НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Уолл Стритийн түгшүүр: AI-г юу аврах вэ
АНАЛИЗ

Уолл Стритийн түгшүүр: AI-г юу аврах вэ

4 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжааны танхимд телевизээр зах зээлийн мэдээ дамжуулж буй байдал. Арваннэгдүгээр сарын 20.

“Nvidia Corp.”-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг огцруулсан цочирдом шийдвэр хйигээд завсрын сонгуульд Ардчилсан намынхан үнэмлэхүй ялалт байгуулсан давхар цохилтод өртсөн хөрөнгийн зах зээлийн хувьд 11 дүгээр сар тун хүндхэн байлаа

Bloomberg (2026-11-21)

Энэ долоо хоногт болсон “Anthropic PBC”-ийн дээд амжилт тогтоосон анхдагч зах зээлийн арилжаа (IPO) зах зээлд бага ч атугай тайвшрал авчирч, уур амьсгалыг өөрчлөх учиртай байв. Гэвч тэгсэнгүй. Харин ч хүндрэлтэй тулгараад буй хиймэл оюун ухааны арилжааны талаар улам олон эргэлзээ төрүүлж, чип үйлдвэрлэгчдээр тэргүүлүүлсэн технологийн хувьцаанууд үргэлжлэн зарагдсаар “Nasdaq 100” индекс долоо хоногийн дүнгээр 10% унав. Энэ нь 2020 оны гуравдугаар сард Ковид цар тахал дэгдсэнээс хойших хамгийн муу үзүүлэлт боллоо.

Одоо зах зээлийг дэмжих эерэг хөшүүрэг хомс, харин ирэх сард Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөх хүлээлтээс эхлээд тодорхой эрсдэлүүд ар араасаа хөвөрч буй энэ үед Уолл Стрит хувьцаануудыг дахин өсгөх ямар хүчин зүйл гарч ирэхийг гайхан хүлээж байна.

Агаарын тээврийн саатал, санхүүгийн хакерын халдлага зэрэг мэдээний гарчиг бүр хиймэл оюун ухааны учруулж буй эрсдэлд технологийн салбар дасан зохицож чадахгүй байна гэсэн хардлагыг өдөөж байгаа тул хөрөнгө оруулагчид худалдан авах сэдэл олохын оронд хувьцаагаа зарах шалтгааныг л олж харсаар байна.

“Murphy & Sylvest Wealth Management”-ийн зах зээлийн стратегич, хөрөнгө зохицуулалтын ахлах менежер Пол Нолте “Зах зээл, тэр дундаа технологи болон хиймэл оюун ухааны салбар тодорхойгүй байдлын ангалд унаад байна. Бүсээ чангалж, удаан үргэлжлэх эрсдлын үе шатанд бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээн мэдэгдэв.

“Bloomberg Economics”-ийн эдийн засагч Анна Вонг пүрэв гаригт нийтэлсэн тайландаа “Anthropic”-ийн хэлцэл нь хиймэл оюун ухааны арилжааны төгсгөлийг тавьж болзошгүйг дурджээ. Түүний бичсэнээр, тус компанийн санхүүгийн тайлангаас харахад тэргүүлэх түвшний хиймэл оюун ухааны үнэ тогтоох чадвар суларч байгаа бөгөөд энэ нь AI үйлчилгээний эрэлт өндөр байгаа хэдий ч тэргүүлэгч нийлүүлэгчид зарцуулсан хөрөнгөө нөхөх хэмжээний өндөр төлбөрийг хэрэглэгчдээс авч чадахгүй байгааг харуулж байна.

Дангаар нь авч үзвэл мэдээж “Anthropic”-ийн IPO амжилттай болсон. Хувьцааны үнэ анх төлөвлөсөн хязгаараас давж тогтсон бөгөөд хаалттай хүрээнд арилжаалсан хувьцааны дүнг нь нийлүүлбэл тус компани шинээр хувьцаа гаргах замаар түүхэн дэх хамгийн их бэлэн мөнгө татан төвлөрүүлж, зургаадугаар сарын “SpaceX”-ийн хэлцлийг давж гарсан юм.

Арилжаа эхэлмэгц хувьцааны ханш огцом өссөн ч удалгүй тогтворжиж, улмаар уруудаж эхэлсэн. Баасан гаригийн арилжаа хаагдах үед хувьцааны үнэ анх олон нийтэд санал болгосон ханшаасаа $6 хүрэхгүй зөрүүтэй болж буурчээ.

Хамгийн том асуудал нь энэ үйл явдал хөрөнгө оруулагчдад худалдан авах шалтгаан өгөхийн оронд зарах давалгааг улам өдөөсөнд оршино. Баасан гаригийн эцэст “Nasdaq 100” индекс сүүлийн дээд цэгээсээ 20% унаснаар тодорхойлогддог “баавгайн зах зээл”-ийн ирмэгт тулж очсон бол “S&P 500” индекс аравдугаар сард тогтоосон дээд амжилтаасаа 12% унажээ.

ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛСЭН ЦАГ ҮЕ

Энэ их худалдах давалгаа нь уг технологид тавьсан асар том бооцоогоор тэтгэгдэж дөрөв гаруй жил үргэлжилсэн өсөлтийн зах зээлийн ард хиймэл оюун ухааныг тойрсон хэчнээн их асуулт хуримтлагдсаныг илчиллээ.

“Plante Moran Financial Advisors”-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Жим Бэйрд “Anthropic-ийн IPO тогтвортой өсөлтийн түлхэц болно гэсэн найдвар байсан ч арилжааны явц нь хиймэл оюун ухааныг тойрсон өргөн хүрээний болгоомжлолыг илтгэж байна. Anthropic энэ салбарт ерөнхий эргэлзээ нэмэгдсэн үед зах зээлд гарлаа. Хэт өндөр хүлээлтийг ойрын хугацаанд биелүүлж чадах эсэх дээр олон асуулт байна” гэж хэлэв.

Завсрын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсан нь дата төвүүдийн бүтээн байгуулалт удаашрах эрсдэлийг нэмэгдүүлсэн, учир нь тус намын олон нэр дэвшигч дата төв барихыг зогсоох мөрийн хөтөлбөртэйгөөр өрсөлдсөн юм. Үүний зэрэгцээ, томоохон дата төв хөгжүүлэгчид санхүүжилт татахын тулд зээл рүү улам бүр хандах болсон тул бодлогын хүү өсөх эрсдэл нь хөрөнгийн өртгийг нэмэгдүүлж байна.

Нью-Йорк дахь “Nasdaq MarketSite” төвд болсон “Anthropic PBC” компанийн анхдагч зах зээлийн арилжааны (IPO) үеэрх тус компанийн сурталчилгаа. Арваннэгдүгээр сарын 19.

$3.6 тэрбумын хөрөнгө удирддаг “Stratos Investment Management”-ийн зах зээлийн стратеги шинжилгээний захирал Малкольм Полли “Хиймэл оюун ухааны өсөлтийн ихэнх хэсэг нь компаниуд хөрөнгийн хэрэгцээгээ хэрхэн, яаж санхүүжүүлж чадах эсэхээс хамаарна. Тэд үүнийг өөрийн хөрөнгөөр үү, эсвэл өрийн зах зээлээр санхүүжүүлэх шаардлагатай болох уу? Хөрөнгийн өртөг хэд байхыг мэдэхээс нааш бид хөрөнгийг зохих ёсоор үнэлж чадахгүй. Хэрэв хөрөнгийн өртөг өсвөл үнэлгээнүүд буурах шаардлагатай болно” хэмээн тайлбарлав.

Гэхдээ хөрөнгө оруулагчдыг жинхэнэ утгаар нь айдаст автуулсан зүйл бол “Nvidia” дахь эмх замбараагүй байдал юм. Тус компани арваннэгдүгээр сарын 12-нд Хуанийг Хятадын талд тагнуул хийсэн байж болзошгүй эмэгтэйтэй нууц амрагийн холбоотой байснаа хүлээн зөвшөөрсний дараа албан тушаалаас нь огцруулсан бөгөөд түүнээс хойш хувьцааны ханш нь зогсолтгүй унасаар байна. Ирэх санхүүгийн жилийн орлогын таамгаа өсгөж, $150 тэрбумын хувьцаа эргүүлэн худалдан авах зөвшөөрөл баталсан Хуанийг хэн бүрэн орлох вэ гэсэн асуулт хэвээр үлдсэн тул худалдах арилжааг зогсоож чадсангүй.

“Nvidia”-гийн хувьцаа энэ долоо хоногт 23% унасан нь 2008 оноос хойших хамгийн муу үзүүлэлт болов. Тус хувьцаа аравдугаар сарын 6-нд хүрсэн бүх цаг үеийн дээд цэгээсээ 48% буураад байна.

Энэхүү үймээн самуун нь “Nvidia”-гийн өрсөлдөгчид, тэр дундаа чип үйлдвэрлэгч “Advanced Micro Devices Inc.” (AMD)-д боломж нээж өгөх мэт харагдсан. Гэвч пүрэв гаригт нэгэн шорт-селлер (ханшийн уналтаас ашиг ологч) АНУ-ын чипний экспортын нэмэлт хязгаарлалтад өртөж болзошгүй “AMD”-ийн Хятад дахь бизнесийн талаар эргэлзээ дэвшүүлснээр уг хүлээлт цохилтод орлоо. Долоо хоногийн сүүлийн хоёр арилжааны өдөрт тус компанийн хувьцаа 20% унав.

Илүү өргөн хүрээнд авч үзвэл, тооцоолох хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулж буй олон зуун тэрбум долларын хөрөнгө оруулалт тогтвортой үргэлжлэх эсэх нь хувьцаа зарагдах гол шалтгаан болж байна. Энэхүү зарцуулалт нь чип үйлдвэрлэгчид, сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэгчдээс эхлээд цахилгаан эрчим хүч нийлүүлэгчид, аж үйлдвэрийн компаниуд хүртэлх хиймэл оюун ухааны экосистемийн бүх оролцогчдын ашгийг өсгөж ирсэн. Харин хөрөнгө оруулагчид энэ байдал удаан үргэлжилнэ гэдэгт улам бүр эргэлзэх болжээ.

ЧИПНИЙ ХУВЬЦААНУУДЫН САВЛАГАА

Шуналаас айдас руу шилжсэн энэхүү огцом эргэлтийг энэ оны хагас дамжуулагчийн хувьцаануудын арилжаанаас хамгийн тод харж болно. Чипний бизнес нь түүхэндээ мөчлөгийн шинжтэй буюу эрэлт өсөхөд дагаж өсөөд, буурахад нь унадаг салбар байв. Гэвч олон жил үргэлжлэх хиймэл оюун ухааны эрэлт энэ мөчлөгийг эвдэж, түүхийг шинээр бичнэ гэсэн итгэл үнэмшил ноёрхож байлаа. Энэ таамаглалд тулгуурлан Филадельфийн хөрөнгийн биржийн Хагас дамжуулагчийн индекс оны эхний хагаст хоёр дахин гаруй өссөн юм. Харин хөрөнгө оруулагчид байр сууриа эргэн харснаар оны хоёрдугаар хагаст тус индекс 41%-иа алдаад байна.

Хиймэл оюун ухааны зарцуулалтаас мөн л томоохон ашиг хүртэж байсан санах ой болон өгөгдөл хадгалах төхөөрөмжийн хувьцаанууд сүүлийн хэдэн сард хамгийн хүнд цохилтод өртлөө. Оны эхний зургаан сард 857% өсөж “S&P 500” индексийг тэргүүлж байсан “Sandisk Corp.” хоёрдугаар хагаст 72% унаж, тус индексийн хамгийн муу хувьцаа болов. “Western Digital Corp.” зургаадугаар сарын дээд амжилтаасаа 65% гаруй унасан бол “Micron Technology Inc.” бүх цаг үеийн дээд цэгээсээ 50% гаруй буураад байна.

Мэдээж Уолл Стритэд өөдрөг үзэл тодорхой хэмжээгээр хадгалагдсаар байна. Тухайлбал, “Cynosure Group”-ийн хедж сангийн салбар болох “Cynosure Strategies”-ийн тэргүүн, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Брайан Смедлигийн үзэж буйгаар хөрөнгө оруулагчид энэ боломжийг ашиглан эрсдэлээ бууруулсан тул борлуулалтын давалгаа дуусах шатандаа орж байгаа гэсэн найдвар бий.

Тэрбээр “Хиймэл оюун ухааны эрэлт онцгой хүчтэй хэвээр байгаа бөгөөд тэргүүлэх тоглогчид, тэр дундаа Anthropic-ийн өсөлтийн төлөв тун эрүүл хэвээр байна гэдэгт хөрөнгө оруулагчид итгэлтэй болно гэж би бодож байна. Энэ оны эхээр зах зээл хэт хөөрөгдөж өссөний нэгэн адил одоо хэт доош савлаад байна” хэмээн ярилаа.

Хөрөнгө оруулагчдын санал нэгдэж буй нэг зүйл бол “Anthropic”-ийн зах зээлд гарсан явдал нь хиймэл оюун ухааны үйлчилгээ борлуулах бизнесийг илүү тодорхой харах шинэ боломжийг олгоно гэдэгт оршино.

“Empower”-ийн хөрөнгө оруулалтын ахлах стратегич Марта Нортон “Хиймэл оюун ухааны бодит эрэлтийг мэдрэхэд хэцүү байсан бөгөөд Anthropic энэ асуултын хариулт болж байна. Бид хиймэл оюун ухааны эрэлт болон өгөөжийн талаарх эерэг талыг илүү сайн мэдэхийн зэрэгцээ энэ бизнес ямар аймшигтай өндөр зардалтай болохыг улам баталгаажуулж харах болно” гэв.

Энэ хооронд стратегичид харилцагчдадаа уян хатан, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

“Janney Montgomery Scott”-ийн зах зээлийн ахлах стратегич Марк Лускини “Энэ долоо хоногийн дараа зах зээлийн өсөлтийг юу өдөөхийг хэлэхэд бэрх байна. Энэ хувьцаа зарах давалгаа илүү ноцтой хямрал болж даамжрах эсэхийг би хармаар байна. Хувьцаанууд хэт зарагдсан ч ёроолдоо хараахан хүрээгүй байна. Бид үүнээс ч доош унаж магадгүй. Тиймээс томоохон хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө зах зээл тогтворжихыг хүлээхийг хүсэж байна” гэжээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ли Шаомин гэгч нь Монголын баялгийг 1.1 тэрбум долларын барьцаанд тавьж, зугтжээ

Ли Шаомин гэгч нь Монголын баялгийг 1.1 тэрбум долларын барьцаанд тавьж, зугтжээ

2004 он:

Nov 24, 2026

Оросын рок хөгжмийн ертөнц дайныг хэрхэн үздэг вэ?

Оросын рок хөгжмийн ертөнц дайныг хэрхэн үздэг вэ?

Женсен Хуаны comeback: Зах зээлийн итгэл үү, засаглалын гажуудал уу?!

Женсен Хуаны comeback: Зах зээлийн итгэл үү, засаглалын гажуудал уу?!

Москва, Бээжингийн өнөөдрийн түншлэл маргаашийн өрсөлдөөн үү?

Москва, Бээжингийн өнөөдрийн түншлэл маргаашийн өрсөлдөөн үү?