НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Нэг хэлцэл, эрс ялгаатай хоёр үнэлгээ, Хармагтай төслийн жишээ
ЯРИЛЦЛАГА

Нэг хэлцэл, эрс ялгаатай хоёр үнэлгээ, Хармагтай төслийн жишээ

7 өдрийн өмнө
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Татварын орлогыг хамгаалангаа хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хоёр зорилгыг зэрэг хангах боломжтой

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой Монголын татварын зохицуулалтыг Австрали, Канад, Казахстан улсынхтай харьцуулан хийсэн судалгааны талаар Монгол дахь Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэжас” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Гантболортой ярилцлаа.

-Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Монголын татварын орчин хэр таатай байна вэ?

-Монголын хувьд санхүүгийн зах зээл, хүний нөөцийн зах зээл, дэд бүтэц гээд олон зүйл хязгаарлагдмал. Тиймээс Монгол Улс дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Ямар ч хөрөнгө оруулагч төсөлд мөнгө оруулахын өмнө санхүүгийн тооцоогоо хийдэг. Тэр тооцоонд татварын орчин маш чухал. Монголын хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой татварын тооцоог урьдчилан таамаглахад хүндрэлтэй, бүрэн ойлгомжтой биш байна. Бидний судалгаагаар асуудлын гол нь татварын хувь хэмжээ гэхээсээ илүү татвар ногдуулах суурийг хэрхэн үнэлж байгаад байна.

-Уул уурхайн төслийг хэрэгжүүлэх явцад тусгай зөвшөөрөл олон удаа шилжиж, хөдөлгөөн хийгдаж байгаа нь ямар учир шалтгаантай байна вэ?

-Уул уурхайн төсөл өөрийн гэсэн урт циклтэй. Эхлээд геологич илрэл оллоо гэж бодъё. Тэр хүн хайгуулын тусгай зөвшөөрөл авлаа. Гэхдээ ганцаараа хайгуулын бүх санхүүжилтийг гаргах боломжгүй учраас хамтрагч, хөрөнгө оруулагч оруулна. Тэр үед компанийн хувьцаа, эзэмшлийн бүтэц өөрчлөгдөж болно.

Хайгуул амжилттай болж, ТЭЗҮ хийгдээд төсөл эдийн засгийн үр ашигтай нь батлагдлаа гэхэд бүтээн байгуулалтын шатанд илүү том хөрөнгө оруулагч шаардлагатай болно. Уурхай, зам, дэд бүтэц барихад асар их хөрөнгө хэрэгтэй. Ингээд дахиад хувь эзэмшил өөрчлөгдөнө. Олборлолтын шатанд хүрэх хүртэл нэг төсөл дөрөв, таван удаа эзэмшлийн өөрчлөлт хийх тохиолдол бий. Шилжилт бүрд татварын асуудал сөхөгдөж байгаа нь хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлдөг.

-Тусгай зөвшөөрлийн өөрчлөлт, хөдөлгөөнд татварын ямар зохицуулалт үйлчилж байна вэ?

-Тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой татварыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйл болон Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалын хүрээнд зохицуулж байгаа.

Монгол Улс шууд шилжүүлгээс татвар авах боломжтой. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл буюу хөрөнгө өөрөө борлуулагдахад татвар ногдуулна. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанийн хувьцаа шилжсэн тохиолдолд шууд бус шилжүүлэг гэж үзэж татвар авах боломжтой. Энэ зарчим олон улсын практиктай нийцэж байгаа.

Харин асуудал нь татварын суурийг ямар үнэлгээгээр тогтоож байгаад бий.

-Татварын суурийг ямар аргачлалаар тогтоодог вэ?

-Үндсэндээ гурван аргачлал бий. Нэгдүгээрт, өртөгт суурилсан арга. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд хайгуулд гаргасан зардлыг хуримтлуулж, тэр зардалд үндэслэн үнэлгээ хийдэг.

Гэхдээ хайгуулын салбар өндөр эрсдэлтэй. Компани их мөнгө зарцуулсан байлаа гээд газрын доор заавал эдийн засгийн үр ашигтай орд байна гэсэн үг биш. Тиймээс бүх гарсан зардлыг шууд үнэ цэнэ гэж үзэх нь бодит амьдралтай тэр бүр нийцэхгүй.

Хоёрдугаарт, зах зээлд суурилсан арга. Ижил төстэй орд, төсөл өмнө нь ямар үнээр арилжаалагдсаныг харьцуулж үнэлдэг. Монголд Хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компани цөөн, хувийн компаниудын хэлцлийн мэдээлэл хаалттай байдгаас энэ аргачлалыг ашиглах мэдээлэл хомс.

Гуравдугаарт, орлогод суурилсан арга. Манайд ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр хамгийн түгээмэл хэрэглэдэг бөгөөд ТЭЗҮ-д туссан NPV буюу өнөөгийн цэвэр үнэ цэнэд үндэслэж татвар тооцдог.

-NPV-д суурилж татвар тооцох нь ямар асуудал үүсгээд байгаа юм бэ?

-NPV гэдэг нь ирээдүйд бий болох мөнгөн урсгалыг өнөөдрийн үнэ цэнэд шилжүүлж тооцсон үзүүлэлт. Гэтэл төсөл өнөөдөр яг тэр үнээр зарагдана гэсэн үг биш. Бодит хэлцлийн үнэд тухайн улсын эрсдэл, төслийн эрсдэл, дэд бүтэц, байршил, зөвшөөрөл, орон нутгийн нөхцөл, санхүүжилтийн боломж зэрэг олон хүчин зүйл шингэдэг. Худалдан авагч энэ бүх эрсдэлийг тооцоод NPV-ээс тодорхой хэмжээгээр доогуур үнэ санал болгодог. Тийм учраас бидний хэлж байгаа гол зүйл нь “төслийн NPV = төслийн өнөөдөр зарагдах бодит үнэ” биш гэсэн санаа.

-Үүнийг энгийн жишээгээр тайлбарлаж өгөөч?

-Жишээ нь, тусгай зөвшөөрөлтэй төслийг бодитоор 20 сая ам.доллароор худалдаж байна гэж бодъё. Хэрэв бодит борлуулалтын үнийн 10%-иар татвар авбал 2 сая ам.долларын татвар болно.

Гэтэл тухайн төслийн ТЭЗҮ-д тооцсон NPV 80 сая ам.доллар байлаа гэж үзвэл одоогийн аргачлалаар татварын суурь 80 сая руу очих боломжтой. 10%-ийн татвар тооцвол 8 сая ам.доллар болно. Ингэхээр бодит хэлцлийн 20 сая ам.доллартай харьцуулахад татварын ачаалал маш өөр түвшинд очно. Судалгаагаар харуулах гэсэн гол асуудал энэ.

-Та “Хармагтай” төслийг бодит жишээ болгон дурдсан. Энэ жишээ юу харуулж байна вэ?

-Хармагтайг жишээ болгосон шалтгаан нь нээлттэй компанийн хэлцэл учраас мэдээллийг харьцуулах боломжтой байсантай холбоотой. Бидний танилцуулсан тооцоогоор Хармагтайн төслийн ТЭЗҮ-ийн үнэлгээ ойролцоогоор 930 сая ам.доллар байсан. Харин хувьцаа эзэмшигчдийн хийсэн бодит хэлцлийн үнэ 160 сая австрали доллар буюу ойролцоогоор 103 сая ам.доллар байсан. Өөрөөр хэлбэл, бодит хэлцлийн үнэ төслийн тооцоолсон ирээдүйн үнэ цэнээс үлэмж доогуур гарсан. Үүнд Монголын улсын эрсдэл, дэд бүтцээс алслагдсан байдал, төслийн өөрийн геологийн болон хэрэгжилтийн эрсдэлүүд нөлөөлсөн гэж бид үзэж байгаа.

-АНУ дахь ижил төстэй төсөлтэй харьцуулахад ямар ялгаа гарсан бэ?

-Судалгаанд АНУ дахь зэсийн төслийг мөн харьцуулсан. Тухайн төслийн үнэлгээ 2.3 тэрбум ам.доллар байсан бол бодит хэлцэл нь 1.5 тэрбум орчим ам.доллар буюу тооцоолсон үнэлгээний 64 орчим хувьтай тэнцсэн. Монгол дахь төслийн хувьд энэ харьцаа үүнээс хавьгүй бага байсан. Үүнийг хууль эрх зүйн орчин, дэд бүтцийн хөгжил, санхүүжилт, хүний нөөц болон улсын эрсдэлийн ялгаатай байдалтай холбон тайлбарлаж болно. Гэхдээ эндээс хэлэх гэсэн үндсэн санаа нь аль ч улсад бодит борлуулалтын үнэ NPV-тэй заавал тэнцдэггүй гэдэг асуудал.

-Таны тооцоогоор Хармагтайн бодит татварын ачаалал хэд болсон бэ?

-Бидний хийсэн хөрвүүлсэн тооцоогоор Хармагтайн хэлцлийн хувьд татварын бодит ачаалал ойролцоогоор 34.5 хувьтай дүйцэж байгаа. Харин харьцуулсан АНУ дахь төслийн хувьд 15.6% гэсэн тооцоо гарсан. Энэ нь хуульд бичигдсэн татварын нэрлэсэн хувь хэмжээг харахаас гадна бодит хэлцлийн үнэтэй харьцуулсан үр нөлөөт татварын ачааллыг харах хэрэгтэйг харуулж байгаа юм.

-Олон улсын практикт лиценз, уул уурхайн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд татварыг хэрхэн ногдуулдаг вэ?

-Ерөнхийдөө хоёр үндсэн хэлбэр бий. Нэгдүгээрт, суурь хөрөнгө өөрөө шилжсэн тохиолдолд татвар авна. Хоёрдугаарт, компанийн хувьцааг борлуулах замаар эзэмшил шилжсэн бол тухайн хэлцлийн ашигт татвар ногдуулна. Монгол ч мөн адил шууд болон шууд бус шилжүүлгийн аль алинд татвар ногдуулах тогтолцоотой. Энэ утгаараа олон улсын чиг хандлагаас зөрөөгүй. Ялгаа нь татварын суурийг ямар үнэлгээгээр тогтоож байгаад байна.

-Австралийн жишээнээс Монголд юуг анхаарч болох вэ?

-Австралийн тогтолцооны давуу тал нь татварын хувь хэмжээ, хэрхэн тооцох зарчим нь урьдчилан тодорхой байдаг. Татварын хувь хэмжээ тоон утгаараа өндөр байлаа ч хөрөнгө оруулагч “энэ хэлцлийг хийвэл би яг ийм хэмжээний татвар төлнө” гэдгээ урьдчилан тооцож чаддаг. Тэгэхээр санхүүгийн загвар гаргах, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад эрсдэл нь багасна.

Хөрөнгө оруулагчид дан ганц татвар бага байна уу, өндөр байна уу гэдгийг хардаггүй. Татвар нь ойлгомжтой, тогтвортой, урьдчилан тооцоолж болохуйц байна уу гэдгийг маш чухалчилдаг.

-Канад, Казахстаны зохицуулалт ямар байна вэ?

-Бидний хийсэн харьцуулалтаар Канад хөрөнгө борлуулсны орлогоос тухайн хөрөнгийг бий болгоход гарсан зардлыг хасч, ашгийн дүнд татвар ногдуулдаг. Монгол шиг NPV-д тулгуурласан үнэлгээг татварын үндсэн суурь болгон ашигладаггүй.

Казахстаны хувьд ч гэрээний бодит үнэ, зах зээлийн үнэ эсвэл ашгийн хэмжээнд тулгуурласан зохицуулалттай гэсэн харьцуулалт гарсан.

Бидний харьцуулсан улсууд дундаас захиргааны актаар баталсан NPV суурьтай үнэлгээний аргачлалыг ашиглаж байгаа нь Монголын онцлог болж байна.

-Зөвхөн гэрээний бодит үнийг татварын суурь болговол компаниуд хэлцлийн үнээ зориудаар бага тогтоох эрсдэл гарахгүй юу?

-Тэр эрсдэл мэдээж бий. Тиймээс бид “ямар ч хяналтгүйгээр гэрээний үнийг шууд хүлээн зөвшөөр” гэж хэлж байгаа зүйл биш. Татварын байгууллагад зах зээлийн үнэ бодитой эсэхийг шалгах, холбоотой этгээдийн хэлцлийг хянах механизм байх ёстой. Гол асуудал нь ирээдүйд олж болох тодорхойгүй ашгийг өнөөдөр бүрэн бодитоор бий болсон үнэ цэнэ мэт үзэж татвар ногдуулах нь зөв үү гэдэгт байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр татвар авах эрхээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ татварын суурь тогтоох аргачлалаа ил тод, бодит зах зээлийн нөхцөлтэй нийцсэн болгох хэрэгтэй.

-Монголд одоо үйлчилж буй энэ зохицуулалт хөрөнгө оруулалтад бодитоор ямар эрсдэл бий болгож байна вэ?

-Хамгийн том асуудал нь урьдчилан таамаглах боломжгүй байдал. Хөрөнгө оруулагч төсөл худалдаж авахын өмнө хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх, хэдий хугацаанд өгөөж авах, ямар татвар төлөхөө санхүүгийн загвартаа тооцдог. Гэтэл татварын суурийг эцэст нь захиргааны үнэлгээгээр өөрөөр тогтоох магадлал байвал тэр хөрөнгө оруулагч анхнаасаа нэмэлт эрсдэл тооцно. Эрсдэл нэмэгдэх тусам төслийн үнэлгээ буурч, хөрөнгө оруулалтын өгөөжийн шаардлага өсдөг. Тиймээс татварын тодорхой бус байдал зөвхөн татвар төлөгч компанийн асуудал биш, улсын хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой асуудал болж байна.

-Тэгэхээр та татварын хувь хэмжээг бууруулах санал гаргаж байгаа юм уу?

-Үгүй. Манай судалгааны гол дүгнэлт энэ биш. Монголын татварын нэрлэсэн хувь хэмжээ бусад улстай харьцуулахад өндөр гэж хэлэхгүй. Шууд болон шууд бус шилжүүлгээс татвар авах зарчим ч олон улсын практиктай нийцэж байгаа. Гол асуудал нь Сангийн сайдын 302 дугаар тушаалд байгаа үнэлгээ тооцох аргачлал. Тэр аргачлал нь хөрөнгө оруулагчид урьдчилан тооцоход хүндрэлтэй, тодорхой бус, зарим тохиолдолд бодит хэлцлийн үнээс ихээхэн зөрөх эрсдэлтэй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Ямар өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Юуны өмнө 302 дугаар тушаалын үнэлгээний аргачлалыг дахин харах хэрэгтэй. Ялангуяа ирээдүйд бий болох эсэх нь тодорхойгүй орлогыг NPV-д тооцож, өнөөдөр татварын суурь болгох зарчмыг эргэн авч үзэх шаардлагатай. Бодит хэлцлийн үнэ, тухайн хөрөнгийг бий болгоход гарсан бодит зардал, зах зээлийн жишиг үнэ зэрэг хэмжигдэхүүнийг илүү бодитой ашиглах боломжийг судалж болно. Мөн оршин суугч бус гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой хэлцэлд давхар татвар ногдох эрсдэл байгааг анхаарах ёстой.

Хамгийн гол нь татварын аргачлал ойлгомжтой, тодорхой, ил тод, урьдчилан төлөвлөж болохуйц болох хэрэгтэй. Ингэж чадвал татварын орлогыг хамгаалах болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хоёр зорилгыг зэрэг хангах боломжтой гэж үзэж байна.

 

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Японы Элчин сайд Игавахара: Айлчлал бол оргил биш ахиулан хөгжүүлэх шинэ гараа

Японы Элчин сайд Игавахара: Айлчлал бол оргил биш ахиулан хөгжүүлэх шинэ гараа

“Сүлд" телевизийн ерөнхий захирал М.Уламбадрахын Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Игавахара Масарүтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

Jul 12, 2026

"Л.Оюун-Эрдэнийг алуурчин Ц.Амгаланбаатар төрийн ордонд алхаж явна гэж харах хэрэгтэй"

"Л.Оюун-Эрдэнийг алуурчин Ц.Амгаланбаатар төрийн ордонд алхаж явна гэж харах хэрэгтэй"

Зөвлөлтийн эмгэнэлт явдлууд: Сталины террор

Зөвлөлтийн эмгэнэлт явдлууд: Сталины террор

Ричард Буанган: Монголчууд дулаахан, зочломтгой, бас шулуухан

Ричард Буанган: Монголчууд дулаахан, зочломтгой, бас шулуухан