

Өвөр Монголын Улаанцав хот урьд нь зөвхөн Иньшань нурууны хүйтэн салхинд сийгэж, мал аж ахуйгаас бүрэн хамаардаг буурай бүс байв. Харин өнөөдөр тэрхүү бэлчээрт мал сүргийн хажуугаар аварга том салхин сэнснүүд сүндэрлэх болжээ. Дэлхий дахинд өрнөж буй хиймэл оюуны тэсрэлт нь тооцоолон бодох чадал болон эрчим хүчний төлөөх өрсөлдөөнийг өдөөж байгаа энэ үед тус бүсийн цаг уур, байгалийн нөхцөл нь Улаанцавыг Хятадын хамгийн эрэлттэй аж үйлдвэрийн бүсийн нэг болгон хувиргалаа.
Хятадын ногоон эрчим хүчний Envision Group компани Улаанцав хотод Galaxy Campus цогцолбороо ашиглалтад оруулжээ. Тус цогцолборын 120 мянган ам.метр талбайд 1 сая гаруй AI хурдасгуур чип ажиллах боломжтой бөгөөд 2 гигаватт давсан эрчим хүчний багтаамжтай. Энэ нь Илон Маскийн АНУ-д байгуулж буй Colossus 2 дата төвийн хүчин чадлаас ч илүү үзүүлэлт юм.
МАЛ АЖ АХУЙН БҮС БАЙСАН ХӨДӨӨ НУТГИЙН ХОТ ХЯТАДЫН ХИЙМЭЛ ОЮУНЫ ТООЦООЛЛЫН “ТҮЛШ” БОЛЖ БАЙНА
Урьд нь зүгээр л хий урсаж өнгөрдөг байсан салхийг одоо тооцооллын цахилгаан, улмаар AI-ийн токен буюу хиймэл оюуны боловсруулсан дата нэгж болгон хувиргаж байна хэмээн Envision Group-ийн төслийн захирал Янг Вэнлон онцолжээ. Өдгөө Улаанцав хотын эрчим хүчний 67 орчим хувийг салхи болон нарны цэвэр цахилгаанаар хангаж байна. Хятадын зах зээлд AI токений өдөр тутмын хэрэглээ 2024 онд 100 тэрбум байсан бол 2026 оны хавар гэхэд 140 их наядад хүрч, бараг 300 сая юанийн үнэлгээтэй зах зээл болж өсчээ.
Одоогоор Улаанцав хот дата төвийн чиглэлээр 89 гэрээ байгуулсны 86 нь цэвэр AI төсөл байна. Тус хотод төлөвлөж буй нийт 12.5 гигаватт хүчин чадал нь Ази, Номхон далайн бүсийн томоохон зангилаа болох Малайзын Жохор мужийнхаас даруй 3 дахин их юм.
Хятадын "Баруун нутгийн тооцоолол, Зүүн нутгийн өгөгдөл" стратегийн хүрээнд Улаанцав шиг бүс нутгууд ногоон эрчим хүч, уудам газар, сэрүүн цаг агаараараа хөрөнгө оруулалтыг татаж байна. Гэвч AI-ийн хэрэглээний үндсэн эрэлт Бээжин, Шэньжэнь зэрэг зүүн эргийн хотуудад төвлөрч буй тул баруун нутаг дахь зарим үнэтэй серверүүд бүрэн ашиглагдахгүй байх эрсдэл бийг судалгааны байгууллагууд анхааруулжээ.
Иймд Улаанцав хотыг зөвхөн түүхий өгөгдөл хадгалдаг агуулах биш том хэмжээний AI загваруудыг сургадаг ба ажиллуулдаг иж бүрэн технологийн төв болгон өөрчлөхөөр ажиллаж байна. Бээжинд суугаа иргэн чатботоос хормын дотор хариулт авахын цаана Өвөр Монголын тал нутгийн салхи цахилгаан, дараа нь тооцооллын хүч, эцэст нь дэлгэцэн дээрх тэмдэгт болж хувирах шилжилт явагдаж байна.
МОНГОЛ УЛСАД ЯМАР БОЛОМЖ, СОРИЛТ БИЙ ВЭ?
Улаанцавын загвар буюу ногоон эрчим хүч ба AI+дата төв хосолсон төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх асар өндөр боломж бий. Нэгдүгээрт, Монголын урт, хүйтэн өвөл нь гаднах агаараар серверүүдийг үнэгүй хөргөж, цахилгааны зардлыг асар ихээр бууруулна.
Хоёрдугаарт, говь болон тал нутгийн нар, салхины арвин нөөцийг ашиглан Google, Microsoft зэрэг гигантын сонирхдог карбон хүлэмжийн хийгүй ногоон дата төв байгуулах боломжтой.
Гуравдугаарт, газар ашиглалтын зардал бага бөгөөд Орос, Хятад хоёр аварга зах зээлийн дунд өгөгдөл дамжуулах зангилаа болох боломжтой.
Гэхдээ нэг том асуудал бий. Монгол Улс одоогоор цахилгааны дутагдалтай, импортоос хамааралтай байгаа нь гол бэрхшээл юм. AI дата төв хором ч тасалдахгүй тогтвортой эх үүсвэр шаарддаг тул дата төвийг дагасан бие даасан, аварга том салхи болон нарны станц, мөн эрчим хүч хадгалах системийг хамт барих шаардлагатай. Түүнчлэн олон улсын томоохон хөрөнгө оруулагчдыг татах татварын ба эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
Монгол Улс уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаасаа салж, тооцоолон бодох эрчим хүч экспортлогч дижитал үндэстэн болоход энэ салбар хамгийн тохиромжтой гарц юм. Төрөөс хөрөнгө оруулалтын зөв бодлого баримталбал ойрын 5–10 жилд Монголын говьд Улаанцав шиг AI-ийн шинэ түлшний станцууд босох бүрэн боломжтой.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.