуу байр суурь баримталж ирсэн Сенатч Тед Круз мөн уг мөргөлдөөнийг шүүмжилж лхагва гаригт гаргасан өөрийн подкастын дугаартаа энэхүү дайн “богино хугацааны, шийдвэрлэх шинжтэй бөгөөд хэдийнэ дууссан байх ёстой байв” хэмээн байр сууриа хувиргасан байна.

Харин энэ долоо хоногт Ерөнхийлөгч Дональд Трамп огт харамсахгүй байгаагаа дахин илэрхийлэв. Тэрбээр хоёрдугаар сард Израильтай хамтран Ираны эсрэг дайн эхлүүлсэн талаараа The Wall Street Journal сонинд өгсөн ярилцлагадаа “Би зөв зүйл хийсэн. Дахиад ийм нөхцөл байдал үүссэн ч би ингэж ажиллах болно” гэж мэдэгджээ.

Тэгвэл Трампын холбоотнууд яагаад эгнээгээрээ ухарч, байр сууриа өөрчилж байна вэ, энэ нь дайны явцад хэрхэн нөлөөлөх вэ?

ТРАМПЫН ХОЛБООТНУУД ЮУ ХЭЛЭВ?

2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал хамгийн өндөр хүн бөгөөд Трампын “Америкийг дахин агуу болгоё” (MAGA) хөдөлгөөний албан ёсны залгамжлагч Вэнс уг дайн нь улс төрийн тийм их хохирол амсах хэмжээний үнэ цэнтэй байсан уу гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлжээ.

Вэнс нэрээ нууцалсан нэгэн санал асуулгийг эш татан хэлэхдээ 2024 онд Трампын төлөө саналаа өгсөн ч энэ жилийн дунд хугацааны сонгуулиар Ардчилсан намынхныг дэмжихээр төлөвлөж байсан америкчуудын өгсөн топ дөрвөн хариултын хоёрт нь Ираны дайныг зогсоох, “Израильтай тогтоосон харилцаагаа өөрчлөх” асуудал багтсан байжээ.

Крузын шүүмжлэл арай өөр өнцгөөс гарсан юм. Дайн “хэтэрхий удаан сунжирлаа” гэж тэрбээр X хуудсандаа дурдаад, Вашингтон “ямар ч тохиолдолд Аятоллад (Ираны дээд удирдагчид) олон тэрбум доллар өгөх ёсгүй” гэж нэмж хэлэв.

Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Вашингтон болон Тегераны хооронд байгуулагдсан харилцан ойлголцлын санамж бичгийг хэлсэн бололтой. Уг баримт бичигт дайны дараах Ираныг сэргээн босгоход зориулж 300 тэрбум долларын сан байгуулах асуудлыг энхийн хэлэлцээний өргөн хүрээний сэдвийн хүрээнд тусгасан байв. Энэхүү сан байгуулах санал нь Круз зэрэг консерватив хууль тогтоогчдын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд тэд үүнийг Ираны дэглэмд асар их хэмжээний мөнгө урсгаж буй хэрэг гэж үзэж байлаа.

Гэвч тухайн үед гал зогсоох нөхцөлийг бүрдүүлсэн зургадугаар сарын хэлэлцээр удалгүй нуран унасан юм.

Трамп лхагва гаригт Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Вэнсийн дүгнэлтийг “ихэнхдээ үнэн” гээд, дайны улмаас түлшний үнэ өссөн нь америкчуудыг түүний намын эсрэг эргэхэд хүргэсэн гэж буруутгав. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү дайн зайлшгүй шаардлагатай байсан гэдгийг хатуу мэдэгджээ.

ТЭД ЯАГААД ЗАЙГАА БАРЬЖ БАЙНА ВЭ?

Бүгд найрамдах намынхан 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд байр сууриа бэхжүүлж эхэлсэн бөгөөд Трамп хуулийн дагуу дээд тал нь хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллах тул дахин нэр дэвших боломжгүй юм.

Катар дахь Жоржтауны их сургуулийн Төрийн захиргааны дэд профессор Пол Мусгрейв Al Jazeera агентлагт өгсөн ярилцлагадаа, Бүгд найрамдах намд дайны асуудлаас болж “дотоодын том хагарал” үүсээд байна гэжээ.

АНУ Иранд цохилт өгөх шийдвэр гаргасан нь Хормузын хоолой хаагдахад хүргэж, дэлхийн хэмжээний түлшний хямралыг өдөөсөн бөгөөд энэ нь өнөөдрийн байдлаар АНУ-ын татвар төлөгчдөд ойролцоогоор 47 тэрбум долларын хохирол учруулаад байна. Энэ нь 2028 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид ялалт байгуулах өчүүхэн ч гэсэн найдвар тээж буй бол уг дайнаас зайгаа барих шаардлагатай гэсэн үг юм.

Гэвч Мусгрейвийн хэлснээр Круз болон таалал төгссөн Сенатч Линдси Грэм зэрэг "шонхорууд" үнэндээ Ираны эсрэг дайн хийхийг эртнээс шаардаж ирсэн. Одоо тэд хүссэн дайндаа хүрсэн ч “энэ нь олон улсын хэмжээнд болон дотооддоо тэдний хувьд сүйрэл дагууллаа” гээд, гэхдээ “тэд үүнээс зүгээр л ухраад явчихаж чадахгүй” гэв. Иймд тэд зөвхөн дайны үргэлжлэх хугацаа болон тактикийн гүйцэтгэлийг шүүмжлэх төдийгөөр хязгаарлагдаж байна.

Харин Вэнсийн хувьд “Бүгд найрамдах намын илүү тусгаарлах үзэлтэй жигүүрийг төлөөлөхийг хичээж байгаа бөгөөд Трампын сонгогчдын суурийн томоохон хэсгийн талархлыг хүлээхийн тулд дайнаас болон бусад үүрэг амлалтаас татгалзахад бэлэн байна” гэж Мусгрейв хэлэв. “Энэ бүхэн бол цэвэр 2028 оны сонгуулийн байр суурь болон Бүгд найрамдах намын ирээдүйн төлөөх тэмцэл юм.”

Эссексийн их сургуулийн Төрийн захиргааны тэнхимийн профессор Наташа Линдстэд Al Jazeera-д хэлэхдээ: “Жэй Ди Вэнс анхнаасаа Ираны дайныг дэмжиж байгаагүй бөгөөд өөрөө АНУ-ыг уг дайнд оролцуулахыг хүсээгүй атлаа Ираны дайныг зогсоох хэлэлцээ хийх үүрэг хүлээсэн нь түүнийг маш эвгүй байдалд оруулсан” гэжээ.

“Энэ нь түүнд угаас тохирох ажил биш байсан тул одоо түүний жинхэнэ дүр төрх бага зэрэг ил гарч байна. Тэрбээр Трампоос харилцаагаа таслахад бэлэн байна. Магадгүй тэрбээр нөхцөл байдал улам бишдэж байгааг олж харсан байх” гэж тэрбээр нэмж хэлэв.

Бүгд найрамдах намын Конгресс дахь ажилтан асан Жон Фихэри Al Jazeera-д өгсөн ярилцлагадаа Ираны дайн нь эрчим хүчний үнэ, эрүүл мэндийн салбар, авилга зэрэг асуудлуудын зэрэгцээ ялагдлын “томоохон хэсэг” байсан гэлээ. Трампын залгамжлагчийн төлөөх уралдаан хэдийнэ эхэлснийг тэрбээр тэмдэглээд, Вэнс болон Флоридагийн Амбан захирагч Рон ДеСантис нарыг онцолсон байна.

АРДЧИЛСАН НАМЫНХАН ҮҮНИЙГ ӨӨРТ АШИГТАЙГААР ХЭРХЭН ЭРГҮҮЛЖ ЧАДАХ ВЭ?

Дайныг үргэлжлүүлэхэд зориулагдсан санхүүжилтийг хязгаарлаж, түүнийг удирдаж буй хүмүүсийг шахаанд оруулах замаар ажиллах боломжтой.

Сенат дахь Ардчилсан намын дарга Чак Шумер лхагва гаригт Конгрессын төсвийн хяналтын эрх мэдлийг дурдаад “Энэ дайн заавал дуусгавар болох ёстой” гэж мэдэгдэв.

Тэрбээр Вашингтон хотод болсон хэвлэлийн бага хурал дээр “Үндсэн хууль маань Америкийн ард түмний зөвшөөрөлгүйгээр дайн дэгдээж буй ерөнхийлөгчийг хазаарлах нэг арга зам болгон төсвийн эрх мэдлийг Конгресст олгосон юм” гэж хэлжээ.

Конгрессын гишүүн Ро Ханна “АНУ-ын зэвсэгт хүчний Иран дахь аливаа байлдааны ажиллагааг санхүүжүүлэхийг хориглох” тухай тогтоолын төслийг санал болгож, уг дайныг “яг л Вьетнамын дайныг зогсоосон шиг” эцэслэх хэрэгтэй гэв.

Мусгрейвийн үзэж буйгаар ялангуяа “Ираны дайны хяналтгүй өсөж буй зардлын улмаас батлан хамгаалахын төсөвт учраад буй хохирлыг” тооцвол төсвийн хуваарилалт нь “гол хөшүүрэг” болох гэнэ.

Түүнчлэн Фихэри батлан хамгаалахын төсөв болон өрийн таазыг сунгах асуудлын аль алиныг нь батлахын тулд хоёр намын хамтарсан дэмжлэг шаардлагатай байгааг тэмдэглэв.

Ардчилсан намынхан Конгрессын хоёр танхимыг хоёуланг нь тэргүүлж байгаа тул албан ёсны сонсгол, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх мэдэл нь хавьгүй нэмэгдэж, улмаар “дайныг олон нийтийн дунд нэр хүндгүй болгох, мөн дайныг удирдаж буй хэд хэдэн гол тоглогчдыг шахаж, албан тушаалаас нь огцруулах” боломжтой гэж Мусгрейв хэллээ.

Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга, мөн Пит Хегсет суудлаасаа хөдөлж магадгүй байна. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй Бүгд найрамдах намын Сенатч Том Тиллис CBS News сувагт өгсөн ярилцлагадаа Хегсет Ираны дайнд гүйцэтгэсэн үүргийнхээ төлөө “хариуцлага хүлээх” болно гэсэн бол Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ардчилсан намын Жэйсон Кроу батлан хамгаалахын тэргүүнийг “чадамжгүй бөгөөд авилгад идүүлсэн” хэмээн тодорхойлжээ.

Гэвч Мусгрейв илүү том тэмцэл нь Трампын засаг захиргаа Конгрессын төсвийн хязгаарлалтыг дагаж мөрдөхөөс татгалзаж буй асуудал дээр өрнөнө гэдгийг анхааруулав. Тэрбээр ерөнхийлөгчдөөс хилийн чанадад дайн эхлүүлэхийн өмнө Конгрессоос зөвшөөрөл авахыг шаарддаг боловч урьд өмнө нь олон ерөнхийлөгчид тойрч гарч чаддаг байсан “Дайны эрх мэдлийн тухай хууль”-иас илүүтэйгээр төсвийн асуудлаар олон маргаан гарна гэж хүлээж байна гэлээ.

АНУ ДАЙНД БЭЛДСЭЭР БАЙНА УУ?

Тийм ээ, дипломат хүчин чармайлт болон Катарын зуучлалаар явуулж буй хэлэлцээ үргэлжилж байгаа хэдий ч бэлтгэл үргэлжилсээр байна.

Мягмар гаригт америкчууд саналаа өгч байх зуур АНУ-ын зэвсэгт хүчин Хормузын хоолой дахь Ираны Кешм арал руу цохилт өгсөн бөгөөд энэ нь өнгөрсөн зургадугаар сараас хойшхи анхны довтолгоо боллоо. АНУ-ын албаны хүмүүс уг цохилтыг “хамгаалалтын шинжтэй” гэж тайлбарлаж байна.

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд албаны эх сурвалжуудыг эш татан мэдээлснээр, Зэвсэгт хүчний Төв командлал лхагва гариг гэхэд эхэлж болзошгүй цохилтын бэлтгэлийг хангасан бөгөөд АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч гурван хөлөг онгоц тус бүс нутагт байрлаж байна.

Түүнчлэн Трамп сонгуулийн шөнө The Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа ойрын хугацаанд шинээр цохилт өгөх ямар нэгэн төлөвлөгөө байхгүй хэмээн мэдэгджээ.

Gulf State Analytics компанийн гүйцэтгэх захирал Жорж Кафиеро хэлэхдээ, Трамп “Иранчуудыг оролцуулаад хүн бүрийг байнгын тааварлашгүй байдалд үлдээдгээрээ бахархдаг” гэжээ.

Дунд хугацааны сонгууль ард хоцорсон тул “Трамп одоо надад алдах зүйл байхгүй гэж дүгнээд, энэхүү хямралыг эрс хурцатгах замыг сонгож магадгүй” гэж Кафиеро Al Jazeera-д ярив.

Ардчилсан намынхан “2027 оны нэгдүгээр сар хүртэл эрх мэдлийг гартаа авахгүй” гэдгийг тэрбээр тэмдэглээд “Тиймээс Трамп ирэх саруудыг Тегераны эсрэг маш түрэмгий алхам хийх боломжийн цонх гэж харж магадгүй юм” гэлээ.

Тегераны хувьд аливаа халдлагад хариу цохилт өгөхөө хэдийнэ амлаад байгаа билээ. Дипломат ажиллагаа үүнтэй зэрэгцэн өрнөж байна.

Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажед аль-Ансари Вашингтон болон Тегеран “хэлэлцээний үйл явцад үнэнч хэвээр байна” гэж мэдэгдсэн ч Ираны тал Хормузын хоолойг дахин нээх нөхцөлийн талаарх АНУ-ын хамгийн сүүлийн хариуг “итгэл үнэмшилгүй” хэмээн нэрлэжээ.

Кафиеро Дохагийн зуучлал нь “зөвхөн хоёр тал гол асуудлууд дээр буулт хийх хүсэл эрмэлзэлтэй байгаа тохиолдолд л амжилтад хүрч чадна” гээд, “Катарын дэмжлэгтэйгээр байгуулагдаж болох аливаа дипломат зохицуулалтыг нураахын тулд Израиль чадах бүхнээ хийх болно” гэж нэмж хэлэв.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Мягмар гаригт хийсэн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, нэр төрөө сэргээлгэх мэдэгдлийн араас Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг товч тоймловол “Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид бүгд шалгуулах ёстой. УИХ-ын халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй. Төгрөг нуурын ордыг $250 саяар зарсан асуудлаар хуулийнханд ахин хандана. Мөн тэдэнд хугацаатай үүрэг өгнө. Гашуунсухайтын төмөр замын төсөл болон МАН-даа ч хөндлөнгийн аудит оруулна” гэсэн нь нэг талаас улс төрийн цэвэрлэгээгээ эхлүүлж буй хүний үг байв. Нөгөө талаар улсаа авлигаас чөлөөлж чадах уу гэсэн асуулт үлдээв. Улс төрөө ч, улсаа ч цэвэрлэж чадвал Н.Учралын ирээдүйн карьерт хэрэгтэй.

Nov 18, 2026

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!