

Монгол хүний тухай ярихдаа бид түүхээ Чингис хаанаас эхлүүлчих гээд байдаг. Гэтэл өнөөгийн монгол хүнийг бий болгосон түүх түүнээс хэдэн мянган жилийн өмнө эхэлсэн юм. Тэр түүхийг зөвхөн судар бичгээс бус, Хөвсгөлийн эртний булшнаас олдсон хүний яс, шүдэнд хадгалагдсан сүүний уураг, эртний ДНХ, өнөөгийн монголчуудын геномоос хүртэл уншиж болдог болсон.
Өөрөөр хэлбэл бидний түүхийн нэг хэсэг бидний биед бичээстэй үлджээ.
XIX–XX зууны эхэн үеийн антропологид хүнийг гавлын яс, нүүрний хэлбэр зэрэг шинжээр “европоид, монголоид, негроид” гэх мэт том бүлэгт ангилдаг байсан бол генетикийн шинжлэх ухаан хөгжихийн хэрээр энэ гурвалсан ангиллыг бараг хэрэглэхээ болиод байна.
Хүний генетикийн ялгаа тасархай гурван хайрцаг биш, газарзүйн онцлог даган аажмаар өөрчлөгдөж, олон мянган жилийн шилжилт хөдөлгөөн, цус сэлбэлтийн дүнд бүрэлдсэн асар нарийн зүйл юм. Америкийн Антропологичдын холбоо хүртэл гавлын хэлбэр зэрэг фенотип нь ген, орчин, хөгжлийн харилцан үйлчлэлийн үр дүн бөгөөд хүн төрөлхтөн биологийн хувьд цөөн хэдэн тусгаар “арьстан”-д хуваагддаггүйг онцолдог.
Харин энэ нь Монгол хүний гэж тодотгох биологийн онцлог байхгүй гэсэн үг огт биш.
Харин ч эсрэгээрээ. Орчин үеийн популяцийн генетик Монголын тал нутагт амьдарсан хүмүүсийн генетикийн түүх ямар өвөрмөц, ямар их хөдөлгөөнд оршиж ирснийг улам улам бүр нотолж байна.
Монгол нутаг бол хүн ам зүйн хувьд “гарцгүй” газар биш. Сибирь, Зүүн Ази, Төв Ази, Евразийг холбосон хүн төрөлхтний томоохон уулзваруудын нэг юм. Монгол болон Байгал нуур орчмын 2000- 6000 жилд хамаарах эртний 214 хүний геномыг хамарсан судалгаагаар Монгол нутагт хүн амын олон удаагийн шилжилт, генийн сан холилдох үйл явц явагдаж, Хүннүгийн үед бүр идэвхжиж генийн олон бүлгүүд нэгдэж байсан нь тогтоогдсон. Харин Их Монгол улсын үеийн хүн ам өнөөгийн монгол хэлт популяцитай генетикийн хувьд илүү ойр дүр зураг үзүүлсэн байдаг.
Энэ бол гайхалтай.
Монгол хүний геном бол хаалттай саванд хадгалагдсан “цэвэр ген” биш. Харин Евразийн төвд олон мянган жил амьдарч, өөрчлөгдөж, харилцаж ирсэн амьд архив юм.
Тэгвэл Монголын байгаль энэ архив дээр юу бичсэн бол?
Монголын амьдрах орчныг төсөөлөөд үзье. Өвөлдөө −30, −40 хэм хүрэх хүйтэн, зундаа +30 хэм давсан халуун, хуурайшилт, хүчтэй салхи, улирлын асар их хэлбэлзэл, далайн түвшнээс харьцангуй өндөр өргөгдсөн нутаг, улирлын хүнсний онцлог, малын гаралтай өөх тос, мах, сүүн бүтээгдэхүүн давамгайлсан уламжлалт хооллолт.
Ийм орчинд ганц хоёр үе биш, олон зуун үеэр суурьшин амьдарна гэдэг биологийн хувьд асар өндөр ач холбогдолтой.
Байгалийн шалгарал гэдэг хамгийн хүчтэйд тал засдаг, түүнийг зориуд бүтээдэг механизм биш. Харин тухайн орчинд амьд үлдэж, үр удмаа үлдээхэд ашигтай, дасан зохицсон генийн мутациуд үеэс үед арай өндөр давтамжтай болох үйл явц юм.
Монгол популяцийн геномыг судалсан ажлуудаас дархлааны үйл ажиллагаатай холбоотой MHC бүсэд байгалийн шалгарлын хүчтэй нөлөө илэрсэн байдаг. Энэ нь монголчууд “бусдаас хүчтэй дархлаатай” гэдгийг шууд нотлохгүй ч өвчин үүсгэгчид болон орчны дарамт популяцийн геномд ул мөрөө үлдээсэн байж болохыг харуулна.
Өндөрлөг газрын Монгол популяцийн судалгаанууд бүр ч сонирхолтой.
Ойролцоогоор 3000 метрийн өндөрлөгт амьдардаг Дээд Монголчуудын геномын судалгаанд хүчилтөрөгчийн дутагдал болон бодисын солилцоотой холбоотой EPAS1, PKLR, CYP2E1, PPARG зэрэг генүүдэд өвөрмөц мутациуд байдаг. Судлаачид тэдний гемоглобины түвшин мөн ижил өндөрлөгт амьдардаг Төвөд болон Хань хүмүүсийн хоорондын завсрын шинжтэй байсныг тэмдэглэсэн байдаг.
Энэ бол “монгол хүнд супер ген байна” гэсэн үг биш.
Харин хүн амьдран буй орчиндоо үе удмаараа дасан зохицож чаддаг бөгөөд тэр түүхийн зарим мөр геномд үлдэж болдог гэсэн үг юм.
Монголчуудын сүүний хэрэглээтэй холбоотой дасан зохицол бүр ч гайхалтай.
Хэрэв европ хүний жишгээр бодвол олон мянган жил сүү хэрэглэсэн ард түмэнд насанд хүрсэн хойноо лактоз задлах LCT/MCM6-тай холбоотой мутаци өндөр байх ёстой мэт. Гэтэл Монголд тийм биш.
Хөвсгөлөөс олдсон хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийн шүдний чулуунаас үхэр, хонь, ямааны сүүний уураг шууд илэрсэн. Өөрөөр хэлбэл 3000 гаруй жилийн өмнөх Монголын хүмүүс сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байсны молекулын нотолгоо гэсэн үг. Гэтэл тэдэнд Европт түгээмэл байдаг насанд хүрсэн хойно лактоз задлах генетикийн хувилбар илрээгүй.
Тэгвэл тэд яаж сүү хэрэглэсэн бэ?
Энд Монгол популяцийн хамгийн сонирхолтой ойлголтуудын нэг энэ юм.
Ген өөрчлөгдөхийг хүлээхийн оронд соёл өөрчлөгджээ.
Сүүг шууд уухын оронд тараг болгоно. Айраг исгэнэ. Ааруул хийнэ. Бяслаг, ээзгий, өрөм болгон боловсруулна.
Исгэх явцад лактозын хэмжээ багасдаг учраас насанд хүрсэн хүн сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах боломж нэмэгдэнэ. Тиймээс Төв Азийн малчдын хувьд лактоз боловсруулах генетикийн дасан зохицлоос гадна соёлын технологийн дасан зохицол асар чухал байсан байна.
Энэ бол генетикийн маш чухал ойлголт болох gene–culture coevolution буюу ген ба соёлын хам хувьсал юм.
Монголчууд зөвхөн байгальдаа дасан зохицоогүй, бид байгальд тохирох амьдралын технологийг бүтээж ирсэн.
Гэр бол салхи, хүйтэнд тохируулсан технологи. Нүүдэл бол бэлчээрийн улирлын өөрчлөлтийг ашиглах стратеги. Малаа таван хошуугаар төрөлжүүлэх нь экологийн эрсдэлийг хуваах арга. Махыг борцлох нь хүнс хадгалах технологи. Сүүг исгэх нь биохимийн боловсруулалт.
Эндээс монгол хүнийг ойлгоход генээс ч илүү сонирхолтой дараагийн ойлголт гарч ирдэг.
Энэ бол эпигенетик.
Ген бол номын үсэг гэж төсөөлье.
Эпигенетик бол тэр номын аль хуудсыг хэдийд нээж уншихыг зохицуулдаг тэмдэглэгээ юм.
Хүний ДНХ-ийн дараалал өөрчлөгдөөгүй байхад хооллолт, стресс, хөдөлгөөн, температур, нойр, халдвар, эхийн хэвлий дэх орчин зэрэг хүчин зүйлс генийн идэвхжилд нөлөөлж чадна. DNA methylation, histone modification зэрэг механизмаар зарим ген илүү идэвхтэй, зарим нь нам гүм ажиллана.
Тиймээс Монголын эрс тэс орчин хүний биед хэрхэн нөлөөлсөн тухай ярихдаа хоёр өөр хугацааны хэмжүүрийг ялгах хэрэгтэй.
Олон мянган жилийн хугацаанд генийн давтамж өөрчлөгдөнө.
Нэг хүний амьдралын турш болон зарим нөхцөлд үе дамжин эпигенетикийн зохицуулалт өөрчлөгдөж болно.
Дээр нь бага наснаас бий болсон физиологийн дасал нэмэгдэнэ.
Ингээд ген + эпигенетик + хөгжлийн орчин + хооллолт + хөдөлгөөн + соёл
нийлж хүний бодит бие махбодын онцлогийг бий болгоно.
Энэ өнцгөөс харвал XIII зууны монгол цэргийн тэсвэрийг ганцхан “дайчин ген”-ээр тайлбарлах нь хэтэрхий энгийн болно.
Тэдний давуу тал нь ген байсан байж болохоос гадна багаасаа морь унах, өдөржин хөдөлгөөнтэй байх, хүйтэн халуунд амьдрах, холын замд дасах, малын гаралтай өндөр илчлэгтэй хүнс хэрэглэх, исгэсэн бүтээгдэхүүн хэрэглэх, нүүдлийн амьдралын сахилга бат, зохион байгуулалт, мэдээллийн сүлжээ зэрэг биологи–соёл–технологийн нийлмэл систем байсан.
Тэр системийг хэдэн зууны биш, хэдэн мянган жилийн тал нутгийн амьдрал бэлтгэсэн гэж хэлж болно.
Тэгэхээр Монголын түүхийн хамгийн гайхалтай зүйл нь “бидэнд бусдад байдаггүй нэг онцгой ген бий” гэдэгт биш.
Үүнээс хавьгүй том зүйлд оршино.
Монголын тал нутаг хүнээ өөрчилсөн. Харин монгол хүн тэр хатуу байгальд зүгээр нэг тэсэж үлдээгүй. Амьдрах соёлоо бүтээж, тэр соёл нь эргээд хүнийхээ биологийн амьдралд нөлөөлсөн.
Өнөөдөр эртний ДНХ-ийн технологи хөгжих тусам бид өвөг дээдсийнхээ тухай домог, судар хоёрын хажууд гурав дахь нэгэн “судар”-ыг уншиж эхэлж байна.
Тэр нь геном.
Монгол нутгийн булшнаас гарсан хэдэн мянган жилийн настай яснаас ДНХ-г ялгаж, өнөөгийн монгол хүний ДНХ-тэй харьцуулах боломжтой болсон нь бидний гарал үүслийн тухай яриаг шинэ шатанд гаргалаа. 6000 жилийн генетикийн түүхийг сэргээсэн судалгаанууд Монголын тал нутагт хүн амын асар хөдөлгөөнтэй түүх өрнөж байсныг харуулж байна.
Харин сүнс, сахиус, удган зайрангийн уламжлал бол өөр түвшний асуудал. Түүнийг генетикийн нотолгоо мэт танилцуулбал шинжлэх ухаан биш болно. Гэхдээ Монголын биет бус соёлын өв, угийн ой санамж, ертөнцийг үзэх үзэл, үе дамжсан аман түүх гэдэг утгаар нь судлах асар үнэ цэнтэй. Шинжлэх ухаан геномыг судална, түүх судлал эх сурвалжийг шинжилнэ, антропологи зан үйл, итгэл үнэмшлийг судална. Эдгээрийг хооронд нь хүчээр хутгах бус, зэрэгцүүлэн судлах нь Монгол хүнийг илүү бүтнээр ойлгоход туслана.
Мөн “дэлхийн бүх суут хүмүүс монгол гаралтай” гэх дүгнэлтийг өнөөгийн генетикийн шинжлэх ухаан батлаагүй. Харин батлагдсан зүйл нь өөрөө хангалттай гайхамшигтай. Евразийн төвд орших Монголын тал нутаг олон мянган жилийн турш хүн ам, соёл, технологийн уулзвар байж, эндээс Хүннү, Түрэгийн үеийн нүүдэлчдийн улс төрийн тогтолцоо, улмаар XIII зуунд Евразийн асар том хэсгийг холбосон Их Монгол улс төрөн гарсан.
Өөрийн үндэстнээр бахархахын тулд шинжлэх ухаанд байхгүй нотолгоо бидэнд хэрэггүй.
Монгол хүний жинхэнэ түүх хангалттай хүчтэй.
Хэдэн мянган жилийн нүүдэл, эрс тэс уур амьсгал, сүү, маханд тулгуурласан өвөрмөц хүнсний соёл, ген болон соёлын хам хувьсал, Евразийн хүн амын хөдөлгөөний уулзвар болсон газарзүй, энэ бүхний мөрийг өнөөдөр хүртэл хадгалсан геном бол Монгол хүний геном юм.
Бид өвөг дээдсийнхээ түүхийг зөвхөн номын хуудаснаас уншдаг үеийг өнгөрөөж байна.
Одоо тэдний яснаас, шүднээс, генээс хүртэл түүхийг нь уншиж байна.
Монгол хүн бол энэ дэлхийн хамгийн хатуу ширүүн бүс нутгуудын нэгэнд мянга мянган жил амьдарч, байгальдаа биологиороо дасан зохицохын зэрэгцээ байгалиа даван туулах соёлыг бүтээж чадсан ард түмний үргэлжлэл юм.

Биологич
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.