2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 12


Баяр наадам ч дууслаа. Хөл бөмбөгийн дэлхийн аварга ч тодорлоо. Зун буцаж, намар ч ойртож явна. Монголын урин цаг богинохон, ид дулааны үеэр хувь, хувьсгалгүй амраад алга болдог.
Хичээл эхлэхтэй зэрэгцээд энд тэндгүй зам талбай ухаж төнхөөд, шороо тоос бужигнуулаад эхэлдэг нь ч гэм биш болсон. Энэ жилийн байр байдал ч ялгаагүй шинжтэй. Х.Нямбаатарын барьсан зам нэг жилийн нар, салхи, бороо цасны ая даалгүй эвдрэв. Нийтдээ ₮32 тэрбумаар зүгээр байсан зам хуулаад баахан хятад хавтан өрсөн. Одоо хариуцлага хүлээх хүн нь огцроод зугатчихсан. Улсын мөнгө ч уйлдаггүй, улаанбаатарчууд ч ямар уурлах биш дээ. Х.Нямбаатар шиг дарга байхгүй гэж лайванд нь хууртсан хар масс их.
Дайны хохирлоос болж, Орос дотооддоо шатахууны гүнзгий хомсдолд орсон. Үүнээс болоод Монголд ч импортын хямрал нүүрлэж эхэллээ.
Баяр наадмын өдрүүдэд АИ-92 бензинийг ₮250-аар нэмжээ. Араас нь халаалтын үнэ, халуун усны төлбөр, цэвэр ус, бохир усны тариф бүгд өсөв. Халаалт мкв тутамд ₮25-аар, ус халаасны төлбөр мкуб тутамд ₮82-оор, цэвэр ус м³ тутамд ₮660-аар, бохир ус м³ тутамд ₮750-аар тус тус нэмэгджээ. Замын хураамж нэг удаагийнх нь ₮10 мянга.
Мэдээж, үнийн өсөлт үнийн өсөлтөө дагуулдаг. Ялангуяа шатахууны үнэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд сөрөг нөлөөтэй.
Шатахууны үнэ өсөх нь ерөнхий инфляцыг шууд, харин тээвэр, ложистик, үйлдвэрлэлийн өртгөөр дамжин суурь инфляцыг аажмаар нэмэгдүүлж, эдийн засагт дарамт үүсгэдэг. Товчхондоо, махны үнэ буухгүй. Гурилын үнэ өснө. Такси, тээврийн үнэ нэмэгдэнэ л гэсэн үг. Орос цоргоо хаачихгүй шиг шатахуунаар хангаж байвал их юм болжээ.
Монгол Улс уг нь ядуу улс биш. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 4 жилд зарцуулсан төсөв гэхэд ₮125 их наяд. Энэ мөнгөөр хэчнээн километр зам тавьж, хэдэн цахилгаан станц барьсан бэ гэдэг асуултын тэмдэг. Ямар ч байсан Ч.Сайханбилэгийн үед шавыг нь тавьсан Бөөрөлжүүтийн тал нь ашиглалтад орсныг эс тооцвол Тавдугаар цахилгаан станцын барилгын ажил өнгөрсөн хавраас л эхлэх төдий. Тавантолгойн цахилгаан станц нь бүр сураггүй. Ирэх өвөл эрчим хүчний салбар хүндэрнэ гэсэн прогнозтой. Яажшуухан өвлийг давахаа засгийн сайд, яамны дарга нар нь тооцсон байх л гэж найдъя.
Өвөл шатахууны нийлүүлэлт хэвийн байж чадах уу. Энэ бас л хэцүү асуулт. Адаглаад өнгөрсөн хугацаанд шатахуун нөөцлөх агуулах саваа төр нь ч, импортлогчид нь ч барьсангүй. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх маягтай л явж ирлээ.
Л.Оюун-Эрдэнэ анх Ерөнхий сайд болоод Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх ₮10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлэхдээ эрчим хүчний эх үүсвэрийн тоогоо нэмэх, цахилгаан станцын зуухаа ядаж л засаж сэлбээгүй. Сангийн яам, Монголбанкны тайланд дурдсанаар ₮10 их наядын мөнгөний 43%-ийг жижиг дундынханд зарцуулсан гэжээ. Харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед жилдээ 30 мянган компани хаалга үүдээ барьж байв. Эдийн засгийн өнгөрсөн хугацааны хөөс, хөөсрүүлсэн тооны эффект эдийн засагт сүүдэртээд эхэлсэн.
Үнийн өсөлт өндөр орлоготой, чинээлэг өрхийн халаасыг зузаалж, харин эмзэг бүлгийнхэн, ядуусын хоолыг булаадаг. Үндсэндээ, үнийн өсөлт хэзээ ч тэгш үйлчилдэггүй. Том бизнес эрхлэгчдийн хөрөнгө өсөх хөшүүрэг нь үнийн өсөлт байдаг бол, нөгөө талд бага орлоготой өрхүүдийн хувьд үнийн өсөлт өдөр тутмын хэрэглээгээ танах, хоол хүнс, боловсрол, эрүүл мэндийн зардлаа хасах сонголт руу шахдаг.
Инфляц бол тоон үзүүлэлтээс илүүтэйгээр нийгмийн тэгш бус байдлыг томруулдаг үзэгдэл юм.
Эдийн засагт үнэ өсөх, буурахаас илүү тогтвортой байх нь чухал. Татвар, торгууль, тариф үнэ ч мөн адил тогтвортой байж иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид урт хугацааны бодлогоо тодорхойлдог. Харамсалтай, Монголд богино зайны улс төрөө дагаад богино зайны эдийн засгийн бодлого л хэрэгждэг.
Удахгүй хүүхдийн сургалтын төлбөр, намрын бэлтгэл, өвлийн нүүрс, хичээлийн хэрэглэл, хувцас , хунар гээд иргэдэд үнийн өсөлт бодит утгаараа мэдрэгдэнэ. Эдийн засгийн бодлого бол телевизийн хоосон хэлэлцүүлэг биш. Энэ бол айл бүрийн хөргөгчинд, иргэдийн түрийвчинд, зээлийн дансанд бичигддэг бодит амьдрал.
Хэрэв орлого өсөхгүй атлаа зардал тасралтгүй өссөөр байвал хүмүүс илүү ажиллах биш, илүү хэмнэхээс өөр сонголтгүй болно. Харин хэт хэмнэлт эцэстээ хэрэглээг хумиж, жижиг бизнесүүдийн орлогыг багасгаж, эдийн засгийг өөрөө удаашруулдаг.
Тиймээс үнэ нэмэгдсэн тухай мэдээ бол ганцхан статистик биш. Энэ бол айл өрх бүрийн төсөвт ирж буй дарамт юм. Иймээс л эдийн засгийн асуудлууд наадам шиг дуусчихгүй, хөл бөмбөг шиг өндөрлөчихгүй. Гол асуудлууд ард биш урд байна!

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 16
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 15
2026 оны 7-р сарын 12