

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх У.Хүрэлсүхийн хүсэлтийг УИХ-аар хэлэлцсэнээс, 104 хүн санал хураалтад оролцон 96 хувиар дэмжлээ. Ингэснээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорсон анхны хүн болж байна. Ингээд У.Хүрэлсүхийн гол мессежүүдийг юуны өмнө тоймлон хүргэе.
Төрийн тэргүүний нэр хүндийг үндэслэлгүйгээр гутаана гэдэг төрийн эсрэг гэмт хэрэг.
Шувуу болоод ниссэн нөхрийг авчрах хэрэгтэй. Асар том гэмт хэрэг хийгээд зугтсан хүн. Туулын бургасыг хядаж, авлига авсан.
Эх оронд хэрэгтэй бол би хаана ч очиж магадгүй.
Монголын төрд бүтэн нэртэй, бүлээн царайтай хүн байхаа болилоо.
Канадад шувуу болж нисээд бусдыг ой тойнд багтахгүйгээр гутааж байна. Намайг буусны маргааш ирнэ гэсэн. Ирээд шалгуулах хэрэгтэй.
Би дэг журам тогтоохыг хүссэн. Үүнийг эсэргүүцдэг маш том бүлэглэл бий. Зарим нь энэ дотор суугаа.
Надад дэглэм тогтоох хууль эрх зүйн боломж байхгүй.
Үндсэн хуулийг өөрчлөхөд заавал ард түмний саналыг асуух ёстой. Ард түмэн өөрчилье гэвэл өөрчлөх ёстой.
Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэж амлачихсан. Гэхдээ тогтолцооны өөрчлөлт хийх нь зүйтэй. Шинэ Үндсэн хууль хийх хэрэгтэй.
УИХ дээр Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг заавал батлах ёстой. Энэ хуулийг эсэргүүцэж, иргэний дайн хийнэ гэж ярьсан хүмүүс ч бий.
Худал хуурмаг, гүжир гүтгэлэг хэт даамжирвал төрд итгэх түмэн олны итгэл суларч, гадаад ертөнцөд Монгол Улсын нэр хүнд сэвтэх аюултай.
Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй.
Гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдэд ял завшуулж болохгүй.
Төрийн түшээ хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсож чадах, үнэн мөнөө дэнслүүлж чадах эр зориг байх учиртай.
Монголын улс төрд ёс суртахууны жишиг болж, залуу үе, төрийн түшээдэд ёс зүйн манлайлал үзүүлж чадна гэдэгт би итгэж байна.
Түүний дээрх үгэн доторх үгнээс уншихад У.Хүрэлсүхийн дараагийн улс төр ийнхүү эхлэж байна. Өнгөрсөн хугацаанд бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэсэн том “хүлээснээсээ” салсан тэрбээр боксоор бол хамгаалалтын тактикаас довтолгооны тактик руугаа шилжлээ гэсэн үг.
Улс төрийн стратеги, хувь хүний харизм, үнэт зүйл, биологийн насны хувьд тэр тэтгэвэртээ суух болоогүй. Харин У.Хүрэлсүхийг буусны маргааш Монголдоо очно гэсэн Х.Нямбаатарын хэлсэндээ хэр хүрэхээс түүний дэлгэсэн бүхэн баримт уу, хов уу гэдэг нь тодорхой болно. Х.Нямбаатар өөрийнхөө дэлгэсэн “баримт”-даа итгэлтэй байгаа бол У.Хүрэлсүхтэй шүүх дээр уулзах ёстой. Учир нь, тэд хэн, хэн нь жирийн иргэн болцгоосон.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.