2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


Ойрх Дорнодод дэгдсэн дайн байгалийн хийн төлөөх дэлхийн хэмжээний өрсөлдөөнийг өдөөж, сүүлийн өдрүүдэд Европын зах зээл дэх хийн үнэ тэнгэрт хадахад хүргээд байна. Шингэрүүлсэн байгалийн хий (LNG) тээвэрлэж байсан хэд хэдэн аварга хөлөг онгоц чиглэлээ өөрчлөн Ази руу хүлгийн жолоо залж эхэлсэн нь Европын эрчим хүчний аюулгүй байдалд томоохон дохио өгөв.
ДЭЛХИЙН ХИЙН ТУЛААН БА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ГАЦАА
Байгалийн хийн төлөөх дэлхийн "тулаан" аль хэдийн эхэлсэн бөгөөд Европ тив энэ тулааны фронтын тэргүүн эгнээнд байна. 2026 оны 3-р сарын 4-ний лхагва гаригаас хойш Африкаас болон АНУ-аас Франц, Бельги, Испанийг чиглэн явж байсан шингэрүүлсэн байгалийн хийн дор хаяж дөрвөн танкер замаасаа гэнэт буцаж, Азийн орнуудыг зорьсон тухай "Kpler" далайн аналитик компани мэдээллээ. Эдгээр танкер нь хийг хол зайд тээвэрлэх зориулалттай, асар том хөргүүртэй "хөвөгч үйлдвэрүүд" юм.
Ойрх Дорнодын мөргөлдөөн эхлээд хоёр дахь долоо хоногтоо орж байгаа (3-р сарын 7-ны байдлаар) энэ үед байгалийн хийн худалдаа ноцтой сааталд орлоо. Дэлхийн шингэрүүлсэн хийн нийт тээвэрлэлтийн 20 орчим хувь нь дамжин өнгөрдөг стратегийн ач холбогдолтой Ормузын хоолойгоор одоогоор ямар ч ачаа тээвэр нэвтрэхгүй байна. Түүнчлэн дэлхийн хамгийн том LNG үйлдвэртэй Катар улс Ираны нисгэгчгүй онгоцны халдлагад өртсөний улмаас үйлдвэрлэлээ бүрэн зогсоожээ.
Катарын Эрчим хүчний сайд Саад Аль-Кааби "Financial times" сонинд өгсөн ярилцлагадаа "Мөргөлдөөн яг одоо дууссан ч нийлүүлэлтийн хэвийн мөчлөгт шилжихэд долоо хоногоос хэдэн сарын хугацаа шаардагдана" гэж анхааруулсан байна. Тэрбээр Европ тивийг Азийн худалдан авагчидтай үнээр өрсөлдөхөд бэлэн байхыг сануулаад, Азийн орнууд зах зээл дээрх бэлэн хийг илүү өндөр үнээр авч, Европыг "булаах" эрсдэлтэйг онцолжээ.
ЕВРОПЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ: ХЯНАЛТ БА ТҮГШҮҮР
Европчууд дөрвөн жилийн өмнө Украины дайн болон Оросын нийлүүлэлтийн тасалдалаас үүдэлтэй эрчим хүчний хямралыг амсаж байсан тул энэхүү сануулгыг маш ноцтой хүлээж авч байна. Гэвч энэ удаагийн нөхцөл байдал өмнөхөөсөө ялгаатай. Европ тив шингэрүүлсэн хийн хэрэгцээнийхээ ердөө 10 хүрэхгүй хувийг Катар болон Арабын Нэгдсэн Эмират улсаас авдаг. Харин Катарын экспортын 90 шахам хувь нь Азийн зах зээлд нийлүүлэгддэг байна.
Европын Холбооны албаны хүмүүс одоогоор хийн хомсдол үүсэх эрсдэлгүй, нөхцөл байдал хяналтад байна гэж тайвшруулж байгаа ч нэгэн эмзэг асуудал бий. Хатуу өвлийн дараа Европын хийн нөөц агуулахууд ердөө 29%-ийн дүүргэлттэй байгаа нь 2024 болон 2025 оны мөн үеийнхээс харьцангуй бага үзүүлэлт юм.
Нийлүүлэлт тасалдах гэхээсээ илүүтэйгээр "үнэ" өөрөө гол аюул болоод байна. Мөргөлдөөн эхэлснээс хойш Европын хийн үнийн жишиг болох Голландын TTF зах зээл дээр хийн фьючерс гэрээний үнэ 60% өсөж, нэг мегаватт цаг (МВт.ц) нь 30 еврогоос 50 евро давж гарлаа. Хэдийгээр 2022 оны дээд цэг болох 340 еврогоос хол байгаа ч үнийн энэхүү өсөлт нь эдийн засагт дарамт болох нь тодорхой байна.
ЗАХ ЗЭЭЛИЙН ӨРСӨЛДӨӨН БА "ХАМГААЛАХ ДЭРГҮЙ (AIRBAGS)" ГАМШИГ
Шингэрүүлсэн байгалийн хийн импортлогчдын олон улсын бүлгийн төлөөлөгч Лоран Давид "Мөргөлдөөн удаан үргэлжлэх тусам хурцадмал байдал нэмэгдэнэ. Энэ бол газрын тосны зах зээл шиг уян хатан биш, үйлдвэрлэлийн эх үүсвэр цөөхөн, хөрвөх чадвар багатай зах зээл юм" гэж анхааруулав. Европ тив нөөцөө эргэн нөхөж эхлэх үед Азитай хийх "спот зах зээл" (өдрийн арилжаа)-ийн өрсөлдөөн улам ширүүсэж, хийн ачаанууд хамгийн өндөр үнэ өгсөн тал руу чиглэх болно.
2022 оноос хойш Европ Оросын хийнээс хамааралгүй болохын тулд нийлүүлэлтээ төрөлжүүлж, АНУ-ыг гол түншээ болгосон. LNG-ийг дамжуулах хоолойн хийнээс илүү найдвартай, уян хатан нөөц гэж үзэж байсан ч энэ үзэл баримтлал одоо эргэлзээ төрүүлж эхэллээ.
Sciences Po Paris сургуулийн профессор, эдийн засагч Тьерри Брос "2022 онд Европ эрчим хүчний татаасанд 4 их наяд евро зарцуулсан. Энэ удаад тийм зүйл давтагдах боломжгүй. Бид энэ хямралтай ямар ч "хамгаалах дэргүйгээр" (airbags) нүүр тулна" гэж хэлсэн байна. Хэрэв хийн үнэ 100 еврогоос давж эхэлбэл Европын үйлдвэрүүд үүдээ барьж, АНУ руу нүүхээс өөр аргагүй болох эрсдэлтэйг сануулсан байна.
САЛБАРУУДЫН ЦОХИЛТ БА ХУВИЛБАРТ ГАРЦУУД
Хими, шил, хүнсний үйлдвэрлэл зэрэг эрчим хүч ихээр хэрэглэдэг салбарууд үнийн өсөлтийн нөлөөг аль хэдийн мэдэрч эхэлсэн байна. Газрын тосны үнэ ч мөн адил өсөж, Брент маркийн тос нэг торх нь $90 давсан тул үйлдвэрлэгчид түлш рүү шилжих боломжгүй байна.
Эрчим хүчний хомсдолоос сэргийлэхийн тулд зарим улс орон хамгийн их бохирдолтой нүүрсний цахилгаан станцуудаа эргэн ашиглахад хүрч байна.
Итали улс хийн хэрэгцээнийхээ гуравны нэгийг Катараас авдаг тул нөхцөл байдал муудвал хаагдсан нүүрсний станцуудаа дахин ажиллуулахаа мэдэгдэв. Харин Франц улс өөрийн цөмийн эрчим хүчний паркад найдаж байгаа бөгөөд 2022 онд тохиолдож байсан зэврэлтийн асуудал шийдэгдсэн тул цөмийн реакторууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, "буфер" буюу зөөлөвч болох боломжтой гэж үзэж байна.
ОРОС БА ЕВРОПЫН ИРЭЭДҮЙ
Европын Холбоо 2027 он гэхэд Оросын нүүрс устөрөгчийн худалдан авалтаа бүрэн зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд 4-р сараас эхлэн Оросын LNG-ийг богино хугацааны гэрээгээр авахыг хориглох гэж байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) тэргүүн Фатих Бирол "Эдийн засгийн болон улс төрийн хувьд Оросыг дахин сонголт болгон харах нь буруу алхам болно" гэж мэдэгдээд, Европыг сэргээгдэх эрчим хүч болон цөмийн салбарт илүү их хөрөнгө оруулалт хийхийг уриалав.
Одоогоор Европын хэмжээнд үнийн өсөлтийн эсрэг ямар нэг яаралтай арга хэмжээ аваагүй байгаа ч цахилгаан эрчим хүчний үнийн өсөлтын механизмыг өөрчлөх тухай мэтгэлцээн дахин өрнөж эхэллээ. Франц, Итали зэрэг улсууд цахилгааны үнийг байгалийн хийн станцын зардалд тулгуурлан тогтоодог журмыг цуцлахыг хүсэж байгаа бол Дани, Нидерланд тэргүүтэй орнууд системийг өөрчлөхөөс татгалзаж, харин импортын үнэтэй хийнээс бүрмөсөн татгалзахыг уриалж байна.
Европ тив эрчим хүчний бие даасан байдлаа хамгаалах уу, эсвэл дахин нэг удаа үнийн шоконд нэрвэгдэж, аж үйлдвэрийн салбараа алдах уу гэдэг нь ирэх саруудын геополитикийн нөхцөл байдлаас шууд хамаарах юм.
www.lemonde.fr

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27