2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


51 жилийн өмнө Москвад болсон олон хүний шахцалдааны үеэр 21 хүн амь үрэгджээ. Үнэгүй бохь хэрхэн эмгэнэлд хүргэв? Сокольникт болсон хоккейн тоглолтын дараах эмгэнэлт явлын тухай өгүүлье. (Дмитрий Окунев. Lenta.ru)
1975 оны 3-р сарын 10-ны өдөр буюу яг 51 жилийн өмнө Зөвлөлтийн спортын түүхэн дэх хамгийн олон хүний амь насыг авч одсон эмгэнэлт явдал тохиосон юм. Сокольник дахь спортын ордонд Зөвлөлт, Канадын хооронд өсвөрийн багуудын хоккейн тэмцээний дараах шахцалдааны улмаас 21 хүн амиа алдсаны 13 нь өсвөр насны хүүхэд байв. Мөн 25 үзэгч хүнд гэмтэл авчээ.
Энэхүү эмгэнэлийн гол шалтгаан нь канадчуудын сурталчилгааны зорилгоор тарааж байсан бохинд шунасан үзэгчдийн үймээн болон зохион байгуулалтын алдаа байв.Тэр үед Москва хот 1980 оны олимпыг зохион байгуулах эрхээ аваад ердөө хагас жил болж байлаа. Тиймээс эрх баригчид энэ мэдээллийг гадагш алдахаас эмээж, олон нийтэд мэдээлэхгүй байхаар шийдсэн юм. Сонинд ердөө хэдхэн мөртэй мэдээлэл хэвлэгдээд өнгөрчээ. Зөвлөлтийн спортын "хар өдөр" чухам юу болсныг Лента.ру эргэн сануулж байна.

“Бид Спортын ордны хонгилд цагаан даавуугаар бүтээсэн цогцоснууд хэвтэж байхыг харсан. Тэднийг нас барсан хүмүүс гэдгийг тэр дороо ухаараагүй” гэж хоккейчин Александр Кожевников дурсан ярьжээ.
Тэр өдөр Зөвлөлтийн өсвөрийн шигшээ багийнхан канадчуудтай ширүүн тоглолт хийж дуусаад дөнгөж амсхийж байтал хувцас солих өрөөнд энгийн хувцастай үл таних хүн орж ирж, дасгалжуулагчдад ямар нэг зүйл шивнэжээ. Үүний дараа дасгалжуулагчид тамирчдаа яаравчлуулж, өнөөх цогцоснууд хэвтэж байсан хонгилоор гүйлгэж, автобусанд суулгасан байна. Тамирчид аймшигт явдлын талаар зочид буудал руу явах замдаа мэдсэн бөгөөд тэд энэ хар өдрийн тухай ярих дургүй.
“БОХЬ” БОЛ НЭР ХҮНДИЙН БАТАЛГАА БАЙЛАА
Зөвлөлтийн иргэд барууны бохины талаар анх 1972 оны Дэлхийн залуучуудын наадмын үеэр мэдэж авчээ. Найрсаг гадаад иргэд Зөвлөлтийн залуусын толгой эргэм барууны амьдралын олон шинэлэг зүйлсийг авчирсны нэг нь бохь байв. "Хориотой жимс амттай" гэгчээр сурагчид, оюутнууд гадаадын зочидтой пянз, тод өнгийн хувцас, загварын сэтгүүл, ундаа болон бохиор солилцоо хийхийг хичээж байв.
Чухам тэр үед албан ёсны “Энх тайван, найрамдал, наадам” гэсэн уриа “Энх тайван, найрамдал, бохь” (Мир, дружба, жвачка) болон хувирчээ. Бохь зажлаад явж байх нь нэр хүндтэй, чинээлэг барууны амьдралыг дуурайж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг байв. Гэвч барууны соёлд шүүмжлэлтэй ханддаг ахмад үеийнхэнд энэ байдал огт таалагдсангүй.

“Калев”-ын чихрийн үйлдвэрийн нэгэн тасаг. 1984 он.
Харин ЗХУ 1968 онд Таллины “Калев” чихрийн үйлдвэрт бохь үйлдвэрлэж эхэлсэн ч дэлгүүрийн лангуун дээр олноор нь худалдаалсангүй. Эрүүл мэндийн сайд Борис Петровский бохийг "капиталист амьдралын хэв маягийг сурталчилсан хортой зуршил" гэж зарлав.
Тэр үед сурагч байсан Андрей Тимин “Зөвлөлтийн бохь маш хатуу байсан. Харин барууны бохийг жуулчдаас юм хумаар сольж авдаг байв. Энэ нь нийтлэг зүйл биш, харин тодорхой хэмжээний ялгарал, нэр хүндийн илэрхийлэл байсан” гэжээ. Багш нар сургууль дээр бохьтой тэмцэж, бохь зажилсан хүүхдүүдийг олны өмнө шившиглэх, ходоодны шархтай болно гэж айлгадаг байжээ. Гэсэн ч хүүхдүүд Улаан талбай руу очиж гадныхнаас бохь гуйсаар байв.

КАНАДЫН АЯЛАН ТОГЛОЛТ
1972 оны алдарт “Супер цуврал”-ын дараа ЗХУ болон Канадын хоккейн харилцаа бүх насны ангилалд сэргэж эхэлсэн юм. 1975 оны эхээр Онтарио мужид 17 хүртэлх насны “Берри Коап” (Barrie Co-op) багийг Москва руу явуулахаар бүрдүүлжээ. Тэд “Спартак”, “Крылья Советов” болон СССР-ийн шигшээ багтай тоглох ёстой байв.
Канадын багийн аялан тоглолтыг бохь үйлдвэрлэгч томоохон компани “Wrigley” ивээн тэтгэж, тоглогч бүрт сурталчилгааны зорилгоор Зөвлөлтийн хүмүүст тараах том хайрцагтай бохь өгчээ.

1975 оны 3-р сарын 10-ны тэр өдөр Сокольникид ирээдүйн олимпийн аваргууд болох Вячеслав Фетисов, Александр Кожевников, Александр Герасимов нар мөсөн дээр гарсан юм. Тоглолт маш ширүүн болж, канадууд 3:2-оор тэргүүлж байсан ч Зөвлөлтийн баг төгсгөлд нь оноог тэнцүүлж чаджээ.
“Тэнд Канадын хөгжөөн дэмжигчид болон тамирчдын эцэг эх, элчингийн ажилтнууд байв. Тэд нар зүгээр л зугаацах гэж үзэгчдийн суудал руу бохь шидэж, хөл толгойгоо алдан бохины төлөө тэмцэлдэж байгаа хүмүүсийн зургийг авч байсан. Холбоот улсад чинь юу ч байгаагүй шүү дээ” гэж Кожевников дурсжээ.
Үзэгчдийн ихэнх нь 14-16 насны хүүхдүүд байв. Тоглолт дуусахаас өмнө хэн нэгэн ордны метроны буудалд ойрхон гарцыг цоожилчихсон байлаа.
“ЦООЖТОЙ ХААЛГАНД ТУЛЖ, АРААС НЬ ХҮМҮҮС ТҮРЛЭЭ”
Тоглолтын төгсгөлийн шүгэл дуугармагц хүмүүс шат руу цував. Тэр гарцны хажууд Канадын багийн автобус зогсож байсан тул хүүхдүүд гадаадынхнаас бохь, тэмдэг гуйхаар яарч байжээ. Зарим гэрчийн хэлснээр, канадууд автобус руугаа явах замдаа бохь тарааж байна гэсэн ам дамжсан яриа асар их шахцалдаан үүсгэсэн байна.
Доор юу болж байгаа нь дээрээс харагдахгүй байв. Эхний эгнээнийхэн хаалга цоожтой байгааг мэдээд зогссон ч араас нь зуу зуун хүн түрэн орж иржээ.

Тэрхүү төмөр хаалганд яагаад цоож зүүсэн нь одоог хүртэл тодорхойгүй. Албан бус мэдээллээр КГБ-ын ажилтан Зөвлөлтийн хүүхдүүдийг канадуудтай харилцахаас сэргийлж ийм тушаал өгсөн гэдэг. Мөн тоглолт дуусмагц гэрэл унтарсан нь нөхцөл байдлыг улам дордуулжээ. Спортын ордны цахилгаанчин согтуу байсан бөгөөд гэрэл унтраах бэлтгэлийн горим руу шилжүүлэх гэж байгаад андуурч, бүх гэрлийг унтраасан гэх яриа бий.
“Хэн нэгэн бүдэрч унахад бусад нь дээрээс нь унаж, хүний овоолго үүссэн. Би шахцалдааны дунд нэг хүний өвдөг дээр хэвтэж байлаа. Тэр нь миний өрц рүү тулж, би амьсгалж чадахгүй болсон байсан. Намайг найзууд маань татаж гаргасан” гэж 16 настай байсан Александр Медведев ярьжээ.
Гэрч Дмитрий Польняков “Би тэр аймшигтай байдлыг дээрээс нь харсан. Хүмүүс орилолдож, дээрээс нь аймшигтай хүчээр шахаж байлаа. Тэд амьд байсан. Гэвч ямар ч цагдаа, хамгаалагч харагдаагүй. Харахад ч аймшигтай байсан тул би өөр гарцаар гараад явсан” гэжээ.

“ОЛНЫ ХӨЛИЙГ ХЭЗЭЭ Ч БҮҮ ДАГА”
Энэхүү эмгэнэлийн дараа Сокольникиг урт хугацаанд засварт оруулж, нэмэлт зургаан гарц барьжээ. Мөрдөн байцаалтаар ордны захирал Александр Борисовыг буруутгасан ч тэр өдөр тэрээр зүрхний шигдээс болоод эмнэлэгт байсан юм. Леонид Брежнев буруутай этгээдүүдийг шийтгэх тушаал өгсөн гэдэг. Борисовыг 3 жил хорих ялаар шийтгэсэн ч 7 сарын дараа суллаж “Лужники” цэнгэлдэх хүрээлэнгийн захирлын албан тушаалд томилсон юм.
Эрх баригчид мэдээллийг нуухыг маш их хичээсэн ч ам дамжсан яриа гадаадад хүрсэн байв. “Вечерняя Москва” сонинд хэдхэн мөртэй мэдээ гаргахыг л зөвшөөрчээ.
Сонирхолтой нь, энэ явдлын дараа Зөвлөлтөд бохь үйлдвэрлэх ажлыг яаравчлуулж, 1980 оны олимпиор улсаа бохиор хангах шийдвэр гаргасан юм. Эстонийн “Калев” үйлдвэр энэ салбарт тэргүүлж эхлэв.

Тэр өдөр амьд үлдсэн Дмитрий Польняков “Энэ явдлаас хойш би олон нийтийн арга хэмжээнээс түрүүлж гардаг эсвэл бүх хүнийг тарахыг хүлээдэг болсон. Олны хөлийг хэзээ ч бүү дага гэсэн дүрэмтэй болсон. Хүмүүс намайг шоолж магадгүй ч энэ бол миний өөрийн гашуун туршлага дээр үндэслэсэн шийдвэр” гэжээ.
2013 онд Сокольникид дурсгалын самбар байрлуулсан ч 8 жилийн дараа уг спортын ордныг хуучирсан гэж нураажээ. Одоо тэнд хүүхэд залуучуудын спортын шинэ цогцолбор сүндэрлэж буй бөгөөд тэнд томоохон хэмжээний тоглолт дахин болоогүй юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27