НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Сенатор Коттон Хятадын чип үйлдвэрлэгч “CXMT” компанийг АНУ-ын зах зээлээс зайлуулах ёстой гэж ноён Лютникт уриалав
АНАЛИЗ

Сенатор Коттон Хятадын чип үйлдвэрлэгч “CXMT” компанийг АНУ-ын зах зээлээс зайлуулах ёстой гэж ноён Лютникт уриалав

2 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Арканзас мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын сенатор Том Коттон Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч ChangXin Memory Technologies (CXMT) компанийн эсрэг илүү хатуу байр суурь баримтлахыг Трампын засаг захиргаанд уриалж байна.

CNBC (2026-11-12)

Арканзас мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын сенатор, Сенат дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Том Коттон АНУ-ын Капитолын ордонд. 2026 оны 11-р сарын 10

Коттон пүрэв гаригт Худалдааны сайд Ховард Лютникт илгээсэн захидалдаа: “Коммунист Хятадын санах ойн чип үйлдвэрлэлийн үндэсний тэргүүлэгчдийн нэг болох CXMT нь манай эдийн засгийн хөгжилд болон цэрэг армийн давуу байдалд эрсдэл учруулж байна. CXMT-ийг дэлхийн зах зээлд байр сууриа улам бэхжүүлэхээс сэргийлэхийн тулд АНУ яаралтай арга хэмжээ авах ёстой” хэмээн бичжээ.

CXMT нь компьютер болон ухаалаг гар утасны олон үндсэн үйлдлийг гүйцэтгэдэг динамик шуурхай санах ой буюу DRAM-ийн үйлдвэрлэлээр дэлхийд дөрөвдүгээрт ордог компани юм.

CNBC сувгийн анх олж авсан уг захидалд Коттон Худалдааны сайд Ховард Лютникээс CXMT компанийг тус яамны Үйлдвэрлэл, аюулгүй байдлын товчооны "Хар жагсаалт"-д оруулахыг хүссэн байна. Ингэснээр АНУ-ын компаниуд тус компанитай бизнес эрхлэх боломж эрс хязгаарлагдах юм.

Брукингсийн хүрээлэнгийн Хятадын технологийн хөгжлийг судалдаг судлаач Кайл Чан: “Энэ нь үндсэндээ АНУ-ын компаниуд тухайн жагсаалтад орсон компанитай бизнес хийхийг хориглож, нөгөө талаас тэр компани АНУ-ын технологид нэвтрэх эрхгүй болно гэсэн үг” хэмээн тайлбарлав.

Counterpoint судалгааны байгууллагын захирал М.С.Хван CNBC-д өгсөн ярилцлагадаа DRAM бол “өргөн хэрэглээний стандарт бүтээгдэхүүн” буюу дэлхийн нэгдсэн стандартын дагуу үйлдвэрлэгддэг, нэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг нөгөөгөөр нь орлуулах бүрэн боломжтой гэдгийг онцолжээ.

Гэсэн хэдий ч үйлдвэрлэлийн зөв технологитой хослуулбал энэ нь өндөр зурвасын өргөн санах ой буюу HBM-ийн үндсэн суурь болдог. HBM нь Anthropic болон OpenAI зэрэг хиймэл оюун ухааны гигантуудын өсөлтийн гол хөдөлгүүр болсон Nvidia, Google болон Amazon Web Services-ийн ХОУ-ы чипүүдийг ажиллуулдаг, эрэлт маш өндөртэй бүтээгдэхүүн юм. Үүнийг дэлхийд зөвхөн Samsung, SK Hynix болон Micron гэсэн гурван гол компани л үйлдвэрлэдэг.

БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотод байрлах “ChangXin Memory Technologies” компанийн үйлдвэрлэдэг чип. 2026 оны 9-р сарын 4

DRAM-ийн зах зээлийн дийлэнх хувийг мөн л дээрх гурван компани атгадаг ч CXMT хүч түрэн орж ирж байна. Counterpoint-ийн хамгийн сүүлийн үеийн тайлангаас харахад тус компанийн DRAM зах зээлд эзлэх хувь орлогын дүнгээр 2025 оны хоёрдугаар улирлаас 2026 оны мөн үе хүртэлх ганцхан жилийн хугацаанд 4 хувиас 10 хувь болж огцом өсжээ. Мөн өнгөрсөн долдугаар сард тус компани олон нийтэд хувьцаагаа гаргаж, хувьцааны ханш нь огцом өссөнөөр тухайн үедээ Хятадын хөрөнгийн биржид бүртгэлтэй хамгийн өндөр үнэлгээтэй компани болсон юм.

Counterpoint-ийн мэдээлснээр тус компанийн HBM үйлдвэрлэх чадавх дөнгөж эхлэлийн шатандаа яваа ч, чипний ашигт гарц нь ердөө 20-30 хувьтай буюу маш доогуур байгаа хэдий ч үйлдвэрлэлээ эхлүүлэх гэж буйг Reuters агентлаг мэдээлсэн. Энэ нь тэдний үйлдвэрлэсэн чипүүдийн дийлэнх нь гологдол гарч байна гэсэн үг юм.

CXMT нь Бээжингийн цэрэг армитай холбоотой Хятадын хэдэн арван компанийг багтаасан Пентагоны “1260H” жагсаалтад аль хэдийн багтсан байдаг. Гэхдээ уг жагсаалт нь АНУ-ын бизнес эрхлэгчдэд тийм ч хатуу хязгаарлалт тавьдаггүй болохыг Чан дурджээ.

“Энэ нь тухайн жагсаалтад багтсан Хятадын пүүсүүдтэй хамтран ажиллаж буй АНУ-ын компаниудад хязгаарлалт тавих тал дээр тийм ч хүчтэй хөшүүрэг болж чаддаггүй жагсаалт” гэж Чан хэлэв.

Хиймэл оюун ухааны дэд бүтцийн бүтээн байгуулалтаас үүдэлтэй дэлхийн чипний хомсдолын улмаас Apple компани iPhone болон Mac компьютерууддаа CXMT-ийн санах ойг ашиглах талаар судалж байгаа тухай The Wall Street Journal наймдугаар сарын 9-нд мэдээлсэн. Хэрэв тус компани Худалдааны яамны "Хар жагсаалт"-д орвол энэ нөхцөл байдал өөрчлөгдөх боломжтой.

“АНУ-ын засгийн газрын байр сууринаас харвал CXMT-тэй хамтран ажиллах, тэр байтугай зөвхөн харилцагч нь болж бүтээгдэхүүнийг нь худалдан авах нь ч тэдний санах ойн чипний үйлдвэрлэлээ өргөжүүлэх чадавхыг бэхжүүлж, улмаар Хятадыг HBM технологид ойртоход тусална гэж болгоомжилж байна. Энэ бол Хятадын өөрийнх нь чипний хөгжлийг сааруулах, хазаарлах өргөн хүрээний хүчин чармайлтын нэг хэсэг юм” гэж Чан тайлбарлалаа.

Коттон захидалдаа CXMT-ийн HBM зах зээлд нэвтрэх гэсэн оролдлогыг мөн дурдсан байна.

Тэрбээр: “CXMT-ийн тохиромжгүй нөхцөлд урагшлах шийдвэр нь Коммунист Хятад чипээр хэрхэн ангаж байгааг, мөн дэвшилтэт тоног төхөөрөмж, мэдлэг туршлагагүйгээр үйлдвэрлэл явуулахад ямар их бэрхшээлтэй тулгарч буйг харуулж байна. CXMT-ийг нийлүүлэлтийн сүлжээнд нь тусалж, Америкийн өсөлтөд саад учруулж буй санхүүгийн болон технологийн эх үүсвэрүүдээс таслахын тулд илүү ихийг хийх боломжтой” хэмээн бичжээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгсөн. Түүний хүсэлтийг УИХ-аар хэлэлцэж, олонхын саналаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ.

Nov 19, 2026

У.Хүрэлсүхийн УДИРТГАЛ ба УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн УДИРТГАЛ ба УЛС ТӨР

Африкийн эдийн засгийн ирээдүй Вашингтоноос хамаарах ёсгүй

Африкийн эдийн засгийн ирээдүй Вашингтоноос хамаарах ёсгүй

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!