2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 15


“Хятадын эрх баригчид Төвөд дэх сүм хийд, хэл соёл, сургууль болон олон нийтийн цуглааныг хааж боох хяналт шалгалтаа хэдэн арван жилийн турш тасралтгүй чангаруулж ирсэн. Гэсэн хэдий ч Төвөдийн дүрвэгсдийн оюун санааны удирдагч Далай ламыг шахан шаардах, Төвөд түмний ухамсар, оюун санаанд гүн бат оршсон түүний орон зайг үгүй хийх гэсэн Бээжингийн далд бөгөөд хатуу ширүүн оролдлогууд бүрэн бүтэлгүйтсэнийг түүний 91 насны ой дөхөж буй энэ цаг үе харуулж байна” хэмээн сэтгүүлч Саурабх Чаухан бичжээ.
Tibetan Review
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам 91 насныхаа ойтой золгох гэж буй энэ үед "Төвөдийн Хүний эрх, ардчиллын төв" (TCHRD)-өөс гаргасан 2025 оны жилийн тайлан нь Хятадын хатуу хяналт дорх Төвөдийн өнөөгийн амьдралын дүр зургийг бодитоор харуулсан байна. Уг баримт бичигт Төвөдийн үндэсний ижилсэл, соёлыг өөрчлөх зорилготой тандалт судалгаа, хууль эрх зүйн заль мэх, үзэл суртлын компанит ажлууд хэрхэн эрчимжсэнийг нарийвчлан дурджээ. Сүм хийд, хэл соёл, боловсролын системд шахалт үзүүлж байгаа хэдий ч нэгэн няцаашгүй үнэн оршсоор байна. Бараг долоон арван жилийн засаглал, түүнийг түүхийн тавцнаас арчих гэсэн удаа дараагийн оролдлогуудыг үл харгалзан Далай ламын Төвөд хүмүүсийн зүрх сэтгэл дэх байр суурь хэвээрээ байна.
Мэдээж хэрэг, уг тайлан зөвхөн Далай ламын тухай биш юм. Тэнд байгаль орчны төлөөх тэмцэл, хэлний мөхөл, үндэслэлгүй баривчилгаа болон төвөдүүдийн өдөр тутмын амьдралыг алхам алхмаар боомилж буй үйл явдлуудыг баримтжуулжээ. Гэвч эрх баригчдын үйлдэл болгон эцэстээ нэг л зүйл рүү чиглэж байна. Энэ нь Төвөдийн соёл, шашин шүтлэг болон Далай ламд үнэнч байхыг илэрхийлсэн аливаа илрэлийг үндсээр нь устгах явдал юм.
Үүний хамгийн тод бөгөөд эмгэнэлтэй жишээ бол Голок дахь Лун Нгон Түвдэн Чойхор Лин хийдийн нөлөө бүхий хамба лам Тулку Хунгкар Доржийн хэрэг юм. Бээжингээс томилсон Банчин ламд зориулсан нүсэр угтах ёслолыг зохион байгуулахаас татгалзаж, оронд нь Далай ламд зориулж урт наслуулахын ерөөл уншсаны дараа албаны хүмүүс түүнийг онилжээ. Тасралтгүй байцаалт, дарамт шахалттай тулгарсан тэрбээр Төвөдөөс нууцаар зугтаж, Вьетнам руу гарсан байна.
Гэвч түүний дараа болсон үйл явдал тун бүрхэг бөгөөд аймшигтай байв. 2025 оны 3-р сард түүнийг Хошимин хотод Хятад, Вьетнамын хууль сахиулагчдын хамтарсан ажиллагааны үеэр баривчилжээ. Хэдэн өдрийн дараа Вьетнамын тал түүнийг зүрхний шигдээсээр нас барсан гэж зарласан бөгөөд тэрбээр урьд өмнө нь зүрхний ямар нэгэн өвчнөөр өвчилж байгаагүй аж. Үүний дараа НҮБ-ын хүний эрхийн дөрвөн шинжээч хараат бус мөрдөн байцаалт явуулахыг уриалсан юм. Олон төвөдүүдийн хувьд энэ үйл явдал "Далай ламд хувиараа шүтэж, залбирах нь ч амь насанд аюултай" гэсэн тод дохио болжээ.
Тайлан бүхэлдээ энэхүү айдас түгшүүрийг тусгасан байна. 7-р сарын 6-нд тохиодог Далай ламын төрсөн өдрөөр Хятадын аюулгүй байдлын хүчнийхэн Төвөдийн бүс нутгуудад хяналтаа эрс чангалав. Цагдаа, цэргийнхэн хот суурин, сүм хийдүүдийг бүчиж, орон сууц, лам нарын өрөөнд нэгжлэг хийн Далай ламын хөрөг зургуудыг хураан авч, оршин суугчдыг Коммунист намд үнэнч байх тангаригт хүчээр гарын үүсэг зуруулжээ.
Төвөдийн буддизмыг "Хятадчилах" уриа лоозон дор шашны эсрэг дайралт үргэлжилсээр байна. 2025 оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн Төвөдийн буддын шашны сүм хийдийн тухай шинэ журамд сүм хийд, лам хуврагууд Намын удирдлагыг дэмжиж, социалист үнэт зүйлсийг сурталчлах, улс төрийн боловсролын шугамыг баримтлахыг шаардах болсон байна. Шашны боловсрол эзэмшихэд тавьсан квот, хүнд суртал нь жинхэнэ шашны амьдралыг боомилж байна.
Энэхүү дарамт шахалт боловсролын салбарт ч тод илэрч байна. Эрх баригчид төвөд хэлийг сургалтын системээс шахан гаргасаар байна. 2026 оноос хэрэгжиж эхлэх "Гаокао" буюу их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын өөрчлөлт нь төвөд хэлний үүрэг ролийг эрс бууруулах юм. Хятадын сошиал медиа платформ дээр төвөд бус зарим иргэд хүртэл "Хэл, соёл бол дэлхийн хамгийн үнэт баялаг" хэмээн үүнийг шүүмжилжээ.
Үүний зэрэгцээ Голок дахь төвөд хэл, уламжлалт урлаг, анагаах ухааныг заадаг, 5000 гаруй оюутан төгсгөсөн Дорж Тэн үндэсний мэргэжлийн сургуулийг албадан хаажээ. 2025 оны 12-р сард тус сургуулийг үүсгэн байгуулагч Чоквэй Дорж Тэнийг баривчилж, сургуулийн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон байна.
Байгаль орчныг хамгаалах нэрээр эхэлсэн эсэргүүцлийн жагсаал ч соёлын гүн гүнзгий ач холбогдолтой болох нь харагддаг. 2024 оны 2-р сард Дэргэ мужийн зуу зуун төвөдүүд, түүний дотор лам хуврагууд, гэлэнмаа нар, нутгийн иргэд түүхэн сүм хийд, тосгодод аюул учруулж буй усан цахилгаан станцын төслийг эсэргүүцэн тайван замаар жагссан. Үүний хариуд Хятадын тал мянга гаруй хүнийг кампанчлан баривчилж, хатуу чанга хяналт тогтоосон байна. Энэ нь гаднаа байгаль орчны маргаан мэт боловч цаад мөн чанартаа Төвөдийн шашин, нийгмийн амьдралтай салшгүй холбоотой түүхэн дурсгалт газруудыг хамгаалах гэсэн тэмцэл байв.
Судлаач Роберт Барнетт нэгэнтээ "Бээжин Төвөдийг газар нутгийн хувьд бүрэн хяналтдаа авсан ч төвөдүүдийн зүрх сэтгэл, үнэнч байдлыг хэзээ ч өөртөө татаж чадаагүй" гэж тэмдэглэсэн байдаг. TCHRD-ийн тайлан энэхүү ангал улам бүр өргөжиж буйг харуулж байна. Эрх баригчид хяналт шалгалт, сургуулийн шинэчлэл, сүм хийдийн хязгаарлалтаар дамжуулан хэдий чинээ хүчтэй шахалт үзүүлнэ, төдий чинээ Төвөдийн амин сүнс бууж өгөхгүй байгаа нь тодорхой болж байна.
Төвөдүүд Далай ламын 90 насны ойг Төвөд орондоо болон дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэж байгаа энэ үед уг тайлан нь түүхийн нэгэн чимээгүй гэрч болж байна. Энэхүү тэмцэл нь зөвхөн улс төрийн эрх мэдлийн тухай биш юм. Энэ бол дараагийн үед Төвөд хэл, соёл, шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэл амьд үлдэж чадах уу үгүй юу гэдэгт оршиж байна. Бээжингийн зүгээс Далай ламд чиглэсэн олон жилийн муйхар улайрал нь түүний нөлөө болон Төвөд түмний тэсвэр хатуужлыг мохоож чадаагүйн хамгийн тод илрэл юм.

Саурабх Чаухан(Saurabh Chauhan) нь Энэтхэгийн Химачал Прадеш мужид ажилладаг сэтгүүлч, хараат бус судлаач юм. Тэрбээр "Hindustan Times" сонинд найман жил орчим ажиллаж, улс төр, нийгэм, байгаль орчны асуудлаар сурвалжлага бэлтгэж байсан бөгөөд түүний бүтээлүүд BBC Hindi, The Print, Firstpost зэрэг хэвлэлүүдэд нийтлэгдэж байжээ. Одоо тэрбээр технологи ба хурдацтай өөрчлөгдөж буй ертөнц дэх Төвөдийн соёл, шашин, улс төрийн тэмцлийн ирээдүйг судалсан "Prayer Wheels in the Cloud" хэмээх номоо бичиж байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 15
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 15