

Нарийн тооцвол УИХ-ын сонгууль болоход бараг жил хагасын хугацаа үлдэж байна. Харамсалтай нь, Ардын намын рейтинг унахын хэрээр Ардчилсан намын рейтинг унасаар.
Нэн ялангуяа Ардчилсан нам нэг хэсэг “бүлэг” төвтэй улс төр хийсэн нь ч үүнд сөргөөр нөлөөлсөн. Үнэндээ, О.Цогтгэрэл, Б.Жаргалан, Х.Тэмүүжин гэх нэр бүхий цөөхөн хүн л микрофон ард дүр бүтээж зогсдог байсан билээ.
Хэрэвзээ Ардчилсан нам “АН-ын 4:11” гэх хэвлэлийн тогтсон хуралтай бол тэр нь зөвхөн бүлгээр хязгаарлагдах ёсгүй. Улс төр хөөж яваа залуусаа танилцуулах, тэдний үзэл бодол, дуу хоолойгоо хүргэх индэр болох учиртай.
Түүнээс зөвхөн бүлгийн гишүүд л үг хэлэх учиртай тайз бол АН-ын бүлэг гэх тодотголтой хэвлэлийн малгай өмсгөх ёстой болов уу.
Нөгөө талаар АН-ын гишүүд сүүлийн үед подкаст, лонгформ ярилцлагын форматаар өөрсдийн бодлого, үзэл бодлыг таниулахад багагүй ач холбогдол өгөх болжээ. Харамсалтай нь, энэ тэднийг олон нийтэд таниулах хүртлээ багагүй хугацаа орно. Атал сонгууль ойртож байдаг, АН-ын гишүүдийн улс төр учраа нэг л олдоггүй ээ. Уг нь Төрийн ордноос, подкастаа хийдэг дулаахан, тохилог байшингаасаа гараад алхвал Монголоор дүүрэн сэдэв байна.
Н.Учралын чөлөөлье акцын эсрэг Ардчилсан нам өөрчилье аянаа эхлүүлсэн. Гэвчиг энэхүү аян Монголыг өөрчлөх хүсэл зориг, итгэл үнэмшил иргэдэд төрүүлэхгүй байгаа нь үнэн.
Жишээлбэл, нийслэл Улаанбаатарт өөрчлөх, шинэчлэх асуудал үй түмээрээ бий. Тэр тусмаа нийслэлийн Ардчилсан намд тэмцэх, өөрсдийнхөө таниулах асуудал цөөнгүй байна. Гэтэл дөрвөлжин, гурвалжин, бөөрөнхий ширээний ард сууцгааж гоё бодлого, гоё үлгэр ярихыг нь олон нийт олж сонсох нь юу л бол. Нэг хэсэг нийслэлийн Ардчилсан намын гэх Женко.Баттулгын залуус гитар бариад дүүрэг, дүүргээр аялан тоглолт хийсэн. Үр дүн где. Улс төрийн аян, акц тодорхой үр дүнтэй байхгүй бол өөрсдийнхөө рейтингийг сүйрүүлдэг, сөрөг оноо цуглуулдаг.
Үнэнийг хэлэхэд, маргааш сонгууль болсон ч нийслэлд Б.Пүрэвдагва, МАН ялж мэднэ. Яагаад гэвэл нийслэлийн Ардчилсан нам тэр чигтээ Женко.Баттулгын хүмүүсээр дүүрсэн. Өнгөрсөн 2024 оны сонгуулиар Улаанбаатарт МоАХ буюу Женко.Баттулгын хүмүүс бүхэлдээ нэр дэвшсэн. Х.Нямбаатарт нэг талаасаа бууж өгөх тохиролцоо байсан ч байх. Нөгөө талаасаа Женкогоос иргэд, сонгогчид үргэх шалтаг, шалтгаан ч болсон.
Өнгөрсөн сонгуулийн санал хураалтын дүнгээс харахад нийслэлийн хэмжээнд ирц ердөө 42.2 хувьтай өндөрлөсөн. Энэ нь сонгуулийн насны нийслэлчүүдийн 57.8% нь буюу талаас илүү хувь нь саналаа өгөөгүй, сонгуульдаа оролцоогүй гэсэн үг юм. Орон нутгийн сонгуульд 50 хувийн ирцийн босго заадаггүй, хамгийн их санал авсан нь шууд гардаг тул ийнхүү маш бага ирцтэйгээр МАН нийслэлд дахин олонх болж, Х.Нямбаатар хотын даргын албаа үргэлжлүүлж байсан билээ.
Энэ тоо чухам юуг харуулж буй болон эл статистикийн учир шалтгаан дээр Ардчилсан нам уг нь ид ажиллаж байх учиртай байлаа. Даанч нийслэлийн Ардчилсан нам Женко.Баттулгаас салж өгөхгүй нь бололтой. Хэрэвзээ салж өгөхгүй бол ахиад Ардын намд ар дагзаараа нам савуулна гэсэн үг.
Ардчилсан намын гишүүд подкастаа хийнэ уу, концертоо тоглоно уу, тэдний дурын асуудал. Гэхдээ подкаст нь нийт сонгогчдын тодорхой хувьд хүрэх боломжгүй. Угаасаа ч урт, уйтгартай подкаст үздэг, сонсдог сонгогч ховордсон. Жишээ нь, нийслэлийн Ардчилсан намын дарга мянга подкаст хийсэн ч нийслэлийн Ардчилсан намын гишүүд нь ч бараг танихгүй шахуу хоцорно. Зүй нь, хотын хулгай, дээрмийг илчлээд Х.Нямбаатарын багийнхны авлига, луйврыг дэлгээд ард иргэдэд хэдийнэ танигдах улс төр хийх байтал энэ мэт айгаад чацга царайлаад сууж байна.
Үндсэндээ ганц эмэгтэйг гүйцэх хэмжээний улс төр хийх хүн бүхэл бүтэн нийслэлийн Ардчилсан намд алга байна. Аргагүй байх л даа, том эрх ашгаараа Женко.Баттулга, Х.Нямбаатар хоёр нэг мафийнхан, нэг төслийн хоёр зарц шүү дээ.
Хоёрдугаарт, нийслэлд Ардчилсан нам зөв хүнээр удирдуулж, сонгуульд оролцохгүй мөртлөө өвдөг шороодсон хойноо өөрсдийнхөө алдааг сонгогчид руугаа чихэж уйлах хэрэггүй. Эртхэн сануулж буйн учир нь, хэрэвзээ Ардчилсан намд Улаанбаатарт ялах чин хүсэл бий бол Женко.Баттулгын багаас салах шаардлагатай.
Үгүй бол мянга сайхан подкаст хийгээд ч Женко, Нямбаатар хоёр нэг тэрэгний хоёр дугуй гэсэн ойлголт нийслэлчүүдийн тархинд хэдийнэ суучихсан. Иргэд чонын амнаас барын аманд орохгүй гэсэндээ л Женко.Баттулгад “салаавч” өгөөд байгаа юм шүү дээ.
Б.ЦОГТ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.