

Anthropic компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодей болон түүний гэргий Камилла Кларк нар Нью-Йорк дахь Nasdaq MarketSite биржид Anthropic-ийн IPO-ны нээлтэд хүрэлцэн ирж буй нь. 11-р сарын 19.
Хиймэл оюун ухааны судалгааны Anthropic PBC компанийн хэмжээг нь нэмэгдүүлсэн $107.3 тэрбумын анхдагч зах зээлийн арилжаа (IPO) болон хаалттай хүрээний хувьцааны арилжаа SpaceX-ийн дээд амжилтыг эвдсэний дараа тус компанийн хувьцаа биржийн бус (gray market) арилжаагаар өндөр ханштай нээгдэх төлөвтэй байна.
Bloomberg (2026-11-19)
Онлайн брокерын IG International компанийн санал болгож буй деривативууд ойролцоогоор 27%-ийн өсөлт үзүүлэх төлөвтэй байгаа бол Hyperliquid блокчэйн дээрх хугацаагүй крипто фьючерсүүд Anthropic-ийн IPO үнээс мөн үүнтэй ижил хэмжээний өндөр үнээр арилжаалагдаж байна.
Энэ сард Женсен Хуанг огцруулсны дараа Nvidia Corp.-ийн хувьцаа огцом унаж, хиймэл оюун ухааны дэд бүтцийн бүтээн байгуулалтын өсөлтийн талаарх болгоомжлол нэмэгдэж буй энэ үед Claude чатботыг бүтээгчийн пүрэв гаригт Нью-Йоркт хийх арилжааны нээлт нь технологийн салбар дахь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах чухал үйл явдал болж байна. Bloomberg-ийн дата мэдээллээс харахад энэ онд АНУ-ын биржүүд дээр хувьцаагаа гаргасан компаниудын хувьцааны ханш жигнэсэн дунджаар 4% орчим буураад байгаа юм.
Парис хотод төвтэй хөрөнгө удирдлагын Stilgar AM компанийн гүйцэтгэх захирал Жак-Орельен Марсиро “Зөв үнэлгээтэй IPO-ны хувьд цаашид өсөх бага зэргийн орон зайг үргэлж үлдээх шаардлагатай байдаг” гээд Anthropic-ийн хувьд “ирэх жилүүдэд өөрийгөө батлан харуулах үүрэг хариуцлага асар их байх болно” хэмээн онцоллоо.
Хэрэв биржийн бус арилжааны энэхүү эерэг үзүүлэлтүүд үндсэн зах зээлийн нээлт хүртэл хадгалагдвал уг IPO нь хиймэл оюун ухааны салбарын арилжааны тогтвортой байдалд эргэлзэж буй айдсыг намжааж, Anthropic-ийн салбарын гол чиг баримжаа тодорхойлогч статусыг баталгаажуулах юм. Түүнчлэн энэ нь хөрөнгө оруулагчдын анхаарал хиймэл оюун ухааныг тэжээгч чип, дэд бүтцээс түүний агент болон чатботууд хөгжүүлдэг компаниуд руу шилжиж байгааг тодотгох болно.
Нью-Йоркийн цагаар өглөөний 6:00 цагт Nasdaq 100 индекс фьючерс 2.1%-иар өссөн нь сүүлийн үеийн огцом уналтын дараа пүрэв гаригт Уолл Стрит дэх технологийн хувьцаанууд хурдтай сэргэх дохиог өглөө.
Hyperliquid дээрх Anthropic-той холбоотой хугацаагүй фьючерс буюу дуусах хугацаагүй гэрээнүүд $105 орчимд арилжаалагдаж байв. Сүүлийн 24 цагийн дотор Trade.xyz-ээс гаргасан эдгээр санхүүгийн хэрэгслээс $192 сая орчмын арилжаа хийгдсэн бол нийт нээлттэй гэрээний хэмжээ $200 саяд дөхөөд байна.
Anthropic болон түүний долоон хамтран үүсгэн байгуулагч нийт $107.3 тэрбум (үүнд Nvidia Corp., Alphabet Inc.-ийн Google болон Advanced Micro Devices Inc. зэрэг хөрөнгө оруулагчдын $26 тэрбумын хаалттай хөрөнгө оруулалт багтсан) татан төвлөрүүлснээр SpaceX-ээс бүх цаг үеийн хамгийн том анхдагч хувьцааны арилжааны титмийг булаан авлаа. Энэхүү үнэлгээгээр компанийн зах зээлийн үнэлгээ $1.5 их наядад хүрч байна.
Таамаглалын зах зээлүүд ч мөн эерэг дохиог нэмэгдүүлж байгаа бөгөөд Polymarket-ийн арилжаачид 12-р сарын 31 гэхэд Anthropic-ийн үнэлгээ $1.75 их наядад хүрэх магадлалыг 55%, харин $2 их наядад хүрэх магадлалыг 37%-иар үнэлжээ. Энэ сэдвийн хүрээнд одоогоор $9 сая орчмын арилжаа хийгдээд байна.
PrePublic Equity Partners-ийн хөрөнгө оруулалтын судалгааны албаны дарга Ханс Стеге “Би арилжаа нээгдэхэд эрэлт сайн байж, өдрийн турш хэлбэлзэлтэй ч хүчтэй гүйцэтгэл үзүүлнэ гэж хүлээж байна. Гэхдээ энэ бол магадгүй хамгийн амархан хэсэг нь байх, надаас гурван долоо хоногийн дараа дахин асуугаарай. Бидний олонх нь үүнийг зах зээлийн хандлагыг хэмжих гол хэмжүүр болгон ашиглаж байгаа бөгөөд хүчтэй эрэлт, тогтвортой арилжаа тус болно гэж бодож байна” хэмээн ярилаа.

Зургаан нас ч хүрээгүй байгаа тус компани байгууллагын хэрэглэгчдэд төвлөрч, орлогоо огцом өсгөснөөр хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн бөгөөд зохицуулах байгууллагад гаргасан тайлангаас харахад 10-р сарын 31-ний байдлаар жилийн орлого (run-rate revenue — богино хугацааны гүйцэтгэлийг бүтэн жилээр тооцсон үзүүлэлт) нь 9-р сарын эцсээс $10 тэрбумаар өсөж $81 тэрбумд хүрчээ.
Тус компанийн программ хангамж хөгжүүлэгчдэд зориулсан код бичих агент болох Claude Code салбартаа өргөн нэвтэрсэн бөгөөд НАСА-гийн инженерүүд хүртэл ашиглаж байгааг тайланд дурджээ. Anthropic 9-р сарын эцсийн байдлаар сүүлийн 12 сарын хугацаанд тус бүр $100,000-аас дээш орлого оруулсан 11,900 гаруй харилцагчтай болсон нь 2025 оны 1,500 орчим байснаас огцом өссөн үзүүлэлт бөгөөд компани цаашид хууль эрх зүйгээс эхлээд эрүүл мэндийн салбар хүртэлх олон мэргэжлийн хүрээнд үйл ажиллагаагаа тэлэхээр зорьж байна.
Goldman Sachs Group Inc.-ийн судалгааны шинжээчид энэ арван жилийн эцэс гэхэд Anthropic-ийн орлого ойролцоогоор $685 тэрбумд хүрч огцом өснө гэж тооцоолж байгааг Bloomberg News мэдээллээ.
Хөгжүүлэлтийн энэхүү өндөр хурдыг хадгалахын тулд хиймэл оюун ухааны дэд бүтцийн зардлыг оновчтой удирдах шаардлагатай болно. Тайлангаас үзэхэд Anthropic-ийн санхүүгийн үүрэг амлалт бараг $901 тэрбумд хүрсэн бөгөөд үүний дийлэнх нь тооцоолох хүчин чадал болон чип худалдан авахад зориулагджээ. Үүнээс $71 тэрбум орчим нь буюу S&P 500 индексийн компаниудын гуравны хоёрынх нь зах зээлийн үнэлгээнээс ч давсан дүнтэй төлбөр нь зөвхөн 2027 оны 9-р сарын 30 хүртэлх нэг жилийн хугацаанд төлөгдөх хуваарьтай байна.
Технологи өргөн тархаж буй энэ үед хамгийн дэвшилтэт загваруудад хөрөнгө оруулахын тулд хөрөнгө оруулагчид өндөр үнэ төлөхөд бэлэн эсэхийг шалгах анхны бодит сорилт нь Anthropic-ийн арилжааны нээлт байх болно. Компанийн эхний улирлуудын санхүүгийн тайлангууд нь хямд өртөгтэй, нээлттэй загварууд, тэр дундаа Хятадын хөгжүүлэгчдийн загварууд түүний ашгийн маржинд дарамт үзүүлж байгаа эсэх дээр хатуу шүүлтүүртэй тулгарах төлөвтэй байна.
Bloomberg Intelligence-ийн шинжээчид болох Мандип Сингх, Уильям Тонг нар “Зарим загварын токены үнийг саяхан 20%-иар бууруулсан ч код бичих агентаас хальж, бусад нарийн төвөгтэй мэдлэгт суурилсан ажлын урсгал руу тэлснээр компанийн орлого 2028 он гэхэд $200 тэрбум орчимд хүрэх боломжтой гэж бид тооцоолж байна” хэмээн бичжээ.
Хиймэл оюун ухааныг аюулгүй, хариуцлагатай хөгжүүлэх тус компанийн амлалт нь зарим боломжит бизнесийн чиглэлүүдтэй зөрчилдөж магадгүй юм. Компани хэрэглэгчийн нууцлалыг хамгаалах үүднээс Claude-ийг зар сурталчилгаагүй байлгахаа амласан.
Хамтран үүсгэн байгуулагчид тайланд хавсаргасан хөрөнгө оруулагчдад илгээсэн захидалдаа “Зар сурталчилгаа нь компанийн орлогын зорилтын нэг хэсэг болмогц хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх дарамт өсөх хандлагатай байдаг. Бид Claude-д ийм дарамт оруулахгүй байх замыг сонгосон” гэжээ.
Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр компани аюулгүй байдлыг харгалзан үзэх нөхцөлийг хангах зорилготой Anthropic-ийн өвөрмөц бүтэц нь хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжгүй байдлыг сөрөн зогсох илүү их эрх мэдлийг удирдлагуудад олгож байна. Тус компани хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг нийгмийн эрх ашигтай тэнцвэржүүлдэг “Олон нийтийн тусын төлөөх корпораци” хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн олонхыг сонгох, огцруулах эрх бүхий “Урт хугацааны үр өгөөжийн итгэмжлэл” нь түүний засаглалд багтдаг.
Тайлангаас харахад Anthropic-ийн IPO-г Goldman Sachs болон Morgan Stanley тэргүүлэн зохион байгуулж, өөр 20 банк оролцжээ. Тус хувьцаа пүрэв гаригийн орой Nasdaq Global Select Market дээр ANT гэсэн арилжааны кодоор арилжаалагдаж эхлэх хүлээлттэй байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.