

Монголбанкны өнгөрсөн 7-р сард хийсэн санал асуулгаар 2026 оны II улиралд банкууд иргэд, ААН-д олгосон зээлийн шалгуураа бага зэрэг сулруулжээ. Ингэхдээ том банкууд иргэдийн зээлийн шалгуурыг сулруулсан бол жижиг банкууд эсрэгээр чангаруулжээ.
Дараагийн улирлын төлвөөр банкууд ААН-ийн зээлийн шалгуураа үргэлжлүүлэн бага зэрэг сулруулах бол иргэдийн зээлийн шалгуур хэвээр хадгалагдахаар байна.
Зээлийн эрэлтийн хувьд ААН, иргэн аль аль нь өсөлттэй төдийгүй дараагийн улиралд ч нэмэгдэх төлөвтэй байгааг судалгаа харуулжээ. Харин зээлийн нийлүүлэлтийн хувьд ирэх улиралд банкууд ААН-ийн зээлийн нийлүүлэлтээ бага зэрэг өсгөх, үүнд том, дунд болон жижиг банкны нийт ангилалд харьцангуй ижил түвшинд нэмэгдүүлэх хүлээлттэй байна. Иргэдийн зээлийн нийлүүлэлтээ банкууд мөн бага зэрэг өсгөх хандлагатай бөгөөд жижиг болон том банкууд дунд банкуудаас илүүтэй нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Аж ахуйн нэгжийн зээлийн шалгуурыг сулруулахад нийт эрсдэл /үүнд, эдийн засгийн нөхцөл байдал, тухайн салбарын төлөв байдал, барьцаа хөрөнгийн эрсдэл/ болон эх үүсвэрийн зардал буурч, эрсдэл даах чадвар нэмэгдсэн нь голлох нөлөөг үзүүлсэн гэжээ. ААН-ийн зээлийн шалгуурын өөрчлөлтийг зээл олгогдсон салбарын ангиллаар авч үзвэл банкууд худалдаа, үйлчилгээний салбарт олгосон зээлийн шалгуураа сулруулж, харин бусад салбарт олгосон зээлийн шалгууртаа төдийлөн өөрчлөлт оруулаагүй байна.
Банкууд ирэх улиралд ААН-д олгох зээлийн шалгуураа бага зэрэг сулруулах төлөвтэй байна. Зээлийн шалгуурын төлөвийг салбарын ангиллаар нь авч үзвэл боловсруулах салбарын зээлийн шалгуурын бууралт нийт бууралтын ихэнх хэсгийг тайлбарлаж байгаа бол худалдаа, үйлчилгээ болон ХАА-н салбарын зээлийн шалгуурын бууралт бага зэрэг нөлөөтэй байна.
ААН-ийн зээлийн нөхцөлийг салбараар авч үзвэл 2026 оны II улиралд банкууд барилгын салбарт олгосон зээлийн нөхцөлөө бага зэрэг, худалдаа, үйлчилгээний салбарт давамгайлан сулруулсан байна. Өнгөрсөн хугацааны ерөнхий хандлагыг харвал 2022 оны эхэн үеэс 2023 оны сүүл хүртэл банкууд ААН-ийн зээлийн нөхцөлөө чангаруулах хандлагатай байсан ба энэ нь худалдаа, үйлчилгээний салбарт давамгай илэрч байжээ. Харин 2024 оны эхэн үеэс зээлийн шалгуурын нөхцөлийг харьцангуй тогтвортой, бага зэрэг бууруулсан хандлагатай байсан бөгөөд энэ нь мөн л худалдаа, үйлчилгээний салбарын зээлийн нөхцөлд давамгайлан илэрсэн байна.
ААН-ийн зээлийн эрэлтийг салбараар ангилан авч үзвэл 2026 оны II улиралд ААН-ийн бүх салбарт зээлийн эрэлт нэмэгдсэн, тэр дундаа худалдаа, үйлчилгээний салбарын зээлийн эрэлт хамгийн их хэмжээгээр өссөн буюу нийт өсөлтийн дийлэнх хэсгийг эзэлж байгаа бол боловсруулах, барилга болон уул уурхайн салбарт зээлийн эрэлт ойролцоо хэмжээгээр нэмэгдсэн байна.
Иргэдийн зээлийн нөхцөлийг зээлийн төрлөөр авч үзвэл 2026 оны II улиралд банкууд иргэдэд олгох бизнесийн болон малчны зээлийн нөхцөлийг маш бага индексийн утгаар сулруулжээ. Өнгөрсөн хугацааны ерөнхий хандлагыг харвал 2022 оны иргэдийн зээлийн нөхцөлийг чангаруулж байсан хугацаанд бизнесийн зээлийн төрөлд илүүтэй чангаруулах нөлөөтэй байсан бол түүнээс хойш зээлийн нөхцөлийг сулруулсан хугацаанд мөн адил бизнесийн зээлийн төрөлд бусад зээлийн төрөлтэй харьцуулахад илүү давамгайлан сулруулж байсан дүр зурагтай байна.
Иргэдийн зээлийн эрэлтийг зээлийн төрлөөр нь авч үзвэл, 2026 оны II улиралд цалингийн зээлийн эрэлт хамгийн өндөр байсан бөгөөд иргэдэд олгосон бизнесийн зээлийн эрэлт ойролцоо түвшинд удаалж, нийт өсөлтийн дийлэнх хэсгийг бүрдүүлжээ. Харин тэтгэвэр болон малчны зээлийн эрэлт харьцангуй бага хэмжээгээр нэмэгджээ.
Иргэдийн зээлийн эрэлтийн төлвийг авч үзвэл зээлийн эрэлт, тэр тусмаа ялангуяа цалин болон тэтгэврийн зээлийн эрэлт өндөр байхаар байна.

Олон улсын мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.