НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна
АНАЛИЗ

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна

2 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Карл Дэйссерот (Karl Deisseroth), Петер Хегеманн (Peter Hegemann), Георг Нагел (Georg Nagel) нар гэрлээр идэвхждэг ионы суваг болон тархины мэдрэлийн эсүүдийг (нейрон) бичил гэрлээр идэвхжүүлдэг оптогенетикийн аргыг хөгжүүлсэн ажлаараа шалгарлаа.

The New York Times (2026-10-05)

Карл Дэйссерот, Петер Хегеманн, Георг Нагел нарт мэдрэл судлалын салбарт гаргасан нээлтүүдийг нь үнэлж Даваа гаригт Нобелийн шагналыг олгохоор болсон байна.

Эдгээр гурван эрдэмтэн гэрлээр идэвхждэг ионы суваг буюу тодорхой төрлийн уургуудыг судалж, тархины тодорхой хэсэг дэх мэдрэлийн эсүүдийг бичил гэрлийн тусламжтайгаар идэвхжүүлдэг оптогенетикийн шинэлэг салбарын үндсийг тавьсан тухай Нобелийн хорооны гишүүн Абдель Эль Манира мэдээлэв.

Уг нээлт нь тархины хэлхээ холбоо, сүлжээ хэрхэн ажилладгийг тодорхой болгосноос гадна хараагүй болох, сэтгэл гутрал, донтолт болон зөнөгөрөл зэрэг эмгэгийг эмчлэх шинэ боломжуудыг нээж байгаа юм.

Шагналын эзэд хэн байв?

Доктор Карл Дэйссерот. Станфордын Их Сургуулийн Биоинженерчлэл болон Сэтгэц ба зан төлөвийн шинжлэх ухааны профессор. Тэрбээр багийнхантайгаа хамт тархины мэдрэлийн эсүүдийг идэвхжүүлж, тодорхой зан төлөвийг анх удаа удирдаж чадах бичил оптик шилэн кабелийг зохион бүтээжээ.

Доктор Петер Хегеманн. Берлиний Хумбольдтын Их Сургуулийн Туршилтын биофизикийн профессор. Тэрбээр гэрлийг цахилгаан сигнал болгон хувиргадаг уургийг нээсэн байна.

Доктор Георг Нагел. Германы Вюрцбургийн Их Сургуулийн Ургамлын физиологийн профессор. Тэрбээр Доктор Хегеманны хамтаар уг уургууд нь гэрэлд цохигдохоор цахилгаан сигнал үүсгэдэг "гэрлээр идэвхждэг ионы суваг"-ийг агуулдаг болохыг нээжээ. Энэ нь мэдрэл судлаачдад уургийг идэвхжүүлэх боломж олгодог "унтраалга" болсон гэж профессор Эль Манира тодорхойлсон юм.

Энэхүү нээлт нь мэдрэл судлаачдад тархины мэдрэлийн эсүүдийг хүний тодорхой зан төлөвтэй холбон тайлбарлах боломжийг олгосон гэж Стокхольм дахь Каролинска институтийн Клиник генетикийн профессор, Нобелийн хорооны зөвлөх гишүүн Анна Веделл мэдэгдэв.

"Өмнө нь бидэнд зөвхөн тархины анатомийн буюу бүтцийн зураглал байсан" гэж профессор Веделл яриад, "Харин одоо бид функциональ буюу үйл ажиллагааны зураглалыг гаргаж, тархины өөр хэсгүүдийн эсүүд хоорондоо хэрхэн харилцдагийг ойлгох боломжтой болсон. Энэ нээлт нь тархины үйл ажиллагааг ойлгох огт өөр шинэ хэмжүүрийг нээж өглөө" хэмээн онцолжээ.

Физиологи, анагаах ухааны шагнал нь энэ онд олгогдох Нобелийн зургаан шагналын хамгийн эхнийх нь юм. Шагнал бүр нь тухайн салбарт хувь хүн эсвэл байгууллагын гаргасан шинэлэг, ач холбогдолтой нээлт, бүтээлийг үнэлдэг.

Физикийн Нобелийн шагнал: Мягмар гаригт Стокхольм дахь Шведийн Хааны Шинжлэх Ухааны Академиас зарлана. (Өнгөрсөн онд Жон Кларк, Мишель Х. Деворе, Жон М. Мартинис нар субатом ертөнцийн үзэгдлийг энгийн нүдээр харж болохуйц системд ажиглах боломжийг олгосон ажлаараа хүртэж байв.)

Химийн Нобелийн шагнал: Лхагва гаригт Шведийн Хааны Шинжлэх Ухааны Академиас зарлана. (Өнгөрсөн онд Сусуму Китагава, Ричард Робсон, Омар Яги нар хий болон бусад химийн бодисууд чөлөөтэй нэвтрэх боломжтой молекулын бүтцийг хөгжүүлснээрээ хүртжээ.)

Уран зохиолын Нобелийн шагнал: Пүрэв гаригт Стокхольм дахь Шведийн Академиас зарлана. (Өнгөрсөн онд антиутопи сэдэв болон өвөрмөц хэв маягаараа алдартай Унгарын зохиолч Ласло Краснахоркаи авч байв.)

Нобелийн Энх тайвны шагнал: Баасан гаригт Осло дахь Норвегийн Нобелийн Институтээс зарлана. (Өнгөрсөн онд Венесуэлийн авторитар ерөнхийлөгчийг эсэргүүцэх хөдөлгөөнийг өрнүүлсэн Мария Корина Мачадо хүртсэн юм.)

Эдийн засгийн Нобелийн шагнал: Ирэх долоо хоногийн Даваа гаригт Шведийн Хааны Шинжлэх Ухааны Академиас зарлана. (Өнгөрсөн онд Жоел Мокир, Филипп Агион, Петер Ховитт нар технологийн дэвшил болон эдийн засгийн тогтвортой өсөлтийн хоорондын хамаарлыг тайлбарласан судалгаагаараа хүртэж байв.)

Шалгаруулалтын бүх зарыг Нобелийн шагналын албан ёсны байгууллагаас шууд дамжуулан хүргэдэг.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Х.Нямбаатар хотын даргаасаа огцорсон, мөн АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан учраас нийслэлийн МАН-ын даргын суудлаа өгөх нь тодорхой болсон. Харин түүний оронд нийслэлийн МАН-ын даргаар хэн сонгогдох нь анхаарал татаж байна. Хэвлэл, олон нийтийн сүлжээнд хэд, хэдэн хүний нэрс бичигдэх болсон. Тэдгээрээс нийслэлийн МАН-ын даргаар сонгогдох хамгийн магадлал өндөртэй хүн нь Б.Пүрэвдагва. Тэрбээр Н.Учрал болон Д.Амарбаясгалан нарын дундын хувилбараар хотын даргын суудалд заларсан. Тэр тусмаа түүнийг Д.Амарбаясгалангийн баг, фракц дэмжиж байгаа. Тухайлбал, Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөх Ү.Амарбат нь Д.Амарбаясгаланг спикер байх үед УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны дарга Ж.Эрдэнэбаяр нь Д.Амарбаясгалангийн үед УИХ-ын олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байв. Тэрчлэн Д.Амарбаясгаланг МАН-ын генсек байх үед хэвлэлийнх нь нарийн бичгийн дарга байсан Ц.Чулуунзагд хотын шинэ даргын пиар, сурталчилгааг хариуцаж буй. Ингээд харахаар үндсэндээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт алдсан нийслэлийн МАН-ын даргын суудлаа Д.Амарбаясгалан авах бололтой.

Oct 6, 2026

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

АМНАТ бол татвар биш уул уурхайн өрсөлдөх чадварын илэрхийлэл

АМНАТ бол татвар биш уул уурхайн өрсөлдөх чадварын илэрхийлэл