

Хүн сармагчнаас гаралтай гэсэн нийтлэг ойлголтын эсрэг орчин үеийн шинжлэх ухааны судалгаанууд нь хүн болон сармагчин нэг өвөг дээдэстэй болохоос биш, нэг нь нөгөөгөөсөө шууд салбарлан хөгжөөгүй гэдгийг баталдаг. Түүнчлэн, сармагчны төрөл аажмаар хүн болон хувирсан гэх Аристотелийн онолыг орчин үеийн эволюцын судалгаанууд няцаах болсон.

Францын палеоантропологич, "Хүний зүйлийн онцлог шинж чанар" номын зохиолч Паскаль Пик хүн сармагчнаас гаралтай гэж ярих нь логикийн хувьд буруу гэж үздэг. Бидний өвөг дээдэст приматууд багтдаг тул бид хоорондоо эвцэлдэж, эрлийзжиж байсан нь эволюцын үр дүн юм.
Шимпанзе, бонобо, горилла болон орангутан зүйлүүд бидэнтэй адил нэг дээд овгийн буюу Хоминоидууд (hominoids)-д хамаардаг. Тэдний түүх ямар байсан бэ?
Ойролцоогоор 20 сая жилийн өмнө Африкт хоминоидууд хэдхэн килограммаас эхлээд хэдэн зуун килограмм хүртэлх маш олон янзын хэмжээтэй байжээ. Тэд модон дээр амьдарч, шаламгай үсэрч дэвхрэн хөдөлдөг байснаас гадна тэгш цэх зогсох чадвартай байсныг "Le Monde" сонинд бичсэн байна.

Дээрх эх сурвалжид мэдээлснээр, ойролцоогоор 19 сая жилийн өмнө Африкийн эх газрын газар зүйн бүтцийг өөрчилсөн тектоник хөдөлгөөний улмаас Хоминоидууд Европ болон Ази руу нүүдэллэжээ. Европ, Азийн Хоминоидууд цэцэглэн хөгжиж байгаад олон сая жилийн өмнө эрс цөөрсөн байна. Азиас Суматра болон Борнеогийн орангутанууд үүсчээ.
Эцэст нь зөвхөн Африкийн салбар л амьд үлдсэн бөгөөд тэдгээрийн өнөөгийн төлөөлөл нь шимпанзе, горилла болон хүн юм. Ойролцоогоор 5-аас 7 сая жилийн өмнө тэд салбарласан. Нэг талдаа хүний, нөгөө талдаа шимпанзегийн салбар болон салжээ.
Энэхүү бүх шинэ судалгаанууд хүний эволюцын талаарх хуучин ойлголтуудыг няцааж, Чарльз Дарвины онолыг бүхэлд нь шинэчилсэн байна.

Зарим онолууд хүнийг орчин үеийн приматуудаас гаралтай гэж үздэг ч Чарльз Дарвин 1859 онд хэвлүүлсэн "Зүйлүүдийн үүсэл" бүтээлдээ олон нийтийн маргаан болон архелогийн баримт ховор байснаас шалтгаалан хүний эволюцын талаар бараг дурдаагүй байдаг. Түүний хожмын бүтээлүүд малтмалын олдворт бус харин харьцуулсан анатомийн судалгаанд илүү анхаарсан байв.

1699 онд Эдвард Тайсон шимпанзег хүнтэй хамааралгүй гэдгийг батлах зорилгоор задлан шинжилжээ. Гэсэн хэдий ч Францын Үндэсний Байгалийн Түүхийн Музейн профессор Флоран Детруа анатомийн ажиглалтууд нь шимпанзе ба хүний хооронд ойр хамаарал байгааг харуулдаг хэдий ч тэдгээрийг нэг ангилалд оруулдаггүйг онцолсон юм.
Өмнөд Африкаас Homo sapiens-аас мэдэгдэхүйц ялгаатай Австралопитекийн анхны олдворууд олдсон 1891 оноос эхлэн хүнд хамаарах эволюцын онол хүлээн зөвшөөрөгдөж эхэлжээ.
Хүн болон шимпанзе нь нэг нь нөгөөгөөсөө үүсээгүй ч Homini хэмээх биологийн аймагт нэг өвөг дээдсээс гаралтай. Энэхүү хамаарал нь анатоми болон генетикийн ижил төстэй байдлаар илэрдэг. National Geographic-ийн мэдээлснээр хүн нь генетикийн хувьд шимпанзе болон боноботой хамгийн ойр төрөл бөгөөд тэдгээртэй ДНХ-ийнхээ 98 хүртэлх хувийг хуваалцдаг байна.
Флоран Детруагийн хэлснээр эх сурвалж цөөхөн боловч генетикийн судалгаагаар хүн болон шимпанзегийн хамгийн сүүлчийн өвөг дээдэс ойролцоогоор 5-аас 10 сая жилийн өмнөх үед хамаардаг болохыг харуулдаг. Хүний салбарт баялаг олдворууд байдаг бол шимпанзегийн салбарт баримт нотолгоо бараг байхгүй бөгөөд зөвхөн өнөөгийн шимпанзе ба бонобогоор хязгаарлагддаг.
2009 онд Дорнод Африкоос Ardipithecus ramidus-ийн араг ясны хэсгийг нээжээ. 4.5 сая жилийн настай уг Хоминоид нь шимпанзе шиг модонд авирах шинжийг агуулж байснаас гадна цэх алхахад зохицсон түнхний ястай байв.
Australopithecus afarensis нь орчин үеийн шимпанзетай ижил тархи, урт гар зэрэг нийтлэг шинжүүдтэй. Энэ нь цэх алхахын хажуугаар модонд авирах чадвартай байсныг илтгэж, хүн сармагчнаас гаралтай гэх төөрөгдлийг улам гүнзгийрүүлсэн юм.

2.4-өөс 1.4 сая жилийн өмнө амьдарч байсан Homo habilis нь анхны болон орчин үеийн шинж чанаруудыг хоёуланг нь агуулж байв. Зураг дээр балар эртний эмэгтэй хүний төрхийг харуулжээ. Саяхан хийгдсэн малтлага, гавлын ясны судалгаагаар хөмсөгний хэсэг болон том шүд зэрэг анхны шинжүүдээс гадна эрдэмтдийн таамаглаж байснаас илүү хөгжсөн тархитай байсан байна.

Судалгааны технологи тасралтгүй хөгжихийн хэрээр ирээдүйд бидний үүсэл гарлын талаар илүү гайхалтай үнэнүүдийг илрүүлж, Чарльз Дарвин шиг пионерүүдийн дэвшүүлсэн онолуудыг бататгах, зарим тохиолдолд дахин шинэчлэх болно.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.