

Ерөнхийлөгчийн суудал ганц, горилогчдын тоо хар мянга. 50+ нас хүрсэн болгон Ерөнхийлөгчийн суудалд тэмүүлж, олон нийтэд таалагдах үг-үйлдэл гаргах гэж өөрийгөө зарим нь булшилж явна.
УИХ-ын сонгуулиас ялгаатай нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч ганц тойргоос гарч ирэхгүй, бүх ард түмнээс сонгогдоно. Товчхондоо, улстөрчдийн хувьд супер финал юм. Жижиг гарааны тоглогчдын оролцдог тэмцээн мэдээж биш, карьерынхаа оргилд хүрсэн хүнд жинтэй тулаанчид л ордог ринг.
Энэ удаагийн сонгуульд аль нам ялах тухай биш аль бүлэглэл ялах вэ гэсэн том тулаан улс төрд өрнөж байна. Шинэ Ерөнхийлөгч парламентын хоёр ч сонгуулийн нүүрийг үзнэ. Тэгэхээр Ерөнхийлөгчид хэн нэр дэвшихээс илүү хэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болохгүйг ярих ёстой, сургамжит жишээ бол Х.Баттулга байна.
Хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай, автократ дэглэмтэй их гүрний дунд орших Монголын дараагийн Ерөнхийлөгч хэн байх вэ гэхээс дутуугүй сонирхолтой асуулт нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаачих вэ?
Х.Нямбаатарын бодож, бичиж байгаачлан найман сарын дараа У.Хүрэлсүх шууд тэтгэвэртээ гарчихгүй нь тодорхой юм. Биологийн насны хувьд тэтгэвэртээ суух цаг нь болоогүй. Монгол Улсад мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын хууль, тогтоомжид зааснаар НДШ-ийн 22 жил 6 сарын нөхцөлийг хангасан 60 нас хүрсэн эрэгтэйд тэтгэврээ тогтоолгох эрх үүснэ. Харин У.Хүрэлсүх жилийн дараа 59 нас хүрнэ.
Улс төрийн насны хувьд тэрбээр ид үе дээрээ байгаа. Түүнээс 10 ах, өдгөө 68 настай Н.Алтанхуяг гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж яваагаа зарласан. У.Хүрэлсүхээс тав ах Х.Баттулга супер эрх мэдэлтэй Ерөнхий сайд болохыг мөрөөддөг. Н.Алтанхуягтай нас эн чацуу Н.Энхбаяр хүүгээрээ дамжуулан өөрийнхөө улс төрийн хийж яваа. Ингээд харвал одоогоор өөрөө гардан тулаанд ороогүй ч Монголын улс төрийг хөшигний араас удирдаж яваа У.Хүрэлсүх доголон нугас болчихоогүй байна. Хэдийгээр улс төрийн оргил дээрээс уруудаж яваа лидер болгоны дайрч гардаг уруу жим бий. Гэхдээ энэ жимээр У.Хүрэлсүх уруудах эсэх нь түүний өөрийнх нь эр зориг болон ухаанаас шалтгаална. Үндсэндээ ирээдүй цаг дээр нь нэр байхгүй улстөрчийг доголон нугас гэдэг. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, карьер нь уруудаж яваа, гадагшаа шувуу болоод зугтчихсан Х.Нямбаатарын нэр үнэндээ ирээдүй цаг дээр алга байна.
Нэг.
Жил хүрэхгүй хугацааны дараа У.Хүрэлсүхийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусна. Түүнийг хугацаа нь дуусаад буугаад ирэхээр нь улс төрд хөлийг нь дөрөөнд, газрыг нь ганзаганд хүргэж өгсөн дүү нар нь урдаас нь зодоход бэлдээд араа шүдээ хурцлаж суугаа. Ардчилсан намтай ч хор, хов хутгаж яваа. Энэ бүгдийг У.Хүрэлсүх мэдэхгүй, тооцохгүй яваа гэвэл машид тэнэг дүгнэлт болно. Монголын улс төрийн “ноён оргил”-д нь суусан, өнөөгийн улстөрчдийн дунд стратегич болтлоо улстөрд нухлуулсан, ухарч, давшилж үзсэн хүний хувьд У.Хүрэлсүх очих, буух, суух газраа хэдийнэ товлочихсон нь тодорхой.
Тэрбээр хэнтэй ч, ямар ч улс төр хийж чадах эр зориг У.Хүрэлсүхэд бий. Улс төрийн сайн, мууг тооцох, харах туршлага ч багагүй суусан. Хэн ямар заль хэрэглэх, хэрхэн пиар хийх, хаанаас нь яаж довтлохыг угтуулж хардаг улс төрийн гроссмейстер байж чадсан нь тулаанд ялна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн" гэж заасан байдаг. Таван жилийн өмнө У.Хүрэлсүх “Ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн Төрийн тэргүүн байна” гэж Ерөнхийлөгчийн тангараг өргөж байсан. Мөн улс төр, үзэл бодол, баян хоосон, нутаг усны талцал хуваагдлаас ангид байж, үндэсний нийтлэг эрх ашгийн төлөө ард иргэдийг нэгтгэх үүрэгтэй. Тиймээс өөрийн нүүрээрээ ил тод гарч, улс төр хийх боломжгүй, зохимжгүй.
Хоёр.
Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар гудамжнаасаа салаагүй улстөрчид болохоо үг-үйлдлээрээ таниулсаар байгаа. Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүчээр намын дарга, Ерөнхий сайд болоогүй. У.Хүрэлсүхийн ил цагаан дэмжлэгтэйгээр МАН-ын дарга болсон, Монголын Ерөнхий сайд ч болж үзлээ. Хувь хүнийх нь намтрынх нь оргил цэг мөн боловч улс орны хувьд ямар хүнийг Ерөнхий сайдаар тавьж болдоггүйн гашуун жишээ болж тэр үлдэж байна.
Улс төрд хэл амтай, хэрүүлч заргач нь ялдаг юм биш, хэр стратеги, тактикийг зөв хослуулж чадсан нь ялдаг.
Х.Нямбаатарт хараал ерөөлөөсөө давж харах улстөрчийн зангараг, асуудлаа тооцож нүүх тактик алга. Олон нийтийн сүлжээнд гудамжны явган хэрүүл хийхээс үнэндээ тэрбээр хэтэрсэнгүй. Тэр мөртлөө хэн чанга хашгирсных нь ч зөв байдаггүйг хэрсүү сонгогчид хэдийнэ гадарладаг болсон. Угтаа улс төрд дуугүй байх нь заримдаа илүү дутуу үгнээс дутахааргүй том тактик болдог.
Ялагдах хүн явган хэрүүлээр улстөрждөг бол ялах хүн гурван нүүдлийн наад, цаадахыг давж хардаг.
Улс төрийг муйхар ухаанаар хийвэл улс төрийн зам нь мухарддаг. Улс төр стратеги болон тактикийн нийлбэр тэмцээн. У.Хүрэлсүхэд стратеги нь ч, тактик нь ч хоёулаа бий. Армийн офицероос Монгол Улсын бүх цэргийн командлагч болсон, хурандаа хүний хувьд тактик сайтай. Улс төрд нэг номерын стратегич болтлоо чанагдсан. Тиймээс У.Хүрэлсүхийн улс төр найман сарын дараа л эхэлнэ.
Тэр үед тэрбээр бүх ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг биш иргэн У.Хүрэлсүх болсон байна. Өөрийн нэр, нүүрээ ил гаргаад улс төрөө ил тод хийх биз. Эргээд МАН-ын дарга болох нь түүний дараагийн улс төр байх болов уу. Учир нь, МАН-д төдийгүй Монголын улс төрд лидерийн хэмжээнд биеэ бэлдсэн бас туршлагажсан ганц хүн нь өнөөдрийн хувьд У.Хүрэлсүх гэж харагдаж байна.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.