

Английн зохиолч Самуэль Жонсоны хэлсэн “Эх оронч үзэл бол адгийн шааруудын хамгийн сүүлчийн хоргодох газар мөн” гэсэн алдарт үг байдаг. Эх орончийн баг зүүсэн олон хулгайч, луйварчид эх орноо тонож, эх орноосоо хулгайлсан бодит факт ч олон. Иймээс эх орон, эх оронч гэх үг иргэдэд итгэл төрүүлэхээ болиод удаж байгаа. Товчхондоо, Монголын улс төрд “эх оронч үзэл” нь хэтэрхий хуучирсан концепци, зурагдсан пянз болсон. Тиймээс адгийн шаарууд шинэ зэвсэгтэй болсон нь: Адам Смит, чөлөөт зах зээл ба ардчилал гэх үг.
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар сүүлийн үед Адам Смитийн онол, эдийн засгийн эрх чөлөө, ардчилал, хүний эрхийн талаар ихээхэн ярих дуртай болжээ. Хоржоонтой нь, тэрбээр хотын дарга байхдаа өнөөдөр ярьж байгаа Адам Смитийн онол, ардчилал, эрх чөлөөний эсрэг үг-үйлдэл гаргаж явсан. Үүнийг нь нотлох баримтууд гүүглээс хайхад л хар мянгаараа гарч ирнэ.
Хамгийн сүүлд тэрбээр Туулын хурдны замын хулгай, луйврыг нь илчилсэн хотын иргэдийн эсрэг хорооны ахмадуудыг турхирч, айлын хашааны гадаа микрофон барин orientation хийж явснаа мартчихсан уу, аль эсвэл биднийгээ амархан маллачихна гэж бодсон уу, ямартай ч Адам Смитийн “Үл харагдагч гар”-ын тухай номлол уншиж суух даажинтай хийгээд даапаантай.
Туулын хурдны замын төслийг нь шүүмжилсэн хүн болгон руу агсарч, “Надтай үзэх хүмүүс байвал нэг нэгээрээ гараад ир”, “Намайг алчихаад төслийг зогсоогоорой” гэж гудамжны балмад этгээд шиг авирлаж, галзуурч, танхайрч явсан нь болсон явдал. Улс орноороо түүнийг хэрхэн галзуурахыг харцгаасан, халаглацгаасан. Атал өнөөдөр ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд хайртай болжээ, тэрбээр. Цагтаа иргэдээ загнадаг, элдвээр буллидье гэж уриалдаг, нэр төрд нь халддаг, цэрэг цагдаагаар айлгадаг, тролл, ботуудаараа дарамтлуудаг дарга явсан нь бас л бичлэгтэйгээ.
Х.Нямбаатар хэзээ ч ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн дарга байгаагүйг түүний бодлого-шийдвэр, үг-үйлдэл болгон нотолно.
Ах дүү, амраг садан, анд нөхдөөрөө нийлээд хотын хөрөнгө мөнгө, төсөв, тендер болгоныг хамж, тонож явсан экс дарга классик либерализмыг эцгийн нэрийг бариад эрх мэдэлд эргэж очихоор улайрч байгаа нь эмгэнэл юм. Адам Смитийн гол онолыг товчхон утгачилбал нийгэмд хэн нэгэн дээрээс бүхнийг зааж чиглүүлэх шаардлагагүй, хүн бүр өөртөө ашигтай зүйлийг хийхийн тулд хичээж ажиллахад аяндаа нийгэм бүхэлдээ хөгжиж, амьдрал дээрддэг гэх үзэл санаа.
Харамсалтай нь, яг энэ онол, үзэл санааны чанх эсрэг үзэлтэй, бусдын эд хөрөнгийг хураая, дээрэмдье, нураая гэсэн шийдвэр гаргаж ирсэн, том төрийг байгуулж, төрийн эрх мэдлийг данхайлгаж, иргэдийн эрх чөлөөг хумьж явсан хотын дарга асан Х.Нямбаатар Адам Смитийн нэрийг дурдах нь бүү хэл ардчилал гэх үгийг ч хэлэх ёс суртахуунтай, үнэт зүйлтэй хүн биш.
Адам Смитийн номлолоор төр зөвхөн "шөнийн манаач" байх ёстой. Гэтэл иргэдийнхээ хаалгыг өдөр очиж цохиж, иргэдээ хоёр хуваан турхирдаг, олон нийтийг оноожуулах нэрээр дарангуйллын системийг угсрахаар даналзаж явсан "идэвхтэй төр"-ийн удирдагч асан хэзээд ч чөлөөт зах зээлийн төлөөлөгч, ардчиллыг хамгаалагч болж чадахгүй. Х.Нямбаатарын үед хотын төсөв данхайсан. Гурван жилийн хугацаанд 11 их наядын төсөвтэй, нийслэлийн татварын байцаагч нарыг Арабаар аялах эрхээр шагнадаг дарга байсан нь худлаа гүтгэлэг мэдээж биш.
Авто замын сангийн орлогыг нэмэгдүүлэ, түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины татвар, хураамжийг 2-оос 5 тэрбээр дахин нэмэгдүүлсэн. Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг 1 хувь байсныг хуулийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ болох 2 хувь болгон нэмэгдүүлсэн. Үүнийг эцсийн хэрэглэгчид халааснаасаа төлдөг болсон. Иргэд болон аж нэгжүүдийн сар бүр төлдөг хог хаягдлын үйлчилгээний хураамжийн тарифыг шинэчлэн нэмэгдүүлсэн ч хот нь хогондоо дарагдсан хэвээрээ л үлдсэн. Х.Нямбаатарын шийдвэрээр 1400 гаруй ТҮЦ-ийг албадан нүүлгэсэн. Гэх мэтчилэн.
Тохуутай нь, өнөөдөр ардчилал ба чөлөөт зах зээл адгийн шааруудын сүүлчийн хоргодох газар болж хувирчээ. Монголын улс төрд зарчим гэж байхгүй, зөвхөн ашиг сонирхол, түүнийг халхавчлах "онолын шошго" л гэж бий. Тэд ашиг сонирхлоо Адам Смитийн нэрээр халхавчлах юм гэнэ дээ, ёстой “Та нар битгий галзуураад байгаарай” гэх үгийг та нарт өөрсдөд чинь хэлье!
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 8-р сарын 11
2026 оны 8-р сарын 13
2026 оны 8-р сарын 13
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 12
2026 оны 8-р сарын 11
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 11
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 13
2026 оны 8-р сарын 16