

Монгол Улсын төсвийн орлогын 30 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа. Азийн Хөгжлийн банкны өнгөрсөн долоо хоногт танилцуулсан сүүлийн улирлын тайланд дурдсанаар Монголын эдийн засаг өмнөх оны мөн үеэс 7.7%-иар өсөхөд уул уурхайн салбар 60%-ийг бүрдүүлсэн.
Уул уурхайн салбар ийнхүү эдийн засагт гол тулгуур болсон хэдий ч салбарын хөрөнгө оруулалт эмзэг цэгийн нэг болсоор удаж байна. Ц.Элбэгдоржийн автортай ашигт малтмалын хагйуулын лицензийг шинээр олгох, шилжүүлэхийг түр хориглосон шийдвэр, Г.Занданшатарын автортай 2012 оны 5-р сард батлагдаж нэг жилийн дараа хүчингүй болсон Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль зэрэг эрх зүйн актууд нь уул уурхайн салбарт ид цутгаж байсан хөрөнгө оруулалтыг зогсоосны үр дагавар өнөөг хүртэл энэ салбарт мэдрэгдсээр буй. Уул уурхайд хөрөнгө оруулалт татах хэрэгцээ нэн их байгаа ч хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэхэд хууль, эрх зүй, татвар, үнэлгээ гээд шийдвэрлэх олон асуудал байсаар байна.
Экспортын орлогод нүүрс давамгайлж байсан бол одоо зэсийн орлого давамгайлах болсон. Зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрээд байгаа энэ үед Монголын төслүүд идэвхжиж байх ёстой байтал Эрдэнэт, Оюутолгой хоёроос илүү гарахгүй, унтаа хэвээр байна. Үүнд зэсэд ногдуулж буй өндөр АМНАТ, тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд бодит хэлцлийн үнээс давсан дүнгээр татвар тооцох эрсдэл, стратегийн орд гэсэн тодорхойлолтын ойлгомжгүй байдал нөлөөлсөөр байгаа юм.
Дэлхийд өндөрт тооцогдох АМНАТ зэсийн хайгуул, хөрөнгө оруулалтыг хойш татаж байна
Монгол Улс зэсийн нөөц, боломж ихтэй ч шинэ орд илрүүлэх хайгуулын хөрөнгө оруулалт хангалтгүй хэвээр байна. Үүний гол шалтгааны нэг нь АМНАТ-ийн өндөр түвшин, стратегийн ордын тодорхой бус зохицуулалт, тусгай зөвшөөрөл олголтын хүндрэл гэж салбарынхан үзэж байна.
Уул уурхайн үндэсний ассоциаци болон Австралийн худалдааны танхимын 2025 онд хийсэн харьцуулсан судалгаагаар Монгол Улсын АМНАТ хамгийн өндөр буюу 21%-тай байгаа юм. Судалгаанд Австрали, АНУ, ОХУ, Казахстан, Перу, Чили, Канад, Монгол гэсэн найман улсын зэсийн АМНАТ-ийн түвшинг харьцуулжээ.
Батлагдахаар хүлээгдэж буй Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн хуульд АМНАТ-ийг 10% руу буулгахаар тусгагдсан ч хэрэгжих хугацааг 2029 он гэж тооцож байгаа нь Монгол Улс зэсийн үнийн өсөлтийг ашиглах боломж хойшилно л гэсэн үг. Шинэ хуульд тусгасан АМНАТ-ийн хувь нь Монголыг зэсийн салбарт өрсөлдөхүйц хэмжээнд аваачих боломжтой.
Зэсийн АМНАТ-ийн өөрчлөлтийг хүлээж буй 10 гаруй төсөл байна. 21%-ийн АМНАТ-ийн түвшнээр эдгээр төсөл ашигтай ажиллах боломжгүй юм. Тэр хэрээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй төсөлд тооцогдож буй.
Уул уурхайн төсөл бол олон жилийн хугацаа шаардагддаг зүйл. Өнөөдөр лиценз аваад маргааш олборлолт эхэлдэг зүйл биш. Хайгуул хийх, нөөц тогтоох, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, санхүүжилт босгох гээд олон жилийн процесс. Хөрөнгө оруулагч хамгийн эхэнд ирээдүйн төслийн өгөөжийг тооцно. Хэрэв олборлолт эхлэх үед 20%-ийн АМНАТ төлөхөөр байвал агуулга багатай ордын эдийн засгийн тооцоо шууд өөрчлөгдөнө. Тэгэхээр хөрөнгө оруулагч “Монголд хайгуул хийх үү, өөр улсад хийх үү” гэдэг шийдвэрээ гаргана. Монголд геологийн асар их боломж байгаа. Гэхдээ боломж байна гэдэг нь хөрөнгө оруулалт автоматаар орж ирнэ гэсэн үг биш.
АМНАТ-ийг харах хандлагыг мөн өөрчлөх шаардлагатай. Энэ бол төсөв бүрдүүлэгч татвар биш харин Монголын уул уурхайн салбарын дэлхийд өрсөлдөх түвшнийг илтгэх үзүүлэлт. Тиймээс уул уурхайн том тоглогч болсон орнуудын АМНАТ-ийн хэмжээнд ойролцоо түвшинд байж гэмээнэ өрсөлдөх чадвартай байх юм.
Монгол Улс 1997 оны анх Ашигт малтмалын тухай хуулийг баталж байсан, 1997 оны анхны хууль өнөөдөр уул уурхайн салбарын суурь болж байна. 1997 оны анхны хуульд АМНАТ-ийн хувь нь бага, суурь тооцох аргачлал нь өөр байсан. Энэхүү хуулийн орчинд маш олон хайгуулын лиценз олгогдсон. Хайгуулын лиценз олон олгогдоно гэдэг нь гадаад, дотоодын хөрөнгө орж ирнэ гэсэн үг.
2006 оноос уул уурхайн салбарын эсрэг төрийн олон шийдвэр гарсан бөгөөд эдгээр шийдвэрийн бодит үр дүн нь өнөөгийн байдал юм.
Гэхдээ энэ зовлон ганцхан бидний зовлон биш. Эдүгээ том тоглогч болсон улс орнууд бидэн шиг замыг туулсаар өнөөг хүрсэн байдаг. 1950-1970-аад оны хооронд тэдгээр улсад Монголтой ижил уул уурхайд суурилсан популизм явагдсан. 1973 онд НҮБ-аас “Байгалийн баялаг оршиж байгаа улсын ард түмэн байгалийн баялгийнхаа захиран зарцуулах эзэн нь байна” гэсэн тогтоол баталж, зарчмыг баталгаажуулсан. Тэдгээр орон олон жил будилсаны эцэст уул уурхайг либеральчлах ёстой юм байна гэдгийг ойлгож өөрчилснөөр уул уурхай нь сэргэж хөгжсөн. Уул уурхайн аливаа төслийн сайн, муу үр нөлөө нь урт хугацаандаа гардаг.
2006 оноос хойш уул уурхайн салбарын эрх зүйн орчныг доройтуулсан төрийн бодлого, шийдвэрүүд
-Стратегийн ач холбогдолтой орд гэдэг хаана ч байхгүй ойлголтыг 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд оруулсан. 2007 онд 16 ордыг стратегийн ордод тооцсон.
-2006 онд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн буюу 68%-ийн татварын хуулийг баталсан. Энэ хуулийг 2009 онд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон.
-2012 онд Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийг УИХ баталж, үр дүнд нь гадаадын хөрөнгө оруулалт таг зогсч, улмаар жилийн дараа 2013 онд уг хуулийг хүчингүй болгосон.
-2009 онд урт нэртэй гэж алдаршсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан.
-2019 онд Сангийн яамны журмаар лиценз шилжүүлэхэд татвар ногдуулдаг болсон, таамаг нөөцийг ашиг гэж тооцоод татвар авдаг болсноор хайгуул хийгдэхээ бүүр больсон.
-2023 онд ААНОАТ-ын тухай хуульд Монгол Улсад ашиг орлого олж байгаа оршин суугч бус буюу гадаадад байгаа этгээд 20%-ийн татвар төлдөг болсон, 10% байсныг 20% болгосон. Ингэснээр АМНАТ-ын өрсөлдөх чадвар бүүр муудаад ирсэн. Уг нь ААНОАТ-ын 10%-тай байхад хэдий АМНАТ 20% байсан ч нийт татварын орчин 30% хавьцаа байгаад байсан, гэтэл 20% болоод ирэнгүүт АМНАТ-ын 20%, НӨАТ, усны төлбөр, байгаль орчны төлбөр гээд нэмэгдсээр байгаад 50% гарчаад байна.
-2024 онд Баялгийн сангийн хууль баталсан. Сантьягогийн зарчимд нийцсэн хууль гарна гэсэн хүлээлт салбарынханд байсан. Сантьягогийн зарчимд нийцсэн Баялгийн санг л олон улсад Баялгийн сан гэж хүлээн зөвшөөрдөг. Гэтэл манай Баялгийн сан энэ зарчимд нийцээгүй. Баялгийн санг мэргэжлийн хараат бус хүн удирдах ёстой гэсэн зарчим байхад Монголын Баялгийн санг дотор нь 3 дэд сан болгоод, дэд санг 3 яам удирдахаар зохицуулсан. Энэ хуулиар Баялгийн сангийн орлого стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээнээс орж ирэхээр зохицуулсан.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.