2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 6


Аливаа улсын гадаад бодлого, олон улсын харилцаа нь маш нарийн ур ухаан, заль мэх шаардсан шатрын нүүдэл юм. Тэр тусмаа жижиг улсын гадаад бодлого уйтгартай дипломат яриа, албархуу ёсорхог харилцаа төдий зүйл биш. Үндэсний тусгаар тогтнолоо хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлаа хангах амин чухал асуудал байдаг.
Газар зүйн байршил нь Монголын хувьд өөрчилж болдоггүй өгөгдөл. Урд талд дэлхийн хоёр дахь том эдийн засаг оршиж байна. Хойд талд газар нутгаараа дэлхийд тэргүүлдэг, цөмийн зэвсэгтэй их гүрэн бий.
Хамгийн гол нь хоёулаа автократ буюу нэг хүний, намын засаглалтай улсууд. Ийм хавчигдмал, сонголтгүй буфер байршилд орших Монгол Улсын хувьд амьд үлдэх, тусгаар тогтнолоо хамгаалах ганц тактик бий.
Монгол газарзүйн хувьд албан бус хоригтой нь де-факто. Де юре нь их гүрнүүд шиг цэрэг, эдийн засгийн асар их хүч, нөлөө бидэнд байхгүй. Тийм ч учраас сул талаа давуу тал болгох нь Монголын "хар хайрцаг"-ны ухаан юм. Тэр нь ардчилсан тогтолцоо агаад дэлхий улс орнуудтай нээлттэй харилцах, олон тулгуурт гадаад бодлого билээ.
Манй эвийг эрхэмлэж, энхийг сахисан гадаад харилцаа газар нутгийн, геополитикийн зөрчилтэй дэлхийн орнуудыг холбох, тэдний хувьд сөргөлдөөний талбар биш, харилцан ойлголцож болох хамгийн аюулгүй бүс нутаг болсон. Үүнд Ерөнхийлөгчийн оролцоо ч чамгүй их.
Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд зааснаар Төрийн тэргүүн байж, Монголыг гадаад харилцаанд бүрэн эрхтэйгээр төлөөлдөг цорын ганц дээд албан тушаалтан. Энэ утгаараа Төрийн тэргүүн хэн байх, ямар үнэт зүйл, үзэл санаа бүхий улстөрч вэ гэдгээс Монголын гадаад бодлого шууд хамааралтай байдаг.
Маш энгийнээр тайлбарлавал, улсынхаа тусгаар тогтнолын жолоог атгаж яваа жолооч гэж хэлэхэд буруудахгүй. Төрийн хүн харалган байвал гадаад бодлого нь гацаж, улс нь бусдын тоглоомын талбар болно. Харин ухаантай, алсын хараатай байвал стратегийн тоглогч болж чадна.
Монголын эдийн засаг хоёр хөршөөсөө шууд хамааралтай. Тиймээс их гүрнүүдийг давсан бодлого хэрэгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эр зориг хийгээд ухаан хамгийн их шаардагддаг. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад бодлогын гол шугам нь “энхийг эрхэмлэсэн, эвийг сахисан” байр суурь юм.
НААДМЫН ХОЙМОРТ ЗАЛАХ ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ДИПЛОМАТ АЖИЛЛАГАА
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа нь зөвхөн хил, хэл, мал гурав дээр тогтдоггүй. Эдийн засгийн тоонуудаас гадна иргэдийнх нь үнэт зүйл, уламжлалт баяр наадам, ардчилсан тогтолцоон дээр ч оршдог. Эрийн гурван наадам үндсэндээ монголчуудын өв уламжлал, төрт ёсны их баяр, түүх соёл, тусгаар тогтнолын баталгаа юм. Зүгээр нэг зугаацах баяр төдийхөн биш, Монгол үндэстний оршин тогтнохуйн, өөрийгөө тодорхойлохуйн амин чанар Identity мөн.
Энэ жилийн үндэсний их баяр наадмын хүндэт зочин нь БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён болж байна. Тэрбээр гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 oны 7 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх агаад маргааш Улаанбаатарт хүрэлцэн ирнэ.
Энэхүү айлчлал нь БНСУ-ын Төрийн тэргүүн Монголд айлчилснаас хойш яг 15 жилийн дараа болж буйгаараа онцлог аж. Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бодит эдийн засгийн утгаар баяжуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцохоор бэлтгэж байна. Мөн Засгийн газар хоорондын чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлжээ.
Хамгийн гол нь БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын нээлтийн ёслолд хүндэт зочноор оролцож буй нь У.Хүрэлсүхийг гадаад бодлогод үлдээж буй гол legacy билээ.
Тэрбээр сүүлийн гурван жил дараалан үндэсний их баяр наадмаар гадаадын эрхэм зочдыг урьж, Монгол бол амар амгалан, ардчилсан улс болохыг дэлхийг зарлах болсон билээ.
ХОЁР ХӨРШИЙН ДУНДАХ ТЭНЦВЭР
Японы Цог жавхлант Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нар өнгөрсөн жилийн баяр наадмын гол зочид байлаа. Эзэн хааныхаа бараа сүрийг харах гэсэн олон япон Монголд энэ үеэр зочилсон агаад Цог жавхлант Эзэн Нарухито 2019 онд хаан суудалд заларснаасаа хойш тэрбээр дэлхийд гурван улсад төрийн айлчлал хийсний нэг нь Монгол байв. Япон нь Монголын ардчиллыг анхнаас нь дэмжсэн, хамгийн том донор орон. Энэ утгаараа хоёр орон хэн, хэндээ элгэмсүү зөөлөн ханддаг.
Японы Эзэн хаан Монголыг зорьж ирснээрээ, үндэсний баяр наадмын хүндэт зочиж болсноороо манай улсыг энх тайван, эрх чөлөөний баянбүрд гэдгийг дэлхийд үг-үйлдлээрээ зарласан хэрэг байв. Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Нарүхито хаан манай Морин хуурын найрал хөгжимтэй хамтран Японы алдарт "Хамабэ но үта" аялгууг хийл хөгжмөөр тоглосон нь нэг талаар, Монголын өв соёлыг, нөгөө талаар үндэсний аюулгүй байдлаа хамгаалах манай олон талт, төвийг сахисан гадаад бодлогын хамгийн том сурталчилгаа болсон билээ.
Монголын эрийн гурван наадмын анхны зочин нь Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук агаад тэрбээр 2024 оны баяр наадмаар Монголд анхны түүхэн айлчлалаа хийж байв. Гэр бүлийнхээ хамт Монголын үндэсний баяр наадмын тухлан үзэж, элсэн говиос энерги аваад буцсан тэрбээр “Чингис хааны үлдээсэн өв монголчуудын генд оршсоор байгааг, Монгол үндэстний зүрхний цохилт маш хүчтэй байгааг мэдэрлээ” гэж хэлсэн нь буддын шашинтнуудад эерэг мессеж болж хүрсэн билээ.
Улаанбаатарт уригдан ирсэн олон зочин манай гадаад харилцааны бодлогод ихээхэн талархалтай ханддаг. Жишээ нь, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Улаанбаатарт айлчлахдаа “Дэлхий дахинд амар амгалан байдал хомсдож буй энэ үед энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна” гэж дүгнэж байв. Жанч халсан Пап Францис “Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг” болохыг дэлхийн католик шашинтнуудын өмнө мэдэгдсэн юм. Шашны хувьд ч Монгол Улс шашин шүтэх, эс шүтэх эрхтэй ардчилсан улс.
Түгжигдмэл газарзүйн байрлалтай ч, гадаад бодлогын хувьд ардчилал ялснаас хойш үүд хаалгаа нээж, хоёр хөршийн дунд тэнцвэрээ алдахгүйгээр, гуравдагч хөрштэй эн тэнцүү харилцааг эрхэмлэж ирсэн.
Энэхүү бодлогын хүрээнд баяр наадмын хоймортоо гадаадын зочин урин залж авчирч байгаа нь Монголын Төрийн тэргүүний дипломат бодлогын арга ухаан, амжилт ололт юм.
Тэр үүднээс бүрэн эрхийн хугацаа нь жилийн дараа дуусгавар болох У.Хүрэлсүхийн гадаад бодлого түүхэнд үлдэх нь тодорхой. Харин түүний "өв соёлоо" түшиглэсэн гадаад бодлогыг хэн залгамжлах вэ гэдэг нь дараагийн Ерөнхийлөгчийн үнэт зүйл, үзэл бодлоос шалтгаална.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 7
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 14
2026 оны 7-р сарын 10
2026 оны 7-р сарын 9
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 11
2026 оны 7-р сарын 12
2026 оны 7-р сарын 13
2026 оны 7-р сарын 5
2026 оны 7-р сарын 6