

Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын ээлжит томилолт 10-р сарын 2-4-ний өдрүүдэд “Энержи ресурс” компанийн Ухаа худагийн нүүрс-аж үйлдвэрийн цогцолборт үргэлжиллээ. Намрын шар нар, говийн бороо бидний томилолтыг мялаасанд бид ихэд олзуурхацгаалаа. Монгол хүн хаа ч очсон хур дагуулж очихыг билэгшээдэг ард түмэн. Нүүрсний тоос бужигнаж байдаг газар бороо орно гэдэг байгалийн усалгаа л гэсэн үг.
Цогтцэций бол засаг захиргааны нэрээрээ сум боловч хүн ам, зах зээл, үйлчилгээ, дэд бүтцийн хөгжлөөрөө хотын хэмжээнд дүйж очихоор болсон газар. Улаанбаатараас 540 гаруй км-ийн зайтай ч Цогтцэцийд очсон хэн ч нийслэл Улаанбаатартай дүйх хэмжээний ямар ч үйлчилгээ авч чадна. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2005 онд Цогтцэций сумын хүн ам 2317 гэж бүртгэгдэж байсан бол өнгөрсөн 2025 оны байдлаар 11392 болж 20 жилийн хугацаанд 5 дахин нэмэгджээ. Хөдөлгөөнт хүн амаа тооцох юм бол өнөөдөр Цогтцэцийгээс 20000 хүн амьдралаа залгуулдаг.
Ухаа худаг нүүрс-аж үйлдвэрийн цогцолбор
Цогтцэций бол Монголын нүүрсний олборлолтын төв цэг болсон газар. Энд “Энержи ресурс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” гэсэн 3 компани нүүрс олборлон, Хятад улс руу экспортолдог.
21 жилийн өмнө 2005 онд Монголын хувийн хэвшлийн MCS, “Петровис”, “Шунхлай” компаниуд хамтран хөрөнгө оруулж “Энержи ресурс” компанийг үүсгэн байгуулсан нь эдүгээ нэмүү өртөг бүтээгч Монголын топ компанийн нэг болон өсөн хөгжжээ. Өнгөрсөн хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс-аж үйлдвэрийн цогцолборыг Монголдоо жишиг болохуйцаар бүтээн байгуулсан. Нүүрс олборлох, баяжуулах, тээвэрлэх, экспортлох гээд үйлдвэрлэлийн бүтэн циклийг бий болгож, энэхүү үйлдвэрлэлд шаардлагатай эрчим хүч, зам тээвэр, усан хангамж, техник, лаборатори, сургалтын төвийг багтаасан цогцолбор эдүгээ Цогтцэцийд бий болжээ.
Үүсэн байгуулагдсанаасаа хойш тус компани Монголын уул уурхайн хөгжлийн түүхийн шинэ шинэ хуудсыг бичиж, олон зүйлийн анхдагч болжээ. Анхны нүүрсний баяжуулах үйлдвэр, анхны олон улсын IPO, анхны салхин сэнсэн хөргүүртэй цахилгаан станц гээд- энэ бүхнийг бүтээгч нь “Энержи ресурс” юм.
“Энержи ресурс” ба Монголын эдийн засаг
“Энержи ресурс” компанийн бий болгосон нэмүү өртөг 2009-2025 оны хооронд 67 дахин өсч, ДНБ-д эзлэх жин нь 0.2%-иас 1.0% болжээ. Жилдээ 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр, Тавантолгой-Гашуунсухайтын 245 км нүүрс тээврийн замыг тавьсан, 18 МВт-ын цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулсан нь тус компанийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн оргил үе болсон. Өнөөг болтол монголчуудын эш татах дуртай 2012 оны эдийн засгийн 17.3%-ийн өсөлт чухамдаа “Оюутолгой” болон “Энержи ресурс” компанийн үйл ажиллагааны үр дүн байсан билээ.
2010 оноос хойш “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтын топын топоос “Энержи ресурс” буусангүй, өнгөрсөн 2025 онд “Оюутолгой”-н ард 2-т бичигдсэн. 2024 онд татвар, шимтгэлийн төрлөөр хамгийн өндөр төлөлттэй ТОП-5 аж ахуйн нэгжийн 4-т эрэмбэлэгдсэн. Тухайлбал, НДШ-т 546.5 тэрбум төгрөг (нийт орлогын 6.0%), НӨАТ-т 310.6 тэрбум төгрөг (нийт орлогын 3.4%), ХХОАТ-т 253.2 тэрбум (нийт орлогын 3.0%) төлжээ.
Судалгаа, зөвлөх үйлчилгээний MMCG компанийн 2025 онд хийсэн судалгаагаар “Энержи ресурс” компанийн бий болгосон 1 төгрөгийн нэмүү үнэ цэн Монголын эдийн засагт 2.05 төгрөгийн нэмүү үнэ цэн бий болгох нөлөөтэй гэжээ. Энэ судалгаагаар “Энержи ресурс” компанийн эдийн засгийн үржүүлэгч 2.053 (шууд нөлөө 1.080, шууд бус нөлөө 0.521, өдөөгдсөн нөлөө 0.452) байгаа нь уул уурхайн бусад компаниас өндөр байгаа юм. Тухайлбал, төрийн өмчит “Эрдэнэт” (1.802) үйлдвэрээс 83%-иар, гадаадын хөрөнгө оруулалттай “Оюутолгой” (1.623) ХХК-иас 76%-иар тус тус өндөр юм.
2025 оны байдлаар тус компани Монголын нүүрсний салбарын олборлолтын 23.9%-ийг дангаар эзэлж байна.
“Энержи ресурс” компанийн улсын төсөвт төвлөрүүлсэн орлогыг тухайн жилийн хүн амд ногдуулан тооцвол нэг хүнд ногдох дүн 2009 онд 4.1 мянган төгрөг байсан бол 2025 онд 91.6 мянган төгрөг болж, 22 дахин нэмэгджээ. Энэ үзүүлэлт 2024 онд 182.7 мянган төгрөгт хүрсэн нь 2009 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Тус компани Өмнөговь аймгийн орон нутгийн төсөвт сүүлийн 3 жилд жил бүр 12.4-13.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 2009 оноос хойш нийтдээ 75.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн.
Монголдоо жишиг болохуйц аж үйлдвэрийн цогцолбор

Ухаа худаг уурхай нь Тавантолгойн бүлэг ордын 4 орчим хувийг эзлэх коксжих нүүрсний орд. 2011 онд ашиглалтад орсон нүүрс баяжуулах үйлдвэр нь өнгөрсөн хугацаанд 1.1 тэрбум ам.долларын экспортын орлогыг Монгол Улсад оруулжээ. Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар нүүрснийг сорчлолгүйгээр, бүх давхаргын нүүрсийг хольж, технологийн аргаар сайжруулах боломжтой болсон. 3 модульт энэ баяжуулах үйлдвэрт Ухаа худаг болон Ухаа худагаас 70 км-ийн зайд байрлах Баруун наран уурхайгаас олборлосон нүүрсийг баяжуулж байна. Үйлдвэрийн хүчин чадал нь жилдээ 15 сая тонн юм.
Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэр нь хаягдал усыг 95% буцаан ашигладаг дэвшилтэт давуу технологитой. Ухаа худагаас нэг тонн нүүрс олборлоход зарцуулж буй усны зарцуулалт нь Австралийн уурхайтай харьцуулахад 2.4 дахин бага юм.
Цогцолборын нэг амин сүнс бол монгол инженерүүдийн барьсан 18 МВт-ийн хүчин чадалтай цахилгаан станц юм.”Энержи ресурс” компанийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар үндэсний 120 компанийн 1500 орчим инженер, техникийн ажилтнууд 2011 онд ашиглалтад оруулсан. Энэхүү станц нь говийн нөхцөлд тохирсон салхиар сэнсээ хөргөх технологитой анхны станц. Энэ технологийн давуу тал нь усны 0 хэрэглээ. Монголын бусад цахилгаан станцуудаас 4-5 дахин бага ус ашигладаг. Станц нүүрс-аж үйлдвэрийн цогцолборын шаардлагатай эрчим хүчийг үйлдвэрлэхээс гадна Цогтцэций сумын айл өрх, ААН-үүдийг эрчим хүчний хэрэглээг 24 цагийн турш найдвартай хангадаг. Мөн төвийн эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлж байгаа станцын инженерүүд хэлсэн.
Анхны олон улсын IPO
“Энержи ресурс” компани нь Монголын уул уурхайн салбараас анх удаа толгой компани болох "Mongolia Mining Corporation" (MMC) нэрээр 2010 онд Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт амжилттай татсан. Энэ нь олон улсын хөрөнгийн бирж дээр анх удаа Монголын компани бие даан IPO гаргасан түүхэн үйл явдал байсан юм. Тухайн үед нэгж хувьцаагаа 7.02 хонконг доллароор үнэлж, 719 сая ширхэг хувьцааг борлуулан нийт 650 сая ам.доллар татан төвлөрүүлж байлаа.
Өчигдрийн хаалтын ханш нь 8.42-8.70 HKD (Хонконг доллар) орчимд хэлбэлзжээ. Компанийн зах зээлийн нийт үнэлгээ нь оролцогчдын худалдан авалтаас хамааран 8.6 - 8.9 тэрбум HKD (ойролцоогоор 1.1 тэрбум ам.доллар) орчим байна.
Наймантын хөндийд найгах модод

Цогтцэцийгээс 7 км-ийн зайд Наймантын хөндийд бий болгосон 23 га талбайг эзлэх Ойн зурвасыг заавал дурдах учиртай. 10 гаруй жилийн өмнөөс тарьж ойн зурваст эдүгээ говийн цаг агаарт тохирсон жигд, сухай, хайлаас, тоорой, заг, харгана, бүйлс, хармаг зэрэг 22 төрлийн мод, сөөг, бутлаг ургамал найгаж байна. Ойн зурваст ургасан мод, ургамал Наймантын хөндийд шинэ эко орчныг бүрдүүлээд байна. Ойн зурваст 54 зүйлд хамаарах 1000 гаруй шувуу бүртгэгдсэн бөгөөд бүүр Хангайн бүсийн шувуу хүртэл бүртгэгджээ.
Энд тооройн үрээр ургуулсан бяцхан төгөл бий. Тоорой бол говийн баянбүрдийг дагаж ургадаг, говийн хөрсний чийгийг хамгийн сайн баригч, “Улаан ном”-д орсон мод юм. 5 жилийн өмнөөс Баянхонгор аймгаас тооройн үрийг авчирч амжилттай нутагшуулж чадсан нь мөн л Монголдоо анхны тохиолдол юм.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.