

Тод улбар шар өнгийн хувцастай Хятадын аврах багийн 20 орчим ажилтан Балбатай залгаа Хятадын хилийн боомтыг сүйтгэсэн “цунами” мэт шавран давалгаанд сураггүй алга болсон зуу зуун хүнийг хайхаар эксковатор, хүрз болон газрын гүнийг тандагч радар ашиглан ажиллаж байна.
Reuters (2026-09-06)
Хятадын Төвөд болон Балбыг тусгаарладаг Гирон хилийн боомт нь 8-р сарын 26-нд Балбын талын мөсөн гол нурсанаас үүдэлтэй асар том аймшигт сүйрлийн бэлгэдэл болжээ.
Хятадын Гадаад харилцааны яамнаас гадаадын хэвлэл мэдээллийнхэнд зориулан зохион байгуулсан анхны аяллын хүрээнд Ройтерс болон бусад мэдээллийн агентлагууд хавцал голын нарийн хөндийд байрлах уг газрын боомтод очсон байна.
Гамшгаас өмнө хил дээр сүндэрлэж байсан Хятадын гаалийн таван давхар барилгаас юу ч үлдээгүй болохыг тухайн газраас авсан видео болон гэрэл зургууд харуулж байв. Шавар нурангийн дайралтаас үлдсэн ганц байгууламж нь ойролцоох усны цамхагийн хэсэг байлаа.
Ажилчид нэгэн цагт бараг 20 метр өндөр хилийн хаалга байсан газар Хятадын төрийн далбааг байрлуулжээ.
Ням гаригийн үдээс хойш "Аюултай бүс, хурдан өнгөрнө үү" гэсэн анхааруулах тэмдэглэгээний цаана аврах болон эрэн сурвалжлах багийн 20 орчим ажилтан бүхий гурван бүлэг хүрзээр хөрс ухаж, цаана нь хэд хэдэн улаан эксковатор бэлэн байдалд зогсож байв.
Аврах ажилчид эрэн хайх талбайг долоон бүсэд хуваасан бөгөөд одоогоор дөрвөн бүсийг нэгжин дуусгаж, гурван бүс үлдээд байгааг албаны хүмүүс Ройтерс агентлагт мэдээлэв.
Шавар нуранги нь хилийн хоёр талд 1,300 гаруй хүний аминд хүрч, 5,000 гаруй хүн сураггүй алга болоод байна. Бямба гаригт Балбын онцгой байдлын багийнхан усан цахилгаан станцын хонгилд байсан Хятадын нэг ажилтныг аварчээ.
Хятадын талд Баасан гаригийн байдлаар 31 хүн нас барсан нь баталгаажиж, 531 хүн сураггүй алга болсон хэвээр байна. Хариуцлагатай албаны хүмүүсийн мэдээлснээр, сураггүй байгаа хүмүүсийн дунд 23 орны 261 гадаадын иргэн байгаа юм.
Гирон хошуу нь дунджаар 4,000 гаруй метрийн өндөрт оршдог ч боомт арай нам дор буюу 1,800 орчим метрийн өндөрт байрладаг. Хөрсний хөдөлгөөн үүсэх эрсдэл, цаг агаарын таагүй байдал, гүн шавар зэрэг нь аврах болон эрэн сурвалжлах ажиллагааг улам хүндрүүлж байна.
Гирон руу орох ганц хуурай замын чиглэлийг Лхагва гаригийн өглөө сэргээснээр Хятад улс сэргээн босгох болон эрэн сурвалжлах ажилд туслах хүнд даацын тоног төхөөрөмж оруулж ирэх боломжтой болжээ.
Үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ажилчид бүс нутгийг эрчим хүчний сүлжээнд дахин холбохын тулд цахилгааны түр шонгуудыг суурилуулан цахилгаан хангамжийг сэргээж байгааг харуулсан байна.
2015 онд Балбад болсон газар хөдлөлтийн улмаас зүүн талын өөр нэг гарц нэлээд сүйдсэний дараа Гирон нь сүүлийн аравны турш Балба болон Төвөдийн хооронд аялагчид болон худалдааны үндсэн транзит боомт болон өргөжжээ.
Өмнө нь болсон мөсөн голын үерт автсаны улмаас тус боомт өнгөрсөн оны 7-р сараас энэ оны 1-р сар хүртэл хаагдаад байсан юм. Хятадын бараа бүтээгдэхүүн, түүний дотор цахилгаан автомашиныг Балба руу тээвэрлэхээс гадна энэ нь сүүлийн жилүүдэд хинду шашинтай мянга мянган мөргөлчдийн дайран өнгөрдөг гарц болоод байв.
Олон хиндучууд Балбаар дамжин хинду болон буддын шашинтнуудын шүтэн дээдэлдэг Төвөдийн өндөр уулын бүсэд орших Кайлас уул руу аялдаг. Хиндучууд үүнийг Лорд Шива болон түүний эхнэр Парвати нарын мөнхийн гэр гэж итгэдэг.
Төвөдөд сураггүй алга болсон гадаадын иргэд дотор Энэтхэг мөргөлчид байсан гэж Бээжин дэх дипломатууд мэдээлэв. Сураггүй болсон хүмүүсийн дунд Энэтхэгийн 49 иргэн байгаа юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.