

Сүүлийн хоёр арван жилд Африк тив нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын (ГШХО) гол цэгүүдийн нэг болон хувирлаа. Дэлхийн банк, Олон улсын валютын сан (ОУВС), НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD) болон Африкийн хөгжлийн банкны тайлан мэдээллүүдээс харахад гадаадын хөрөнгө оруулалт тус тивийн эдийн засаг, нийгмийн бүтцэд гүнзгий нөлөө үзүүлж байна.
Дэлхийн банкны судалгаагаар, гадаадын шууд хөрөнгө оруулалт нь Африкийн ДНБ-ий өсөлтийг тэтгэгч гол хөдөлгүүр болж ирсэн. Өмнө нь зөвхөн уул уурхай, газрын тос зэрэг байгалийн баялагт тулгуурласан хөрөнгө оруулалт давамгайлдаг байсан бол өдгөө салбарын бүтэц өөрчлөгдөж байна.
Сүүлийн жилүүдэд харилцаа холбоо, технологи, сэргээгдэх эрчим хүч, автомашины үйлдвэрлэл болон жижиглэн худалдааны салбарт орох хөрөнгийн урсгал нэмэгдсэн. Жишээлбэл, Кени, Нигери, Өмнөд Африк, Египет зэрэг улсууд технологийн хөрөнгө оруулалтаар тэргүүлж, "Африкийн технологийн төвүүд" болон хөгжиж байна.
БНХАУ болон барууны орнуудын санхүүжилтээр баригдсан төмөр зам, авто зам, далайн боомтууд нь бүс нутгийн худалдааны зардлыг бууруулж, Африкийн чөлөөт худалдааны бүсийг (AfCFTA) бодитоор хэрэгжих нөхцөлийг бүрдүүлсэн гэж UNCTAD онцолжээ.
AfCFTA хэрэгжиж эхэлснээр Африк доторх хөрөнгө оруулалт болон гадаадын шууд хөрөнгө оруулалт 100 гаруй хувиар өсөх боломжтой гэж Дэлхийн банк тооцоолсон. Кени, Нигери, Өмнөд Африк зэрэг орнууд бүс нутгийнхаа бусад орнуудын санхүү, үйлдвэрлэлийн салбарт идэвхтэй хөрөнгө оруулж эхэлсэн нь тивийн эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлнэ.
Гадны хөрөнгө оруулалтын иргэдийн амьдралд үзүүлэх шууд нөлөө нь ажлын байр, орлогыг нэмэгдүүлэх явдал юм. Африкийн хөгжлийн банкны мэдээлснээр, ГШХО-ын үр дүнд жилд сая сая ажлын байр бий болдог.
Гар утасны төлбөрийн систем болон банк бус санхүүгийн аппликейшнуудад гадны хөрөнгө оруулалт орсноор урьд нь банкны үйлчилгээ авч чаддаггүй байсан олон сая иргэд, жижиг бизнес эрхлэгчид санхүүгийн системд холбогдсон. Энэ нь ядуурлыг бууруулахад хүчтэй нөлөө үзүүлсэн байна.
ГШХО-ыг илүү татаж буй Сенегал, Уганда, Руанда, Нигер, Жибути, Того, Эфиоп, Бенин, Кот-д'Ивуар зэрэг орнуудын эдийн засаг 6%-иас дээш буюу дэлхийн дунджаас өндөр хувиар өсөх төлөвтэй байна. Эдгээр нь дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгуудын тоонд орж байна.

Гадаадын компаниуд дотоодын ажилчдыг сургаж, орчин үеийн менежмент, инженерийн арга барилыг эзэмшүүлж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ILO) судалгаагаар, үндэстэн дамнасан корпорациудад ажиллаж буй африкчуудын цалингийн түвшин дотоодын дундаж компаниудаас 20-30 хувиар өндөр байгаа нь дундаж давхаргыг тэлэхэд хувь нэмэр оруулжээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) гадны хөрөнгө оруулалт нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэжээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд гадаадын томоохон хөрөнгө оруулагчид орон нутагт сургууль, эмнэлэг барих, ундны усны эх үүсвэрийг шийдвэрлэхэд хөрөнгө оруулдаг. Мөн цахим боловсролын платформд оруулсан венчур капитал нь алслагдсан бүсийн хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмших боломж олгож байна.
Марокко, Намиби зэрэг улсуудад хэрэгжиж буй нар, салхины эрчим хүчний аварга төслүүд нь тивийн эрчим хүчний дутагдлыг нөхөхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй, тогтвортой нийгмийг цогцлооход тусалж байна.
Хэдийгээр эерэг үр дүн их байгаа ч ОУВС болон дэлхийн шинжээчид дараах эрсдэлүүдийг тогтмол анхааруулдаг.
-Зарим улс орнууд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг зээл хэлбэрээр авснаас үүдэн өрийн хавханд орж байна. Энэ нь үндэсний эдийн засгийн бие даасан байдалд заналхийлдэг.
-Уул уурхайн салбараас олсон ашгийн дийлэнх нь татварын таатай орчин, гэрээний сул талыг ашиглан гадаад руу урсан гардаг бөгөөд дотоодын иргэдэд хүртээмжгүй үлдэх тохиолдол цөөнгүй байна.
-Хөрөнгө оруулалтын үр өгөөж ихэвчлэн хотын бүсэд төвлөрч, хөдөө орон нутгийн иргэд хоцрогдсоор байгаа нь баян хоосны ялгааг улам бүр гүнзгийрүүлнэ.
Хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлж, бодлогын тогтвортой байдлыг хангахгүй бол ГШХО тогтворгүй байдаг. Тухайлбал, Нигери зэрэг том эдийн засагтай орнууд засаглалын асуудал болон аюулгүй байдлын эрсдэлээс үүдэн ДНБ-ийхээ ердөө 0.5% орчимтой тэнцэх ГШХО татаж байгаа нь эдийн засгийг зогсонги байдалд оруулдаг.
Дэлхийн томоохон байгууллагуудын судалгаанаас үзвэл ГШХО нь Африкийн орнуудын эдийн засгийн өсөлтийг хурдасгах, дэд бүтцийг шинэчлэх, хүний капиталыг хөгжүүлэх хамгийн хүчтэй хөдөлгүүрүүдийн нэг юм. Гэвч зөвхөн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх нь хангалтгүй бөгөөд уг капиталыг нийгмийн хөгжилд үр ашигтай дотоодын реформ, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, хууль ёсыг бэхжүүлэх, засаглалын шинэчлэлд нэн шаардлагатай.
Хөрөнгө оруулалтыг боловсруулах үйлдвэрлэл, технологи болон ногоон эрчим хүч рүү оновчтой чиглүүлж чадсан Африкийн зарим улс орон ядуурлыг бууруулж, тогтвортой нийгмийн хөгжилд хүрэх боломжоо нэмэгдүүлж байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 8-р сарын 11
2026 оны 8-р сарын 13
2026 оны 8-р сарын 13
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 12
2026 оны 8-р сарын 11
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 11
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 13
2026 оны 8-р сарын 16