

Сүүлийн үед гаражнаас төлбөр авах болсон талаар иргэд шүүмжлэлтэй хандах болсон. Тэгвэл энэ асуудал саяхан үүсчихсэн юм биш.
Аль таван жилийн өмнө буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан агаад 2021 оны долдугаар сард буюу баяр наадмын өмнөхөн УИХ-аас баталж байжээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийг анх 2000 онд батласан. Уг хуульд үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0.6-2.0 хувиар тооцохоор тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, анх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн үнэлгээний 0.6-2.0 хувиар эд хөрөнгийн албан татвар төлөхөөр хуульчилсныг өнөөдрийн зах зээлийн үнэлгээтэй харьцуулахад хэтэрхий бага байна гэж үзсэн учраас хуульд өөрчлөлт оруулсан.
Уг хуулийн дагуу Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга болсны дараа буюу 2023 оны 12 дугаар сард НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гаргаж, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоож байв. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит ханшид ойртуулах, бүсчлэлийг шинэчлэх бодлогын хүрээнд Улаанбаатар хотын татварын бүсчлэлийг дахин тогтоосон байдаг.
Тухайн үед Х.Нямбаатарын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ одоогийн зах зээлийн үнээс бага байгаа учраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай” гэсэн ярилцлага өгч байжээ.
Улмаар УИХ-аас 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд ахин нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байдаг.
ГАРАЖ БА ОРОН СУУЦНЫ ТАТВАР
Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг дахин тогтоохдоо бүсчилсэн хэлбэрээр өмнөхөөс өндөр үнэлэмжээр тооцсон. Үүний улмаас иргэдийн үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, автомашины дулаан зогсоолыг үл хөдлөх хөрөнгөөр бүртгэж, татвар авдаг болсон билээ. Өмнө нь иргэдийн орон сууцны зориулалттай нэг үл хөдлөх хөрөнгийг татвараас чөлөөлдөг байсан бол гараж, дулаан зогсоол нь аж ахуйн болон бусад зориулалттай үл хөдлөх хөрөнгийн ангилалд орж, тусдаа татвар заавал төлөх зохицуулалтад орсон.
Тухайлбал, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол зэрэг төвийн дүүргүүд болон шинэ суурьшлын зэрэглэл өндөр бүсүүдийг татварын I бүсэд тооцож, хамгийн өндөр буюу 1%-ийн татвар ногдуулсан. Жишээ нь, Хан-Уул дүүрэгт байрлах 50 м.кв талбайтай байрны үл хөдлөх хөрөнгийн жилийн татвар өмнө нь ₮480 мянга байсан бол ₮1,05 сая болж өссөн. Хэрэв Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд (I бүс) байрлалтай, зах зээлийн үнэлгээ нь ₮25 саяын гаражтай гэж тооцвол жилийн үл хөдлөх хөрөнгийн татварт 1.0% буюу ₮250 мянгын татвар төлнө.
ГАЗРЫН ТӨЛБӨР
Улаанбаатар хотын бүсчлэлээс хамааран газрын төлбөрийн үнэлгээнд өөрчлөлт орсон. Ялангуяа А бүс буюу хотын төв хэсэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн газрын төлбөрийг эдийн засгийн эргэлттэй нь уялдуулан багагүй өндөр дүнгээр нэмэгдсэн.
Татвар өссөн гол шалтгаан нь дэд бүтцийн томоохон төслүүдийг (метро, Туулын хурдны зам гэх мэт) санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн байна. Хотын татвар хураамж, торгууль нэмэгдсэнээр бараа бүтээгдэхүүний үнэ болон үйлчилгээний байгууллагын тариф нэмэгдсэн.
Туулын хурдны замын төслийг хэрхэн санхүүжүүлэх талаар УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр Нийслэлийн нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай мэдээлэл өгөхдөө татвар, торгуулийн нэмэгдлээр санхүүжүүлнэ гэсэн тайлбар өгч байсан билээ.



journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.