
Ажиглагчдын үзэж байгаагаар хууль сахиулах шинэ ажиллагаанууд нь Тайванийг бүслэлтэд оруулах эрсдэлийг хурдацтай нэмэгдүүлж байна.
Al Jazeera (2026-07-29)

2024 оны 12-р сарын 12-нд Тайванийн зүүн хэсгийн Хуалянь хотын эргээс Тайванийн эргийн хамгаалалтын Жи Ан хөлөг онгоц Хятадын эргийн хамгаалалтын 1302 дугаар хөлгийг хөөж байна.
Хятадын Далайн цагдаагийн алба болон иргэний флот Тайванийн зүүн талын тэнгисийн бүс дэх оролцоогоо эрс өргөжүүлж байна. Энэ нь Бээжин тус биеэ даан засаглагч арлыг гадаад худалдаа, олон улсын тусламжаас бүрэн тусгаарлах замаар "хүрээлэн шахах" стратегиа туршиж байна гэсэн айдсыг төрүүлж эхэллээ.
Албан ёсны мэдээллээс үзвэл, 6 ба 7 дугаар саруудад Хятадын Далайн аюулгүй байдлын газар болон Далайн цагдаагийн алба олон удаагийн эргүүл, "далайн хууль сахиулах тусгай ажиллагаа"-г дараалан зохион байгуулжээ.
Хятад улс эх газар болон Тайванийг тусгаарладаг дунджаар 180 км өргөнтэй Тайванийн хоолойд тогтмол эргүүл хийдэг. Гэвч ийм ойрхон хугацааны давтамжтайгаар тус арлын зүүн талын усны бүсэд эргүүлийн ажиллагааг дарааллан шилжүүлж байгаа нь анхны тохиолдол болж байгааг шинжээчид онцолж байна.
АНУ-д байрладаг Азийн судалгааны үндэсний товчооны эрдэмтэн К.Тристан Тангийн тайлбарласнаар, энэхүү шилжилт нь Тайванийн хувьд стратеги болон бэлгэдлийн асар том утга агуулгатай ажээ.
"Бээжин өөрийн засаг захиргааны харьяаллыг зөвхөн Тайванийн хоолойгоор хязгаарлахгүй, улмаар арлын зүүн талын тэнгисийн бүс рүү тэлж, Тайванийг бүх талаас нь бүрэн бүслэн хаахыг зорьж байгаагаа илэрхийлж байна" гэж Тан "Аль Жазира" агентлагт хэлжээ.
Тайбэйн мэдээлснээр, эдгээр "хууль сахиулах ажиллагаа"-ны хүрээнд Хятадын тал тухайн бүсэд эргүүл хийгээд зогсохгүй, арилжааны ачаа тээврийн хөлөг онгоцнуудаас хаашаа чиглэж байгаа болон ямар зорилготой явж байгаа талаарх мэдээллийг радио холбоогоор шаардах болжээ.
Зүүн чиглэлд хийж буй энэхүү шилжилт нь Хятадын далайн цэргийн болон иргэний ажиллагаа Тайванийн эргэн тойронд болон түүний хяналтад байдаг алслагдсан арлуудын ойролцоо эрс нэмэгдэж буй үетэй давхцаж байна. Тайванийн тал 6 дугаар сард Хятадын далайн цагдаа болон судалгааны 55 хөлөг онгоц ажиглагдсаныг тэмдэглэжээ. Энэ нь 5 дугаар сард 30 удаа ажиглагдаж байснаас бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Эдгээр идэвхжүүлэлтэд Өмнөд Хятадын тэнгист орших, тайваньчуудын хянадаг хүн амьдардаггүй Донша арал (Пратас арал) орчмын бүс нутаг ч мөн хамрагдаж байна.
Хятадын албан ёсны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Бээжин эдгээр ажиллагааг Япон болон Филиппин улсуудын хооронд далайн зааг тогтоох тухай хийж буй хэлэлцээний эсрэг авч буй хариу үйлдэл гэж тайлбарлав. Бээжингийн үзэж байгаагаар уг хэлэлцээ нь Хятад улсын "нутаг дэвсгэрийн бүрэн байдал болон далайн эрх ашиг"-ийг зөрчиж байгаа юм байна.
Японы өмнөд хэсэг болон Филиппиний умард хэсгийн зарим усан бүс нь Тайванийн эрэг дагуух 200 далайн миль (370 км) бүхий Онцгой эдийн засгийн бүстэй (ОЭЗБ) давхцдаг.

7 дугаар сарын 4-ний өдөр Хятадын далайн цагдаагийн албанаас Тайванийн зүүн хэсэг дэх хууль сахиулах ажиллагаа үргэлжлэх болно гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь "Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн байдал, далайн эрх ашгийг чанд хамгаалах" зорилготой гэж тайлбарлажээ.
Бээжин Тайванийг өөрийн мужийн нэг хэсэг гэж үздэг тул Тайванийн Онцгой эдийн засгийн бүсийг ч мөн өөрийн засаг захиргааны хяналтад байх ёстой гэж үздэг. Түүнчлэн Хятад улс Өмнөд Хятадын тэнгис болон Дорнод Хятадын тэнгисийн ихэнх хэсэгт маргаантай нэхэмжлэл гаргадаг бөгөөд эдгээр усан бүсийг Япон, Филиппин, Вьетнам, Малайз, Индонези, Бруней зэрэг орнуудтай хэсэгчлэн маргалддаг.
Хятадын Гадаад харилцааны яам өмнө нь сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Тайванийн ойролцоо хийж буй ажиллагаанууд нь "хуулийн дагуу Хятад улсын засаг захиргааны эрх мэдлийг хэрэгжүүлэх, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах, далайн хэв журмыг сахиулах хууль ёсны үйл ажиллагаа" гэж мэдэгдэж байв.
Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яам "Аль Жазира"-гийн тодруулгад одоогоор хариулт өгөөгүй байна.
Стэнфордын Их Сургуулийн Далайн аюулгүй байдлын "Sea Light" төслийн үүсгэн байгуулагч, захирал Рэй Пауэлл Хятадын далайн эргүүлийн идэвхжилийг Тайванийг "могой шиг алхам алхмаар чангалан боомилох стратеги" гэж тодорхойлжээ.
Хятад улс Тайванийг тайван замаар эсвэл цэргийн хүчээр өөртөө нэгтгэхээ амласан бөгөөд үүний тулд олон талт шахалтын тактикуудыг ашиглаж байна. Тайванийн Үндэсний аюулгүй байдлын албаны мэдээлснээр, Бээжин тус арлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын орон зайгаас хасах, дрон болон сөнөөгч онгоцоор агаарын орон зайд цөмрөх, кибер халдлага үйлдэх зэрэг аргуудыг өргөн хэрэглэж байна.
"Саарал бүсийн" тактик хэмээн нэрлэгддэг эдгээр арга хэмжээнүүд нь Тайванийн хязгаарлагдмал нөөц бололцоог барж, иргэдийн санал бодол, сэтгэл зүйд айдсын нөлөө үзүүлэх, улмаар 23 сая хүнд нэгтгэгдэх асуудал "гарцаагүй" гэсэн ойлголтыг өгөх зорилготой гэж Тайванийн албаныхан үзэж байна.
Пауэлл зэрэг аюулгүй байдлын шинжээчдийн анхааруулж байгаагаар, Хятадын хууль сахиулах эдгээр үйл ажиллагаа нь маш хурдан хугацаанд бүрэн бүслэлт эсвэл хориг арга хэмжээ болон өргөжиж болзошгүй. Тайвань нь эрчим хүчний хэрэгцээнийхээ бараг бүх хэсгийг гаднаас импортолдог арал тул ийм төрлийн шахалтад нэн эмзэг байдаг.
"Бид хэзээ нэгэн цагт эргэн харахад энэ бүхэн үнэндээ арлыг тусгаарлан хориглох ажиллагааны эхлэл байжээ гэж дүгнэж магадгүй юм. Өнөөдөр тэд радио холбоогоор шаардлага тавьж байна. Дараагийн шатанд юу болох вэ? Тэд хэзээнээс хөлөг онгоцнуудыг зогсоож, шалгах эсвэл чиглэлийг нь өөрчлөх вэ? Шингэн байгалийн хий (LNG) гэх мэт Тайваньд нэн шаардлагатай түүхий эдийн тээвэрлэлтийг боож эхлэхэд маш бага зайд үлдээд байна" гэж Пауэлл тэмдэглэжээ.
Хятад улс ирээдүйд бүслэлтийн тактик ашиглах боломжтойг хэдийнэ сануулсан. 2022 оноос хойш Бээжин Тайванийн хоолойд томоохон хэмжээний цэргийн сургуулилалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн сүүлд 12 дугаар сард хийсэн сургуулилалтаараа арлыг иж бүрэн бүслэн хаах дадлага хийсэн юм.
Далайн цагдаагийн үйл ажиллагаа нь цэргийн флоттой харьцуулахад бага анхаарал татдаг хэдий ч Тайбэйгийн Үндэсний батлан хамгаалах болон аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн асимметрик дайны шинжээч Линь Чаолуэнь "Аль Жазира"-д хэлэхдээ, далайн цагдаагийн флотыг Хятадын "хоёр дахь цэргийн флот" гэж үзэж болно гэжээ.
Хятадын Далайн цагдаагийн алба нь ердийн иргэний цагдаагийн байгууллага биш юм. Энэ нь Ардын зэвсэгт цагдаагийн тусгай салбар хэлбэрээр Төв цэргийн зөвлөлийн шууд засаглал, хяналтад байдаг.

Тайванийн өмнөд хэсгийн Гаосюн боомтоос баруун өмнө зүгт 236 км (147 миль) зайд орших Пратас арлууд гэгддэг Донша арлуудын Атолл үндэсний цэцэрлэгт хүрээлэн.
Хятадын далайн цагдаагийн энэхүү идэвхжүүлэлт нь Их Британи, Герман, Франц зэрэг Европын гурван орны хамтарсан мэдэгдэл гаргахад хүргэсэн юм. Тэд 6 дугаар сарын сүүлээр гаргасан мэдэгдэлдээ "Энэхүү үйлдэл нь бүс нутгийн тогтвортой байдал, олон улсын усан замын аюулгүй байдал болон чөлөөтэй зорчих эрхэнд аюул заналхийлж байна" гэж тэмдэглэжээ.
Уг мэдэгдэлд: "Бид статусыг нэг талын ашиг сонирхлоор, ялангуяа заналхийлэх, цэргийн хүч хэрэглэх эсвэл дарамт шахалт үзүүлэх замаар өөрчлөхийг тууштай эсэргүүцэж байгаагаа дахин баталж байна" гэсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, Вашингтон Хятадын далайн эргүүлийг өргөжүүлж байгаад сэтгэл дундуур байгаа бөгөөд энэ нь бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэжээ.
Хямралын эсрэг Хойд Азийн асуудал хариуцсан олон улсын группийн ахлах шинжээч Уильям Янг Бээжингийн энэ үйлдэлд АНУ-ын геополитикийн одоогийн нөхцөл байдал нөлөөлж байна гэж тайлбарлав. Түүний үзэж байгаагаар, Вашингтон Иранд өрнөж буй дайнд анхаарлаа түлхүү хандуулж, мөн Ерөнхийлөгч нь Тайванийн талаар тодорхойгүй, эргэлзээтэй байp суурьтай байгааг Бээжин ашиглаж байж магадгүй юм.
Америкийн Нэгдсэн Улс Тайванийг биеэ даасан улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй ч тус арлыг өөрийгөө хамгаалахад нь туслах амлалт өгсөн байдаг. Энэхүү тусламжийн дийлэнх хэсэг нь зэвсэг нийлүүлэх, цэргийн сургалт явуулах болон тагнуулын мэдээлэл солилцох хэлбэрээр хэрэгждэг.
Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 5 дугаар сард Хятадын удирдагч Си Жиньпинтэй уулзсаныхаа дараа АНУ-ын Тайваньд хийх зэвсгийн худалдаа нь Хятадтай хийх хэлэлцээний "хөзөр" байж болно гэж мэдэгдсэн нь эдгээр амлалтуудад эргэлзээ төрүүлсэн юм.
"Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн гадаад орчин үндсээрээ өөрчлөгдсөн, тэдний өнцгөөс харахад Вашингтон Ойрхи Дорнодын мөргөлдөөнд бүрэн татагдан орж, анхаарал нь сарнисан байна" гэж Янг тайлбарлав.
Тэрбээр цааш нь хэлэхдээ: -"Үүний зэрэгцээ, АНУ-д эмзэг усан бүсэд явагдаж буй Хятадын далайн цэргийн ажиллагааны ийм өргөн хүрээний тэлэлтэд тухай бүрт нь анхаарал хандуулах, хариу үйлдэл үзүүлэх боломж бололцоо хүрэлцэхгүй байна" гэж онцолжээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 30
2026 оны 7-р сарын 31
2026 оны 7-р сарын 28
2026 оны 8-р сарын 3
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 27
2026 оны 8-р сарын 1
2026 оны 7-р сарын 29
2026 оны 7-р сарын 26
2026 оны 8-р сарын 2
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 29
2026 оны 7-р сарын 28
2026 оны 8-р сарын 2
2026 оны 7-р сарын 30