НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
AFP: Оросоос хамааралтай Монголын шатахууны хямрал
АНАЛИЗ

AFP: Оросоос хамааралтай Монголын шатахууны хямрал

9 цагийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Украины зүгээс Оросын газрын тосны байгууламжуудад өгсөн цохилтууд нь нийлүүлэлтэд саатал учруулснаас үүдэж Монгол Улс шатахууны хүнд хямралд өртөөд байна.

Бензин авахаар таван цаг хүлээсэн Монголын тэтгэврийн насны иргэн Насанжаргалын өмнө 10 гаруй автомашин дугаарлаастай хэвээр, түүний ард эзгүй тал руу түрэн сунасан урт дараалал үргэлжилнэ.

AFP (Франс Пресс агентлаг) 2026-09-08

Нийслэл Улаанбаатараас цаг хагас давхин ирсэн тэрбээр байрандаа хөдөлгөөнгүй зогсох Toyota автомашиныхаа цонхоор "Шатахуун олдохоо больж, хаа сайгүй л урт дараалал үүслээ" хэмээн AFP агентлагт ярилаа.

Орос, Хятад хоёр гүрний дунд орших далайд гарцгүй Монгол Улс хэрэглээний бензинийхээ 95 гаруй хувийг хойд хөршөөсөө импортолсоор ирсэн түүхтэй.

Гэвч сүүлийн саруудад Украины зүгээс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгснөөс үүдэж нийлүүлэлт саатан, улмаар Монголын шатахууны хязгаарлагдмал нөөц шавхагдаж, эрчим хүчний аюулгүй байдал нь хүнд шалгууртай нүүр тулахад хүрээд байна.

Энэхүү хомсдол нь логистикийн салбарыг саатуулж, тээврийн зардлыг нэмэгдүүлээд зогсохгүй зуны богинохон улиралд хөдөө орон нутгаар аялж амрахаар төлөвлөсөн олон иргэдийн төлөвлөгөөг тасалдуулжээ.

Цагдаагаас тэтгэвэрт гарсан ажилтан Насанжаргал "ямар ч сонголтгүй болсноо" ярив.

Арын суудалд хүлээж ядах ач охиноо харангаа тэрбээр: "Хөдөө орон нутагт арай дээр байж магадгүй гэж найдаад ийшээ гарсан юм. Гэтэл хаа сайгүй л ижилхэн дүр зурагтай байна" гэж сэтгэл гонсгор ярилаа.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ

Далайд гарцгүй Монгол Улс бензинийхээ 95 гаруй хувийг ганцхан Оросоос импортолсоор ирсэн.

Даамжирсаар буй энэхүү хямрал нь Монголын эрх баригчдаас шатахууны тасралтгүй нийлүүлэлтийг хангаж ажиллахыг шаардсан иргэдийн шахалтыг улам бүр нэмэгдүүлж байна.

Засгийн газрын зүгээс иргэдийн өдөрт худалдан авах түлшний хэмжээнд хязгаарлалт тогтоох, шатахуун их хэмжээгээр нөөцлөхийг хориглох, шатахуун түгээх станцын ачааллыг бууруулах зорилгоор автомашины дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа юм.

Гэвч энэхүү зохицуулалтууд нь жирийн иргэдийн бухимдлыг бараад буй бөгөөд Насанжаргал AFP-д өгсөн ярилцлагадаа дугаарлан зогсох нь "туйлын төвөгтэй, маш хүнд байна" хэмээн онцолсон юм.

Замын түгжрэлээрээ зартай Улаанбаатар хотоос гадна энэхүү хомсдол нь аялал жуулчлалаас нэн хамааралтай хөдөө орон нутагт ч асуудал болж байна.

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун AFP-д ярихдаа, орон нутгийн "хамгийн эхний тэргүүлэх чиглэл" бол жуулчид болон малчдын хэрэгцээг хангах явдал гэв.

Өнгөрсөн сард Монгол Улсад зохион байгуулагдсан цөлжилтийн эсрэг олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр тэрбээр: "Говийн нөхцөлд малчид усыг худгаас гараараа татаж авдаггүй. Тэд ихэвчлэн цахилгаан мотор, насос ашигладаг. Гэтэл тэдгээр моторыг ажиллуулахад бензин нэн шаардлагатай байдаг" гэлээ.

Мөн тэрбээр "Бусад хүмүүсийн хувьд бид нөхцөл байдлыг боломжийнхоо хэрээр зохицуулахаар хичээн ажиллаж байна" гэв.

НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ОЛОН ТАЛТ БОЛГОХ НЬ

Шатахууны хомсдол улам бүр гүнзгийрч, Монгол Улсын ШТС-уудын гадаа урт дараалал үүсээд байна.

Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлаар мэргэшсэн биеэ даасан шинжээч А.Тэлмэн AFP-д мэдээлэхдээ, тус улс асар том газар нутагтай ч 3.6-хан сая цөөн хүн амтай тул шаардлагатай дэд бүтцийг барихад Засгийн газрын нөөц бололцоо хязгаарлагдмал байдаг гэж тайлбарлав.

"Геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр манай улс Казахстантай газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах яриа хэлэлцээг эхлүүлсэн" хэмээн Тэлмэн яриад "Түүнчлэн сүүлийн үеийн хямрал Засгийн газрыг Өмнөд Солонгос болон Хятадаас шатахуун импортолход хүргэлээ" гэж нэмж хэлэв.

Гэвч импортын эх үүсвэрийг олон талт болгох нь улс төрийн зайлшгүй шаардлага мөн боловч энэ нь "бусад орноос эрчим хүчний хамааралтай байх суурь асуудлыг шийдэж чадахгүй" хэмээн тэрбээр тэмдэглэсэн юм.

Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдалд эргэлт гарч болохуйц анхны газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт одоо үргэлжилж байгаа бөгөөд 2028 онд ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна.

Өнгөрөгч гуравдугаар сард томилогдсон Ерөнхий сайд Н.Учрал уг хямралыг даван туулах Засгийн газрынхаа чадамжид улс төрийн нэр хүндээ бооцоонд тавьж байгаа бөгөөд өнгөрсөн сард "газрын тосны салбарын үйл ажиллагааг шууд хариуцан хянахаа" мэдэгдээд байгаа юм.

ӨСӨН НЭМЭГДЭЖ БУЙ ЗАРДАЛ

Шинжээч А.Тэлмэн AFP-д ярихдаа асуудлыг урт хугацаанд шийдвэрлэх ганц арга зам бол тээврийн салбарыг цахилгаанжуулах явдал гэдгийг онцоллоо.

Цагдаагийн ажилтан асан Насанжаргал автомашинаа цэнэглэхээр хэдэн цагийн турш дараалалд зогссон.

Гэвч замын хөдөлгөөн ихтэй Улаанбаатар хотод цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтэц тун маруухан байна.

Тус улсын ачаа тээврийн логистик дизель хөдөлгүүртэй том оврын автомашинаас шууд хамааралтай хэвээр байгаа тул тээвэр эрхлэгчдийг эрсдэлд оруулж байна.

Түүнчлэн тээврийн компаниудын үйл ажиллагааны зардлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлжээ.

"Өчигдөр хот руу орж ирэхэд түлш олох бараг боломжгүй байсан" хэмээн 25 настай ачааны машины жолооч М.Энхбаяр ярилаа.

Тэрбээр "Дизель түлшний үнэ сүүлийн 15-хан хоногийн дотор огцом өссөн. Өмнө нь литр нь 4,000-аас 4,200 төгрөг ($1.11-$1.17) байсан бол одоо 4,600 давж, 4,700 төгрөг рүү дөхөж байна" гэв.

Монгол Улсын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа нь жирийн жолоочдод санхүүгийн болон сэтгэл зүйн дарамт болж, улс орон даяар шатахуун түгээх станц бүрд үнэ болон нөхцөл байдал өөр байна.

Иргэдийн зүгээс энэхүү хүндрэлийг багасгахын тулд цахим платформ ажиллуулж, шатахууны бэлэн байгаа хэмжээ, үнэ, дарааллын ачааллын мэдээллийг цаг тухайд нь шинэчлэн оруулж эхэлжээ.

Гэвч олон шатахуун түгээх станцууд зүгээр л хаалгаа барьсан байна.

AFP агентлагийн сурвалжлах баг Насанжаргалын очерлон зогсож байсан шатахуун түгээх станцад хоёр өдрийн дараа дахин очиход зөвхөн тусгай албаны тээврийн хэрэгсэлд л үйлчилж байлаа.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Бээжин: Төрийн өмчит компаниуддаа $54 тэрбумыг олгоно

Бээжин: Төрийн өмчит компаниуддаа $54 тэрбумыг олгоно

Хятад улс санхүүгийн системээ бэхжүүлж, саажиж буй эдийн засгаа дэмжих зорилгоор төрийн өмчит 8 банк болон даатгалын компанид хэдэн арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байна.

Sep 7, 2026

Зэсийн зах зээлийн өнөөдрийн байдал, ирээдүйн төлөв, Монгол Улсын оролцоо чадамж

Зэсийн зах зээлийн өнөөдрийн байдал, ирээдүйн төлөв, Монгол Улсын оролцоо чадамж

Польш улс батлан хамгаалах салбараа бэхжүүлж байна

Польш улс батлан хамгаалах салбараа бэхжүүлж байна

Нэгэн цагт түм түчигнэж байсан Хятад-Балбын хилийн боомтоос юу ч үлдсэнгүй

Нэгэн цагт түм түчигнэж байсан Хятад-Балбын хилийн боомтоос юу ч үлдсэнгүй