

Наймдугаар сарын аагим халуун Дорноговийн талыг төөнөнө. Дээрээс нар шарж, доороос элс халан, яг л улайссан тогоон дотор байгаа мэт бүгчим. Гэвч Алтанширээ сумын нутагт өрнөх их бүтээн байгуулалтын талбайд амсхийн суух ч чөлөө алга. Тэнд ч гагнуурын оч үсэрч, энд ч том кранууд зогсоо зайгүй хөдөлнө. Монгол, энэтхэг ажилчид энэ аагим халууныг үл ажран, хоногийн 24 цаг багадах мэт тасралтгүй ажиллаж байна.
Энэ бол манай улсын стратегийн хамгийн том бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбай юм. 2018 оноос эхэлсэн энэ мега төсөл санхүүжилт болон эрх зүйн саад бэрхшээлээс болон хоёр жил орчим гацаж, ашиглалтад орох хугацаа нь нэлээд хойшлогдоод байв. Харин шинэ Засгийн газар байгуулагдсанаар Гадаад зээлийн ашиглалтын хуулийг батлуулж, гацааг арилгаснаар гүйцэтгэл нь 20 хувиас шууд 60 хувь руу үсрэнгүй ахижээ. БНЭУ-ын 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр босож буй энэхүү үйлдвэрийн талбайд өнөөдөр 4500 гаруй инженер, техникийн ажилтан алдсан хугацаагаа нөхөхөөр уралдан ажиллаж байна.

Найман жил хэрэгжиж буй төслийн бүтээн байгуулалтыг Н.Учралын Засгийн газар багагүй эрчимжүүлсэн гэж АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням тодотгов. Түүний хувьд “гал дээр” суусан халуухан өдрүүд үргэлжилж буй. Тэрбээр Бээжин, Сөүл, Москва явж, шатахууны гуйлга гуйсаар яваа.
Төслийн барилга угсралтын ажлын явцад түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах нийт 276,430 метр.куб багтаамжтай агуулах савнууд барьж байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ны захирал Д.Алтанцэцэг танилцуулав. Үйлдвэрт нийт 263 км ил шугам хоолой, 26 км далд шугам хоолой байх бөгөөд эдгээрээс 190 км шугам хоолойн материалыг татан авч, гагнаж угсран суурилуулж эхэлжээ. Үйлдвэрийн хамгийн чухалд тооцогдох эх байгууламжууд болох БНЭУ-д үйлдвэрлэсэн "Атмосферийн нэрлэгийн цамхаг"-ийг 2026 оны тавдугаар сард, "Вакуум нэрлэгийн цамхаг"-уудыг долдугаар сард үйлдвэрийн талбайд тээвэрлэн авчирч, угсарч байна. Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолой барьж байгуулах ажил 90 гаруй хувийн хэрэгжилттэй, дуусах дөхөж яваа бололтой. Дорнод аймгийн Матад суман дахь газрын тосны 19 дүгээр талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь үйлдвэрийн талбай хүртэлх уг дамжуулах хоолой нь Монгол Улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болжээ.

"Алдсан хоёр жилийн хугацаагаа нөхөж, бүтээн байгуулалтаа дуусгая" гэж Ерөнхий сайд Н.Учрал Алтанширээгийн талбай дээр мэдэгдэв. Тэрбээр “Хоёр тал төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх өндөр түвшний хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон нь бүтээн байгуулалтад чухал түлхэц болно гэж үзэж байна. Дуусдаггүй олон яриа дуусаагүй үлдсэн байсан. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалан 2 жил орчим гацсан байсан. Манай Засгийн газар байгуулагдаад гацаа арилж, одоо энэ талбай дээр 4500 инженер техникийн ажилтан гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн угсралт бүрэн эхэлсэн” гэв.
Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, 824 мян.тн дизель, АИ95 бензин 396 мян.тн, онгоцны түлш 80 мян.тн, зуухны түлш 17 мян.тн, шингэрүүлсэн шатдаг хий 27 мян.тн үйлдвэрлэх юм. Үйлдвэр ашиглалтад орсноор, Монгол Улс газрын тосны хэрэгцээний 55 орчим хувийг дотоодоосоо хангах боломжтой болох аж.
Гаднах дэд бүтэц дууссан, 135 айлын орон сууц ашиглалтад орсон, 35 МВт-ын ДЦС болон 5 МВт-ын Ширээт дэд станцын шийдвэр гарсан гэх сайн мэдээ залгаж байна. Төсөл бүрэн дуусахад 850-900 шинэ ажлын байр бий болох гэнэ.
Гэхдээ газрын тосны үйлдвэр дагаад эдийн засгийн эрсдэл үү, эсвэл аюулгүй байдлын баталгаа юу гэх асуулт тавигдах болсон. Гэвч, хоёр хөршийн биш гуравдагч орны хөрөнгө оруулалтаар босож буй үйлдвэр гэх утгаараа улс төрийн шоу эсвэл сонгуулийн амлалт гэж хармааргүй байна. Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлын дархлаа гэвэл илүү бодит үнэнд нийцнэ. Тиймээс алдсан хугацааны тухай ахиад ярих цаг бидэнд алга. Дэлхий нийтээр амь амиа бодох нь геополитик болсон. Бид ч бас аюулгүй байдлаа, ардчилсан тогтолцоогоо хамгаалах ёстой. Үүний тулд үйлдвэрийг ашиглалтад оруулах нь монголчуудын үүрэг гэж хэлж болно.





Э.ЖАГАР

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 8-р сарын 20
2026 оны 8-р сарын 23
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 23
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 20