

Өнгөрсөн долоо хоногт болсон хүн амины хэргийн шүүх хурлын үеэр шүүгчид нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүйг мэдэгдэх үед Линдси Клэнсигийн гаргасан хариу үйлдэл.
Линдси Клэнсиг хүн амины хэрэгт буруугүй гэж үзэж, цагаатгах санал өгсөн гурван шүүгч Бостоны телевизэд өгсөн ярилцлагадаа шүүгчдийн зөвлөлдөх өрөөнд өрнөсөн хурцадмал байдлыг дүрслэн ярьжээ.
The New York Times
Америк даяар шуугиан тарьж, олон нийтийг хоёр хуваагаад байгаа Линдси Клэнсигийн хүн амины хэрэг эцсийн шийдвэрээ гаргаж чадалгүй, мухардмал байдалд орсноор шүүх хурал үр дүнгүй хэмээн задарлаа.
Массачусетс мужийн Плимут хотод нэг сар орчим үргэлжилсэн уг шүүх хурлын төгсгөлд 12 шүүгчийн 11 нь хатагтай Клэнсийг төрөлтийн дараах сэтгэцийн солиорол (postpartum psychosis) өвчний улмаас хяналтаа алдаж, хүүхдүүдээ хөнөөсөн тул "сэтгэцийн өвчний улмаас гэм буруугүй" гэж цагаатгах талд санал нэгдээд байжээ. Шүүгчдийн багийн ахлагч Рони Карлсон цагаатгах гурван хуудас шийдвэр дээр гарын үсгээ зурж байх яг тэр мөчид ганцхан шүүгч байр сууринаасаа хатуу татгалзаж: "Би түүнийг сэтгэцийн өвчний улмаас гэм буруугүй гэж хэлэхгүй. Тэр хүүхдүүдээ зэрлэгээр хөнөөсөн" хэмээн мэдэгдсэн байна.
Шүүхийн дүрмийн дагуу 12 шүүгч бүгд нэгдсэн нэг шийдэлд хүрэх ёстой байдаг. Гэвч санал зөрөлдсөн ганц шүүгч бусад 11 шүүгчийн тайлбар, эмнэлгийн дүгнэлт болон шүүгчдийн багт байсан сувилагч нарын мэдээллийг огт хүлээж авахаас татгалзсан тул шүүгч Уильям Салливан хурлыг үр дүнгүй гэж зарлахаас өөр аргагүйд хүрсэн байна.
ШҮҮГЧИД ЮУ ЯРИВ?
Шүүх хурлын дараа гурван эмэгтэй шүүгч "NBC10 Boston" телевизэд анх удаа илэн далангүй ярилцлага өгчээ. Тэдний хэлж байгаагаар шүүх хурал маш аймшигтай, сэтгэл зүйн хувьд хүнд байсан бөгөөд хүүхдүүд амь үрэгдсэн шөнө нөхөр Патрик Клэнсигийнх нь яаралтай тусламжид дуудлага өгсөн бичлэгийг дахин сонсохдоо бүгд уйлцгааж байсан гэнэ.
Түүнчлэн тэд прокурорын байгууллагыг хэт "хатуу ширүүн" ажилласан гэж шүүмжилжээ. Прокурорууд Линдсиг амиа хорлохоосоо өмнө хүүхдүүдээ хөнөөхөөр төлөвлөж байсан, хэрэгтээ ухамсартайгаар хандсан гэж маргасан ч түүнийг "муу ээж" байсныг нотлох ганц ч гэрчийг шүүх дээр гаргаж ирж чадаагүй нь шүүгчдийн шийдвэрт маш их нөлөөлсөн байна. Харин нотлох баримтууд Линдсигийн хүүхдүүддээ ямар их хайртай байсныг болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудалдаа удаа дараа эмнэлгийн тусламж хайж байсныг тодорхой харуулж байжээ.
Хэргийг сануулахад, Линдси Клэнси нь 2023 оны нэгдүгээр сард дасгалын туузаар гурван нялх хүүхдээ боомилон хөнөөж, дараа нь цонхоор үсрэн амиа хорлох оролдлого хийсэн юм. Одоогоор тэрээр бэлхүүснээсээ доош саажсан бөгөөд Тьюксберигийн сэтгэцийн эмнэлэгт хоригдож байгаа юм. Прокурорын зүгээс хэргийг дахин шүүх эсэхээ хараахан мэдэгдээгүй байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.