

Шанхайн Хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын ээлжит саммит 8-р сарын 31-ний Даваа гаригт Бишкек хотноо эхлэх гэж байна.
Бишкекийн саммитын гол онцлог нь шинэ форматаар явагдана. Өнгөрсөн жилийн намар Хятадын Тяньжинд болсон ээлжит саммитаар тус байгууллагын ажиглагч болон яриа хэлэлцээний түнш гэсэн статусыг халж, ийм статустай байгаа улс орнуудыг түнш гэсэн статуст нэгтгэхээр болсон. Ингэснээр ШХАБ-ын бүтэц нь гишүүн болон түнш гэсэн хоёр л статустай болж байгаа юм.
Тяньжины тохиролцооны дагуу ШХАБ-ын дүрмэнд өөрчлөлт оруулах бөгөөд дүрмэнд өөрчлөлт ортол улс орнууд хуучин статусаа хадгална хэмээсэн. Харин сүүлийн өдрүүдэд цацагдаж байгаа мэдээллээр Бишкекийн саммит нь шинэ форматаар явагдана гэжээ.
Хуучин бүтцээр буюу 2025 оны байдлаар ШХАБ нь гишүүн 10 орон, ажиглагч 2 орон, яриа хэлэлцээний 15 түнш орон гэсэн бүтэцтэй. Дүрмийн шинэ өөрчлөлтөөр ажиглагч болон яриа хэлэлцээний түнш нийт 17 орны статусыг өөрчлөх юм. Монгол Улс ШХАБ-ын ажиглагч статусыг 2004 оноос хойш хадгалж ирсэн, Монголоос гадна Афганистан 2012 онд ажиглагчийн статустай болсон. Бишкекийн саммитаар Монгол Улс ажиглагч статусаа өөрчилж, түнш статус руу шилжих гэж байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 7-р сарын сүүлээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өмнө нь ажиглагч болон яриа хэлэлцээний түнш гэгдэж байсан17 орныг түнш статус руу шилжүүлнэ, эдгээр орон татгалзахгүй байх” хэмээн онцолжээ.
Яриа хэлэлцээний түнш статусыг Азербайжан, Армян, Бахрейн, Египет, Кампуч, Катар, Кувейт, Лаос, Мальдив, Мьянмар, Непал, Арабын нэгдсэн Эмират, Саудын Араб, Турк, Шри-Ланк хадгалж байсан юм.
Монгол Улсыг ШХАБ-ын гишүүнээр элсүүлэх санаачилга хойд хөршийн зүгээс удаа дараа гарч байсан. 2015 онд ШХАБ-ыг ОХУ даргалж байх үед Гадаад хэргийн сайд Сергей Лавров ээлжит саммит эхлэхийн өмнөх хэвлэлийн хурал дээр “Монгол гишүүнээр элсэхээр боллоо” хэмээн албан ёсоор мэдэгдэж байсан удаатай.
Монгол Улс ийнхүү ШХАБ-д түнш статустай болсноор хоёр хөрш Орос, Хятадтай гурван талын харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжинэ гэсэн байр суурьтай хүмүүс байхад гишүүнээр элсүүлэх шахалт улам эрчимжинэ гэсж болгоомжлох байр суурьтай хүмүүс ч цөөнгүй байна. Болгоомжилж байгаа хүмүүс ШХАБ-д гишүүнээр элсэх нь Монголын гуравдагч хөршийн гадаад бодлогод сайнаар нөлөөлөхгүй гэсэн үндэслэлийг сөргүүлэн тавьдаг.
Монгол Улсын ШХАБ дахь статусын өөрчлөлт болон Монголын төлөөлөгчдийн оролцооны талаар өнөөдрийн байдлаар албан ёсны мэдээлэл алга байна.
Монгол Улс ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн. Өнгөрсөн 2025 оны Тяньжины саммитад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлсэн. ШХАБ-ын бүтцийг хамгийн идэвхтэй ашигласан хүн бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч юм. Ц.Элбэгдоржийн үед ШХАБ-ын хүрээнд Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг хэд хэдэн удаа амжилттай зохион байгуулж, улмаар гурван улсын Эдийн засгийн коридорыг хөгжүүлэх хөтөлбөрийг баталж байсан.
БИШКЕКИЙН САММИТ
Энэ удаагийн саммит нь ШХАБ-ын 25 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог. Саммитад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гуттериш оролцоно.
Саммитын хүрээнд хоёр талын өндөр хэмжээний уулзалтууд болохоос гадна улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах ажээ.
ШХАБ-ын банк байгуулах, худалдааг хөнгөвчлөх үүднээс гүйлгээг улс орнууд өөрсдийн мөнгөн тэмдэгтээр хийх зэрэг өнгөрсөн онд Тяньжинд тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийн явцыг Бишкект хэлэлцэх гэж байна. Эдгээр нь ШХАБ-ын хүрээнд харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, ложистикийг сайжруулах шинэ боломжуудыг нээх юм.
Үүнээс гадна ШХАБ-ын анх байгуулагдсан үндсэн зорилго болох бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, салан тусгаарлах үзэлтэй тэмцэх асуудлууд хэлэлцэх асуудлын жагсаалтад оржээ.
Зохион байгуулагч орон Киргизстан нь саммитыг шинээр баригдсан ёслол хүндэтгэлийн “Ырыс-ордо” ордондоо зохион байгуулахаас гадна саммитын өмнөх өдрүүдэд Дэлхийн нүүдэлчин ард түмнүүдийн спортын наадмыг зохион байгуулж байна.
ШХАБ-ын гишүүн орнууд: Беларус, Энэтхэг, Иран, Казахстан, Киргизстан, БНХАУ, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.