

Монгол Улсын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө жилийн өмнө 59.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь ДНБ-ий 74.3 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Төрийн өмч данхайх тусам тэнд авлига. хулгай, луйвар үүрлэдэг. Цагтаа Эрдэнэт үйлдвэрт эрх мэдэлтнүүд бэлгэвч хүртэл шахдаг байв. “Эрдэнэс Монгол”-д өгсөн Рио Тинтогийн $20 нохойн замаар орсон нь төрийн өмчит компанийн хөрөнгө ялсан намын даргын, ах дүүсийн, амраг садны халаасны зардал болж хувирдгийн нэг жишээ.
Тэгэхээр ДНБ-ий 75 орчим хувийг эзлэх хэмжээний хөрөнгийг төр эзэмшиж байгаа нөхцөлд “энэ хөрөнгө иргэдэд ямар өгөөж өгч байна вэ?” гэдэг нь зүй ёсны асуулт.
Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй төрийн өмчит компаниудын ашгийн тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэх, үр ашиггүй, тогтмол алдагдалтай төрийн өмчит компаниудын тоог цэгцлэх бодлого энэ асуултын хариулт юм.
Тэгэхээр үүнийг зөвхөн төсөвт мөнгө татах арга гэж харах нь учир дутагдалтай. Харин төрийн өмчийг хулгай, луйвраас чөлөөлөх, иргэдэд шилэн болгох шинэ бодлого гэж харах нь илүү зөв.
Хоёрдугаарх асуулт нь, өмчит компаниуд ашиг олдог бол тэр ашиг хаашаа очдог вэ?! Мэдээж даргын албан бус хөрөнгө болж очдог. Компани нь алдагдалтай, дарга нь ашигтай ажилладаг чөлөөт зах зээлээс урвуу “соц монгол бизнес” зөвхөн төрд л амь бөхтэй оршдог.
Уг нь төрийн өмч албан тушаалтны хувийн өмч биш. Гэхдээ Эрдэнэт зуун хувь ард түмний өмч боллоо гэж Ц.Нямдоржийн хэлсэн үг үнэгэн заль юм. Үнэндээ төрийн өмч хэзээ ч ард түмний өмч байгаагүйг “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” дээр нүүрлэсэн хулгай, луйвраас харж болно. Адаг сүүлдээ ₮40 их наядаас ₮400 их наяд болтлоо томорсон нүүрсний хулгайн хэрэг дээр улсаараа улстөржиж байна.
Тиймээс ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын ашгийн тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэх нь эдийн засгийн хувьд үндэслэлтэй. Хувийн компанийн хувьцаа эзэмшигч ногдол ашиг авдагтай адил төрийн өмчийн өгөөж ч иргэдэд ногдох ёстой. Ерөнхий сайд Н.Учралын төрийн өмчийг хулгай, луйвраас чөлөөлөх гол реформ үүнд оршиж буй.
Төрийн өмч ашигтай ажиллаж байгаа бол үр өгөөжийг нь дарга гуай ах дүү, амраг саднаараа хүртэх биш олон нийтийн амьдрах орчныг сайжруулах, олон нийтийн аж амьдралд зарцуулах ёстой юм.
Төрийн өмчит компаниудын санхүүгийн гүйцэтгэл ижил биш. Жишээлбэл, төрийн өмчит 99 хуулийн этгээдийн 43 нь алдагдалтай ажиллаж, нийт ₮150 тэрбумын алдагдал хүлээсэн байна. Эндээс хамгийн чухал асуудал гарч ирнэ. Ашигтай ажилладаг төрийн өмчит компаниудын орлогоос төсөвт төвлөрүүлэхийн зэрэгцээ олон жил алдагдалтай ажиллаж буй компаниудын асуудлыг шийдэхгүй бол төрийн өмчийн шинэчлэл хагас дутуу үлдэнэ.
Тиймээс Н.Учралын бодлогын хоёр дахь хэсэг буюу үр ашиггүй төрийн өмчит компаниудыг цэгцлэх нь ашгийн тодорхой хувийг төсөвт төвлөрүүлэхээс дутахгүй ач холбогдолтой юм.
Төрийн өмчит компани гэдэг нэрийн дор олон жил алдагдал хүлээж, төсвөөс дэмжлэг авдаг бүтэц байх ёсгүй. Хэрэв тухайн компани стратегийн ач холбогдолтой бол төр яагаад эзэмшиж байгаагаа тайлбарлах ёстой. Харин төр эзэмших шаардлагагүй компаниудыг хувьчлах, нэгтгэх, татан буулгах шаардлагатай.
Ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын ашгийн 30%-ийг төсөвт төвлөрүүлэх бодлогыг зөвхөн төсвийн орлого нэмэгдүүлэх арга гэх шүүмжлэл ч гарч байгаа. Гэвч уг бодлогын хамгийн чухал ач холбогдол нь тоондоо биш, зарчимд байна. Төрөөс эзэмшиж буй хөрөнгийг хувийн компани шиг үр ашигтай ажиллуулахыг нэхэх нь зөв шаардлага.
Учир нь төрийн өмчийн удирдлага нь компанийн хөрөнгө, ашгийг өөрийн мэдлийн мөнгө мэт хулгайлах, үрэхээс хамгаалах эхний реформ. Энэ нь төрийн өмчит компаниудын менежментэд сахилга бат бий болгоно.
Төрийн өмчит компаниудаас төсөвт төвлөрүүлсэн мөнгө боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, хүүхэд залуусын хөгжил зэрэг нийгмийн ач холбогдолтой салбарт зарцуулагдах боломжтой.
Өөрөөр хэлбэл төрийн өмчийн өгөөжийг дахин төрийн үйлчилгээ хэлбэрээр иргэдэд зарцуулна гэсэн үг. Дарга бүгдийг хамдаг, хулгайлдаг бус шийдэл рүү бид очих ёстой. Гэхдээ Н.Учралын бодлого амжилттай хэрэгжихийн тулд төрийн өмчит компаниудын санхүүгийн мэдээлэл бүрэн ил тод байх шаардлагатай.
Иргэд төр хэдэн төгрөгийн хөрөнгө эзэмшиж байгааг, ямар компани хэр ашигтай ба алдагдалтай ажилласан, хэдэн төгрөгийн татвар төлсөн, удирдлагын зардал болон хэрэгжүүлсэн төсөл, тендерийн хэмжээ, хэрэгжүүлсэн компаниудын нэр, мөнгөн дүн, ажилчдын тоо, цалин хөлсний зардал зэргийг шилэн болгож байж жинхэнэ олон нийтийн хяналттай болно. Ингэж чадвал төрийн өмчийн шинэчлэл бодит утгаараа олон нийтийн хяналттай болно.
Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд иргэдийн нуруун дээр ачаа нэмж, татвар торгууль нэмэхээс илүү авлига, хулгай, луйврын үүр уурхайг цэгцлэх нь нэг сумаар хоёр туулай буудахтай л адил тактик гэж харагдаж, уншигдаж байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.