НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АНУ нь “Nvidia” Хятадын тагнуулын байгууллагатай холбоотой байсныг мөрдөн тогтоожээ
АНАЛИЗ

АНУ нь “Nvidia” Хятадын тагнуулын байгууллагатай холбоотой байсныг мөрдөн тогтоожээ

3 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Женсен Хуан болон Элис Хуан нар. 2024 он. Тайваньд.

Тодруулга: Женсен Хуан гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүний албан тушаалдаа эргэн ирлээ. Түүнийг эргэн ирэхэд NVIDIA-ийн хувьцаа нэг өдөрт бараг гуравны нэгээр өссөн нь зах зээл удирдлагын тогтвортой байдлыг хэрхэн үнэлдгийн тод жишээ болж байна.

АНУ-ын тагнуулын мэдээллээс үзэхэд хиймэл оюун ухааны чипний дуулианы гол эзэн болох “тагнуулч” эмэгтэй Женсен Хуантай дотно харилцаатай байх хугацаандаа БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яамтай нягт харилцаатай байсан байна.

The New York Times (2026-11-22)

“Nvidia” компанийн дуулианы гол баатар болох хятад эмэгтэй тус компанийн тэргүүн асан Женсен Хуантай нууц амрагийн харилцаатай байх хугацаандаа Хятадын тагнуулын гол байгууллагын албан тушаалтантай нэг жил гаруйн турш холбоо барьж байсныг АНУ-ын тагнуулын тайлантай танилцсан хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.

Тагнуулын мэдээллийг мэдэх эх сурвалжуудын хэлснээр Элис Хуан гэх тэрхүү эмэгтэй 2025 оны хавраас энэ оны намар хүртэл БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яамны ажилтантай холбоотой байжээ. Энэ хугацаа нь түүнийг тухайн үед дэлхийн хиймэл оюун ухааны дэвшилтэт чип үйлдвэрлэгч тэргүүлэгч компанийн захирлаар ажиллаж байсан ноён Хуантай дотно харилцаатай байсан үетэй дор хаяж хэсэгчлэн давхцаж байгаа юм.

Түүнчлэн хатагтай Хуаны бизнесийн хамтрагч бөгөөд ихэвчлэн түүний нөхөр хэмээн танилцуулагддаг Кан Вэй гэгч нь Хятадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж байсныг АНУ-ын тагнуулын албаныхан баримтаар тогтоосон байна.

Хатагтай Хуан тагнуулын байгууллагатай хэр хэмжээнд, яг хэдийд холбоо барьж байсан болон ноён Кан тус тагнуулын албанд ажиллаж байсан тухай мэдээллийг өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй юм.

Өнгөрсөн жилээс эхлэн саяхныг хүртэл хатагтай Хуан Хятадын тагнуулын байгууллагатай холбоотой байсан явдал нь ноён Хуаныг энэ сарын эхээр “Nvidia”-гийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцрох шалтгаан болсон нь илүү тодорхой болж байна.

Энэхүү цаг хугацаа нь түүний нууц амрагийн харилцаатай байсан үетэй төдийгүй хатагтай Хуаны “Megaspeed” компани “Nvidia”-гийн дэвшилтэт чипүүдийг их хэмжээгээр худалдан авч байсан үетэй мөн давхцаж байгаа юм. Эдгээр чипний зарим нь “Alibaba” зэрэг Хятадын технологийн компаниудад үйлчилдэг Зүүн Өмнөд Азийн дата төвүүдэд очсон бол заримыг нь Хятад руу хууль бусаар хил давуулан нэвтрүүлсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.

“Nvidia”-гийн тэргүүн асны холбоотнууд, тэр дундаа Ерөнхийлөгч Трамп уг дуулианыг намжаахыг оролдож, хатагтай Хуаныг Хятадын тагнуулын ажилтан байсан эсэхэд эргэлзэж байв. Гэвч шинээр ил болсон энэхүү мэдээлэл нь түүнийг ноён Хуантай романтик харилцаатай байх үедээ ч Төрийн аюулгүй байдлын яамтай тасралтгүй холбоотой байсныг нотолж байна.

Энэ нь мөн технологийн өрсөлдөөнд Хятадын зүгээс явуулж буй илүү өргөн хүрээтэй дайралтын зөвхөн нэг хэсэг нь хатагтай Хуаны гүйцэтгэсэн үүрэг байж болзошгүй хэмээн АНУ-ын албаныхан тайлбарлаж байна. БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яам нь өндөр хүчин чадалтай чип олж авах, Хятадын хиймэл оюун ухааны амбицыг ахиулахад онцгой ач холбогдол өгөн ажиллаж байгаа билээ.

АНУ-ын экспортын хяналтын хуулийг зөрчин “Nvidia”-гийн чипүүдийг Хятад руу хууль бусаар нийлүүлсэн байж болзошгүй хэрэгт холбогдсон “Megaspeed” тэргүүтэй Зүүн Өмнөд Азийн компаниудын сүлжээнд хатагтай Хуан болон ноён Кан нарын гүйцэтгэсэн үүргийг АНУ-ын албаныхан мөрдөн шалгаж байна. Тэдний Хятадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан цар хүрээ, хугацааг бүрэн тогтоохоор АНУ-ын албаныхан үргэлжлүүлэн ажилласаар байна.

АНУ-ын цуглуулсан тагнуулын мэдээлэлд уг компаниудын сүлжээнд хатагтай Хуан, ноён Кан нарын гүйцэтгэсэн үүргийг нотлох баримтууд, тэр дундаа тээвэрлэлтийн бүртгэлүүд багтсан болохыг тагнуулын тайлантай танилцсан эх сурвалжууд дурджээ. Хатагтай Хуан болон түүний гэр бүл Хятадын батлан хамгаалах салбарын гүйцэтгэгч компаниудтай олон талт холбоо сүлбээтэй болохыг “The New York Times” сонин өмнө нь мэдээлж байсан юм.

Ноён Хуан хоёр эмэгтэйтэй дотно харилцаатай байсан тухай мэдээлэл ил болсны дараа “Nvidia” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцорчээ.

Ноён Хуан анх хатагтай Хуантай харилцаж байсан харилцаагаа бизнесийн харилцагчтай үүсгэсэн энгийн харилцаа хэмээн тайлбарлаж байв. Харин АНУ-ын тал хатагтай Хуаныг Хятадын тагнуулын мэдээлэгч хэмээн тогтоосон бөгөөд түүний зорьсон цахим тандалтад “Nvidia”-гийн тэргүүн өртсөн тухай “The Times” өнгөрсөн сард дэлгэсний дараа л тэрбээр нууц амрагийн харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн юм.

Үүний дараа түүнийг “Nvidia”-гийн доод албан тушаалтантай мөн дотно харилцаатай байсныг “The Times” мэдээлсний улмаас тэрбээр энэ сард албан тушаалаасаа огцорчээ. Засаг захиргааны албаныхан түүнд хатагтай Хуаны талаар буюу харилцаатай байгаа эмэгтэй нь Хятадын тагнуулын албатай холбоотой болохыг анхааруулсан “урьдчилан сэргийлэх мэдээлэл” (defensive briefing) огт өгч байгаагүй байна.

Цагаан ордон болон ноён Хуаны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар тайлбар өгөхөөс татгалзлаа. Төрийн департамент, Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яам, хатагтай Хуан болон ноён Кан нарын зүгээс ням гаригт тайлбар авах хүсэлтэд хариу өгсөнгүй.

Уг дуулиан олон нийтэд ил болохоос өмнө ноён Трампын зөвлөхүүд АНУ-ын тагнуулын алба хатагтай Хуаныг Хятадын тагнуулын байгууллагатай холбоотой болохыг илрүүлсэн бөгөөд тэрбээр ноён Хуаныг “Nvidia”-г удирдаж байх хугацаанд түүнтэй дотно харилцаатай байсан талаар ноён Трампад дор хаяж хоёр удаа мэдэгдэж байсныг уг мэдээллийг шууд дамжуулсан АНУ-ын албаныхан хэллээ.

Тэр хоёр удаад, тэр дундаа үндэсний аюулгүй байдлын зөвлөх нь энэ асуудлыг хөндөн ярилцах үед ч Ерөнхийлөгч уг болгоомжлолыг үл тоомсорлож, энэ хэрэгт хөндлөнгөөс оролцох хүсэлгүй байгаагаа тодорхой илэрхийлжээ. Албаныхны хэлснээр ноён Трамп ноён Хуаныг үнэ цэнтэй холбоотон хэмээн үздэг бөгөөд “Nvidia” компанийг Америкийн эдийн засаг, хөрөнгийн зах зээлд нэн чухал үүрэгтэй гэж хардаг байна. Саяхан ноён Трамп “Nvidia” компанийг ноён Хуаныг гүйцэтгэх захирлын албан тушаалд нь эргүүлэн томилох талаар бодолцож үзэхийг санал болгосон ч тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл энэ саналыг няцаажээ.

“Бид суут ухаантнуудаа хамгаалах ёстой. Женсен бол тэдний нэг” гэж Ерөнхийлөгч баасан гаригт Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлээд “Миний бодлоор тус компани ухаалаг хандвал тэр суут хүнийг буцааж аваад, уучлалтыг нь хүлээн зөвшөөрч, ажилд нь эргүүлэн оруулах хэрэгтэй” хэмээн нэмж өгүүлэв.

Ноён Трамп хатагтай Хуаныг Хятадын тагнуулын мэдээлэгч гэдгийг нотлох ямар нэгэн тагнуулын мэдээллийг засгийн газрынх нь хэн ч түүнд дуулгаагүй хэмээн мэдэгдсэн юм.

“Би түүнийг тагнуулч гэдгийг мэдэхгүй” гэж тэрбээр хэлээд “Иймэрхүү тохиолдолд ихэвчлэн юу болдог вэ гэхээр, Хятадаас тус улсад ирж буй ямар ч хөөрхөн эмэгтэйг тэд тагнуулч гээд хэлчихдэг юм” хэмээжээ.

 “Nvidia”-гийн төлөөлөн удирдах зөвлөл ноён Хуаныг компанийн тэргүүнээр эргүүлэн томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг няцаасан байна. Ноён Хуан аравдугаар сарын эхээр Вашингтонд Ерөнхийлөгч Трампын хамт.

Бодит байдал дээр БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яам хиймэл оюун ухааны салбарт Хятадад давуу тал олгох шинэ чиг үүргээ эрчимжүүлж байсан сүүлийн нэг жил гаруйн хугацаанд түүний засаг захиргаа хатагтай Хуан болон Хятадын тагнуулын байгууллагын хоорондын харилцаа холбоог хянаж байсан юм.

“Nvidia”-гийн чипүүдийг худалдан авч, хууль бусаар хил давуулан нэвтрүүлэхээр ажиллаж буй энэхүү компаниудын сүлжээ нь хагас дамжуулагч болон бусад гол технологид тавьсан АНУ-ын экспортын хяналтыг тойрч гарах, хүчингүй болгох гэсэн Төрийн аюулгүй байдлын яамны саяхан зарласан гол зорилготой яг таарч байна” гэж ноён Трампын бүрэн эрхийн эхний хугацаанд үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогчоор ажиллаж байсан, өдгөө нээлттэй эх сурвалжийн судалгааны “Garnaut Global” фирмийн гүйцэтгэх захирал Мэтт Поттингер мэдэгдэв.

Төрийн аюулгүй байдлын яам олон арван жилийн турш өөрийн зорилгыг тагнуултай тэмцэх, Хятад дахь Коммунист намын засаглалд учрах улс төрийн аюул заналыг арилгах явдал хэмээн тунхагласаар ирсэн. Төрийн аюулгүй байдлын сайд Чэнь Исинь өнгөрсөн оны сүүлчээр ч мөн ижил утгатай таван зүйлт мэдэгдэл хийж байсан юм. Гэвч дөрөвдүгээр сард тэрбээр Хятадын хиймэл оюун ухаан зэрэг гол технологид нэвтрэх боломжийг боомилж буй “хориг саадыг” даван туулах тухай зургаа дахь шинэ зорилтоо танилцуулжээ.

“Хориг саадын эсрэг тэмцлийг гүнзгийрүүлж, хиймэл оюун ухааны инновац, үйлдвэрлэлийн хөгжил болон хэрэглээг иж бүрнээр ахиулъя” хэмээн ноён Чэнь намын сэтгүүлд бичээд “Гол технологиудын ‘боомилолт’-ыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулъя” гэж онцолсон байна.

“Энэхүү ажиллагааны төвд Төрийн аюулгүй байдлын яам байгаагүй гэж таамаглах нь тэднийг чадваргүй гэж дүгнэсэнтэй адил хэрэг” хэмээн ноён Поттингер нэмж хэлээд “Би лав тийм таамаг дэвшүүлэхгүй” гэжээ.

Америкийн тагнуулын байгууллагууд хатагтай Хуаны бизнесийн хамтрагч бөгөөд түүний хамтрагчдадаа нөхрөө хэмээн танилцуулдаг байсан ноён Каны гүйцэтгэсэн үүргийг тодруулахаар үргэлжлүүлэн ажиллаж байна. Тагнуулын мэдээллийг мэдэх олон эх сурвалжийн хэлснээр АНУ ноён Каныг Төрийн аюулгүй байдлын яамтай хамтран ажиллаж байсныг нотлох баримтуудыг цуглуулжээ.

Түүнчлэн АНУ-ын тагнуулын тайлантай танилцсан олон эх сурвалжийн мэдээлснээр хатагтай Хуан БНХАУ-ын хууль сахиулах гол байгууллага болох Нийгмийг аюулаас хамгаалах яамны албан тушаалтнуудтай мөн уулзаж байсан бололтой байна.

Хатагтай Хуан, ноён Кан, хатагтай Хуаны эгч болон тэдэнтэй холбоотой компаниуд нь хүчирхэг хиймэл оюун ухааны загваруудыг сургах зорилгоор дата төвүүд байгуулах, “Nvidia”-гийн чипүүдийг олж авах гэсэн Хятадын хүчин чармайлтын чухал салбар болон тодорчээ. Хатагтай Хуаны сүлжээ нь Ардын чөлөөлөх армид зориулан ажил гүйцэтгэдэг Хятадын төрийн өмчит цэргийн гүйцэтгэгч компаниудад хүчирхэг чип нийлүүлэх оролдлоготой холбогдсон байна.

Хатагтай Хуан болон түүний сүлжээний талаарх тагнуулын мэдээллийн өчүүхэн хэсгийг л Капитол Хиллд (Конгресст) өгсөн боловч хоёр намын хууль тогтоогчид танилцуулга мэдээлэл хийхийг шаардаж байна.

Тагнуулын төв газрын (CIA) захирал Жон Рэтклифф болон Үндэсний тагнуулын газрын захирал Жей Клейтон нар энэ сард дээд түвшний хууль тогтоогчдод хийсэн мэдээлэл нь анх Ираны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөгдсөн байсан ч “Nvidia”-гийн талаарх “The Times” сонины нийтлэлээс үүдэн хууль тогтоогчид ноён Хуан болон Элис Хуан нарын талаар асуулт тавихад хүргэжээ. Тэдний өгсөн хариулт нь улам олон асуулт дагуулж, зарим хууль тогтоогчдыг эргэлзээнд оруулсан байна.

Үндэсний аюулгүй байдлын дээд түвшний ажилтнуудад зориулан өнгөрсөн лхагва гаригт хийхээр товлосон, хатагтай Хуаны талаар цуглуулсан тагнуулын мэдээллийн дэлгэрэнгүйг хуваалцах байсан дараагийн уулзалтыг Трампын засаг захиргааны албаныхан хойшлуулжээ.

Аравдугаар сарын сүүлчээр “The Times” сонин уг мэдээллийг зарлах хүртэл хатагтай Хуаны тухай тагнуулын мэдээллийг засгийн газрын дотоодод чанд нууцалж байсан юм. Хөшигний ард Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд үндэсний аюулгүй байдлын зөвлөх Марко Рубио энэ оны гуравдугаар сарын 30-ны өдөр хатагтай Хуан Хятадын тагнуулын байгууллагатай холбоотой болохыг дурдсан нууц санамж бичиг үйлдэж байжээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ли Шаомин гэгч нь Монголын баялгийг 1.1 тэрбум долларын барьцаанд тавьж, зугтжээ

Ли Шаомин гэгч нь Монголын баялгийг 1.1 тэрбум долларын барьцаанд тавьж, зугтжээ

2004 он:

Nov 24, 2026

Оросын рок хөгжмийн ертөнц дайныг хэрхэн үздэг вэ?

Оросын рок хөгжмийн ертөнц дайныг хэрхэн үздэг вэ?

Женсен Хуаны comeback: Зах зээлийн итгэл үү, засаглалын гажуудал уу?!

Женсен Хуаны comeback: Зах зээлийн итгэл үү, засаглалын гажуудал уу?!

Москва, Бээжингийн өнөөдрийн түншлэл маргаашийн өрсөлдөөн үү?

Москва, Бээжингийн өнөөдрийн түншлэл маргаашийн өрсөлдөөн үү?