

Ардчилсан нам засагт хамтрах тухай ахиад нэг “гүтгэлэг” цацагдав. Гүтгэлэг гэдэг нь Ардчилсан намын дунд засагт хамтрах тухай яриа огтоос хөндөгдөөгүй агаад МАН-ын Засгийн газарт хамтрахгүй гэдгээ сөрөг хүчний гишүүд хатуухан агаад шулуухан илэрхийлэв. Угаасаа ч АН-ын удирдлагууд болох О.Цогтгэрэл, С.Баярцогт, Б.Түвшин нар МАН-ын Засгийн газарт Ардчилсан нам хамтрахгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн.
Тэгэхээр нэгдүгээрт, Ардчилсан нам Засгийн газарт хамтрах асуудал намын төвшинд огтоос яригдаагүй. Хэрэвзээ, хамтрах асуудал яригдахад хүрвэл бүлэг дангаараа мэдэхгүй, Үндэсний бодлогын хороогоор хэлэлцэж, олонхын саналаар шийднэ гэж үндсэн дүрэмдээ заажээ.
Хоёрт, Ардчилсан намынхны дунд хардлага төрүүлэх зорилготой, хэн нэгний шидсэн яс байх магадлал ихээхэн өндөр. Гуравдугаарт, Ардчилсан намын нэрийг ашиглан Н.Учралын Засгийн газрыг түнших, ингэхдээ түүний байр суурийг ганхуулах гэсэн аль нэг бүлэглэлийн “алсын хараа” байж мэднэ.
Н.Учралын талд зогсох 38+ талын сайд нарыг цөөлөх, өөрсдийн хүнээ засагт нэмэх нь Гэрэгэ бүлэглэлийн тактик байхыг үгүйсгэхгүй. Хэрэвзээ Н.Учрал үнэхээр танхимдаа сэлгээ хийж, хариуцлага тооцмоор байгаа бол түүний томилгоог удаа, дараа бойкотолсон Ч.Номин, Н.Номтойбаяр гэх хоёр сайдаа юуны өмнө явуулах ёстой юм. Учир нь, Гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ томилгоог эсэргүүцэж буй сайд нар зарчмын хувьд өөрсдөө ч өргөдлөө өгөх ёстой.
Нөгөө талаас АН-ыг засагт урих эсэхийг МАН-ын Бага хурлын олонхын саналаар шийднэ. Тэгэхээр АН-ыг онилсон ээлжит "гүтгэлгийн" цаад зорилго нь Б.Чойжилсүрэнг засагт шахах гэсэн заль гэж уншигдаж байна.
Гэвчиг Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед энэ салбар авлига, хулгайн үүр овоохой болоод зогсохгүй 10 аймгийн станц "алга болсон" гашуун түүх бийг мартаж болохгүй. Тэр ч бүү хэл Дулааны хоёр ч цахилгаан станцад аваар осол гарч, хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт хэрэг гарсан билээ.
Тохуутай нь, томилогдсон цагаасаа тэрбээр тог, цахилгааны хомсдлыг яаж шийдэх вэ гэсэн асуултад аргална даа гэж ам тагладаг ганц үгтэй явж ирсэн. Улаанбаатарын утааг хэрхэн бууруулах вэ гэсэн хэвлэлийнхний асуултад "салхи гарахгүй байна" гэж хариулдаг л сайд байлаа. Ийм хүнд эдийн засгаа хариуцуулна гэдэг чононд хонио мануулсантай ялгаагүй болно.
Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв гэсэн 10 аймагт дулааны станц барихаар БНСУ-ын Экзим банкнаас Монгол Улс $110 саяын хөнгөлөлттэй зээл авсан. Харамсалтай нь, Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед энэхүү төсөл дампуурсан байдаг.
Улаанбаатар хотод Б.Чойжилсүрэнгийн цементэн ширэнгэ босохын хэрээр эсрэгээрээ нийслэлчүүдийн лаа барьж, цахилгааны хязгаарлалтад орсон хоногуудын тоо нэмэгдсэн. Тэгэхээр Монголын эрчим хүчний салбарыг "аргалж" дийлээгүй Б.Чойжилсүрэн эдийн засгийг хөгжүүлнэ гэдэг үлгэр юм. Ийм үлгэрт захын эмгэн ч хууртагдахааргүй болсон биз.
Харин түүнийг засагт шахах гэсэн Женко бүлэглэлийн цаад зорилго нь улс орны эдийн засгийг гацаах ээлжит "цэрэг танкны үлгэр"-ээ хэрэгжүүлэх зорилготой байх вий. ОХУ-ын Элчин сайдын үг, араас нь залгуулсан ээлжит сэвээнүүд, "ард түмний хандивын колонк" зэрэг нь "Роснефть"-ийн ШТС-ыг дотооддоо оруулж ирэх гэсэн Кремлийн даалгавартай, "Баянгол" зочид буудалд бичигдсэн сценари байхыг хэн мэдэх билээ.
Б.ЦОГТ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.