
Роланд Лескюр Засгийн газар төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүйгээр бүтээлч шийдэл олж чадна хэмээн үзэж байна.
Financial Times (2026-10-27)
Франц улс 2027 оны төсвөө баталж, төсвийн нэмэлт зардал гаргахгүйгээр тэмцэгчдийн шаардлагыг намжаах замаар өөрийгөө Европын "өвчтэй хүн" биш гэдгийг бондын зах зээлд батлах ёстой гэж тус улсын Сангийн сайд мэдэгдлээ.

"Франц улс сорилттой тулгарч байгаа ч бидэнд давуу талууд бий" — Роланд Лескюр
Сангийн сайд Роланд Лескюр даваа гаригт "Financial Times" сонинд өгсөн ярилцлагадаа "Бид өөрсдийгөө эмчилж чадна гэдгээ тэдэнд харуулах ёстой" гэжээ. Тэрбээр эдийн засгийн өсөлтийг сэргээхэд хэрэглэгчид болон бизнесийн итгэлийг эргүүлэн олж авах нь нэн чухал болохыг цохон тэмдэглэв.
Зах зээлийн зүгээс Франц улсыг төрийн зардлаа хяналтдаа авч чадахгүй байна хэмээн үзэж, шийтгэл оноож буйн улмаас тус улсын зээлийн өртөг сүүлийн 25 жилийн хугацаанд харагдаагүй өндөр түвшинд хүрээд байна. Бондын хөрөнгө оруулагчид мөн ирэх 4 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэлтэй удирдагч Марин Ле Пен санал асуулгыг тэргүүлж байгаа нь тус улсад илүү их тогтворгүй байдлыг авчирч, төсвийн нэгтгэлийг улам хүндрүүлнэ хэмээн түгшиж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт "Moody’s" агентлаг Францын зээлжих зэрэглэлийг хүлээгдэж байсанчлан бууруулахаас татгалзсан нь Засгийн газарт гэнэтийн амралт болсон бөгөөд Лескюр үүнийг Францын эдийн засагт итгэл үзүүлсэн хэрэг гэж тайлбарлав.
Тэрбээр "Moody’s агентлаг Франц улсад шийдвэрлэх ёстой сорилтууд тулгарч байгааг санууллаа. Гэхдээ бидэнд бас давуу талууд бий" гэсэн юм.
Сүүлийн долоо хоногуудад өрнөсөн өргөн хүрээтэй, зарим үед хүчирхийллийн шинжтэй болж буй эсэргүүцлийн жагсаал тус улсын уур амьсгалыг бараантуулж, бондын зах зээл болон гудамжны эмх замбараагүй байдлын дунд хавчигдсан Засгийн газарт ирэх дарамтыг улам нэмэгдүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт Марсель хотод өрнөсөн эсэргүүцлийн жагсаал. Дараагийн жагсаалуудыг Бямба гараг болон 11 дүгээр сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хэдэн долоо хоногийн өмнө боловсролын салбарын тааруу нөхцөл байдлыг эсэргүүцэж эхэлсэн ахлах ангийн сурагчдын тэмцэл улам даамжирч, амьжиргааны өртөг өндөр байгаа болон Ерөнхийлөгч Эммануэль Макроны засаг захиргаанд чиглэсэн илүү өргөн хүрээний дургүйцэл болон хувирчээ.
Францын Засгийн газар гудамжны тэмцлийн хариуд төсвийн нэмэлт зардал гаргах замаар шийдвэрлэдэг жишигтэй. Тухайлбал, 2019 онд "Шар хантаазтан"-уудын хөдөлгөөнийг намжаахын тулд €17 тэрбумын татварын хөнгөлөлт болон дэмжлэг туслалцааны арга хэмжээг санал болгож байсан юм.
Засгийн газар үүнтэй ижил алхам хийх шаардлагатай эсэхийг асуухад Лескюр одоогийн төсвийн алдагдал болон зах зээлийн дарамтыг харгалзан үзвэл энэ нь боломжгүй зүйл гэж хариулав.
Тэрбээр "Бидэнд мөнгө байхгүй, тиймээс бид бүтээлч байх ёстой" гэлээ.
Лескюр Засгийн газрын бүтээлч шийдлийн жишээ болгон түлшний өртгийг бууруулах чиглэлээр хийсэн сүүлийн үеийн алхмуудыг онцолсон байна. Макрон өнгөрсөн долоо хоногт Ойрхи Дорнодын үйлдвэрлэгчдээс сард нэмж 300,000 тонн дизель түлш авахаар тохиролцсон бөгөөд үүнээс өмнө бензин, дизель түлшний стратегийн нөөцөөс нэмэлтээр гаргах ажлыг зохион байгуулаад байсан юм.
Ерөнхий сайд Себастьян Лекорню Даваа гаригт оюутнуудад зориулсан хөнгөлөлтүүдийг зарласан бөгөөд үүнд их, дээд сургууль болон мэргэжлийн сургуулиудад 15,000 шинэ хувиар гаргах, их дээд сургуулиудад таван жилийн хугацаанд 1 тэрбум евро олгох, сургуулиудын засварын ажлыг түргэсгэхэд зориулж орон нутгуудад €4 тэрбумын зээл олгохоор тусгажээ.
Гэсэн хэдий ч тэмцэгчид болон үйлдвэрчний эвлэлүүд амьжиргааны өртгийн өсөлтийг шийдвэрлэхэд чиглэсэн илүү далайцтай арга хэмжээ авахыг шаардсаар байна. Дараагийн эсэргүүцлийн жагсаалыг Бямба гариг болон ирэх Пүрэв гаригт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Засгийн газар илүү ихийг хийх шаардлагатай эсэхийг тодруулахад Лескюр: "Бид юу хийх ёстойгоо харах болно. Миний танд баттай хэлж чадах зүйл бол аливаа нэмэлт зардлыг илүү их хэмнэлтээр нөхөх шаардлагатай болно" гэв.
Засгийн газрын 2027 оны төсвийн алдагдлын зорилтот түвшин нь ДНБ-ий 5 хувь юм. Өнгөрсөн жил Францын төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувьд хүрсэн нь Евро бүсдээ Бельгийн дараа орох хамгийн муу үзүүлэлт болсон бөгөөд энэ жил 5.4 хувьд хүрч улам нэмэгдэх төлөвтэй байна.
Францын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өнгөрсөн долоо хоногт 5 хувьд хүрсэн ч "Moody’s"-ийн шийдвэрийн дараа Даваа гаригт мэдэгдэхүйц сэргэв. Германы 10 жилийн хугацаатай бондтой харьцуулсан зөрүү буюу нэмэлт хүүгийн түвшин сүүлийн гурван сарын хугацаанд бараг хоёр дахин өсөөд байна.
Засгийн газар ирэх оны төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор €43 тэрбумын таналт, татварын өсөлтийг тусгасан төсвийн төслийг өргөн барьсан ч парламентад олонхын суудалгүй тул баталж чадахгүй байна. Хууль тогтоогчид сүүлийн долоо хоногуудад олон тооны нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж, зардлын таналтуудын ихэнхийг нь няцаагаад байгаа юм.
Гэвч Лескюр Засгийн газарт парламентыг тойрч гарах үндсэн хуулийн боломжууд байгаа тул эдгээр өөрчлөлтүүдэд тийм ч их ач холбогдол өгөхгүй байна. Үүний нэг нь Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх санал хураалтад унахгүй л бол парламентын дэмжлэггүйгээр хууль батлах боломжийг олгодог Үндсэн хуулийн 49.3 дахь заалт юм. Түүнчлэн өмнө нь хэзээ ч ашиглаж байгаагүй ч Засгийн газар төсвийг тогтоолоор батлах боломжтой аж.
Лескюр "Бидэнд байгаа үндсэн хуулийн хамгаалалтын механизм, тухайлбал 49.3 дугаар заалт болон гүйцэтгэх засаглалын тогтоолуудыг ашиглахаас өөр аргагүй болно гэдгийг хүмүүс ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа. Хэн ч үүнийг институцийн төрийн эргэлт гэж дүгнэхгүй байх" гэв.
Харин сөрөг хүчний намууд хэрэв Засгийн газар зөвшилцөлгүйгээр төсвийг хүчээр тулгавал Засгийн газрыг огцруулж магадгүй хэмээн анхааруулаад байна.
Зах зээлийн болон нийгмийн тогтворгүй байдлыг үл харгалзан Лескюр Францын өрхүүдийг эдийн засагтаа итгэлтэй байж, мөнгөө зарцуулахыг уриаллаа. Францын өрхүүдийн хадгаламжийн түвшин 2025 оны эцэст дунджаар 17.9 хувьд хүрсэн бөгөөд энэ нь цар тахлын үеийг эс тооцвол 1908 оноос хойш харагдаагүй өндөр үзүүлэлт юм. Иргэд тодорхойгүй байдлын үед мөнгөө үрэхээс илүүтэй хадгалахыг илүүд үзэж байна.
Лескюр "Хадгаламжийн түвшин бол эдийн засгийн өсөлтийг хөдөлгөх маш том боломжит хөдөлгүүр юм. Би магадгүй хамгийн сүүлчийн хүн ч байж магадгүй, гэхдээ хэлсээр л байх болно... Энд найдвар байна, өөдрөг бай, Францын нөхцөл байдал тийм ч муу биш байна" хэмээн ярилцлагаа өндөрлөв.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.