2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 6


Хүн харвал хэрэлдэхээс, гөлөг харвал чулуу шидэхээс буцдаггүй хотын дарга Х.Нямбаатар гэнэт бүлх залгиснаас харвал тунчиг хүнд байдалд орсон шинжтэй. Манайхан л болсон хойно “уйлчих гээд хэцүү байхад олон юм асуугаад байх юм” гэж шоглож сууна. Гэхдээ наргианы наян хувь нь үнэн байдаг гэдэг.
Саяхан л Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийнхээ эсрэг жагсаал зохион байгуулж, “гараад ир, хүрээд ир” гэж багтаж ядсан уур омогтоо сагаж явсан тэрбээр үнэнд гүйцэгдэх нь ердөө л цаг хугацааны асуудал болжээ.
Н.Учралын Засгийн газарт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдсон Ц.Сандаг-Очир нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй шөнө дөлөөр уулзалт хийж, хуульд нийцүүлтэл Туулын хурдны замыг түр зогсоох шийдвэр гаргасан байна. Мэдээж Багануурын “сократ” хотын дарга Х.Нямбаатартай дайн зарлах хэмжээний зүрх, зоригтой хүн биш. Түүний энэ шийдвэр улс төрийн олон хардлага дагуулж байна. Нэгдүгээрт, Ц.Сандаг-Очир нь Д.Амарбаясгалангийн гол фракцын хүн. Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар хоёр эртнээс таарамж муутай харилцаатай. Ингээд харвал МАН доторх улс төрийн нөхцөл өөрчлөгдөж, анд нөхдийн ашиг сонирхлын хамтралд хар цэг тавигдсан байх магадлалтай.
Нөгөө талаар Туулын хурдны замыг хуульд нийцүүлтэл түр зогсоосон нь Х.Нямбаатарыг огцруулахгүй гэсэн арга заль байж мэднэ. Учир нь, Туулын хурдны замын төсөл Улаанбаатарыг ундны усны хомсдол оруулж, байгаль экологи болон эдийн засагт асар их хохирол дагуулж буй тул олон нийтийн зүгээс Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаас огцрохыг шаардаж, талбай дээр өдөр болгон жагсаж буй юм. Өчигдрийн байдлаар 37 мянга гаруй хүн Х.Нямбаатарыг огцрохыг дэмжиж гарын үсэг зурсан байна. Түүнчлэн иргэд, олон нийтээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал нарт хандаж, хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцох шаардлага хүргүүлсэн. Тиймээс Туулын хурдны замыг хуульд нийцтэл түр зогсоох шийдвэр гаргасан нь нэг талдаа олон нийтийн уур, бухимдлыг тайвшруулах зорилготой, товчхондоо Х.Нямбаатарыг хотын даргаас нь огцруулахгүйн тулд “түр зогсоох” нэрээр иргэдийн тэмцлийг саармагжуулах арга заль ч байж мэднэ.
Туулын хурдны замын төсөл нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарын хар мөнгө угаалт гэж хардах олон үндэслэл бий. ТЭЗҮ нь олон нийтээс нууц, байгаль орчин, соёлын өвийн үнэлгээ огт хийгээгүй, эдийн засгийн үр ашгийн тооцоо байхгүй. Түгжрэл яг хэдэн хувиар буурах вэ гэдэгт Л.Оюун-Эрдэнэ ч, Х.Нямбаатар ч, Т.Даваадалай ч өөр, өөр тоо хэлдэг.
Дэлхийд хамгийн өндөр өртгөөр буюу нэг километр нь ₮70 тэрбум, нийтдээ ₮2.3 тэрбумын өртөгтэй Туулын хурдны замын төсөл нь улстөрчдийн хулгай луйвар байж болзошгүй баримтууд ч ар, араасаа дэлгэгдэх болсон. Байгаль орчны үнэлгээ хийсэн гэх тайландаа бусдын гарын үсэг, нэрийг хууль бусаар ашигласан нь баригдсан. Төслийн тендерт шалгарсан компани нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн худ Ч.Өгөөдэйбаатар болон хотын дарга Х.Нямбаатартай холбоотой гэх мэдээлэл цацагдсан. Сайн ухвал “Хаоюань женерал констракшн” нь өмнө нь өөр нэрээр Зүүнбаянгийн төмөр замын төсөл дээр гүйцэтгэгчээр ажилласан компани байж болзошгүй байгаа.
УБЕГ-ын мэдээллээс харахад "Хаоюань женерал констракшн" байгуулагдаад ганцхан жил болсон атлаа өмнө нь Баянхошууны автозамын тендерт ялсан баримт ч гарч ирсэн.
Атал хар, бараан “намтартай”, экс Ерөнхий сайдын худтай холбоотой компанид ажлын хөлс болгож, 500 тэрбумыг нийслэлийн төсвөөс шилжүүлсэн нь Х.Нямбаатарыг “намайг алаад төслийг зогсоогоорой” гэж амь тавин бачимдахад хүргэсэн ч байх. Урьдчилгаа 500 тэрбумыг авсан Хятадын хөрөнгө оруулалттай компани гэхэд үнэндээ Бэрхийн алтны нинжа шиг хэцүүхэн л багаж хэрэгсэлтэй харагдсан. Эндээс нийслэлийн татвар төлөгчдийн 500 тэрбум хэний халаасанд орсон бэ гэх асуулт анхаарал татаж байна. Энэ мөнгөний араас хөөвөл олсны үзүүрт Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар байх хардлага ч дэлгэгдсэн баримтуудаас улам баталгаажиж буй.
Тиймээс Туулын хурдны замын төслийг түр зогсоох биш бүр зогсоож, Х.Нямбаатарыг хотын даргаас огцруулаад зогсохгүй түүний "Хаоюань женерал констракшн"-д өгсөн 500 тэрбум төгрөг хаачсан бэ гэдгийг шалгаж тогтоох ёстой!
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 6