

Хил залгаа Төвөдөд мөн “их хэмжээний хохирол” амсч, хөрш Жиронг хошуунд хүмүүс сураггүй болсныг мэдээлэв.
Al Jazeera (2026-08-26)
Непалд гэнэтийн асар хүчтэй үер тосгодыг урсгаж, Төвөдийн ойролцоох бүс нутгуудын зам, гүүр, эрчим хүчний байгууламжуудыг сүйрүүлсний улмаас хамгийн багадаа 22 хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн сураггүй болоод байгаа талаар эрх баригчид мэдээллээ.
Лхагва гаригт болсон гэнэтийн үерийн улмаас Их Британи, АНУ, Энэтхэг, Малайз зэрэг орны 384 жуулчин сураггүй болсон гэж албаны хүмүүс мэдээлэв.
50 мянга орчим хүн амтай Расува уулархаг дүүргийн Сяпру Беси болон Тимуре зэрэг гамшигт нэрвэгдсэн бүс нутагт усны түвшин хэт өндөр байсан тул нисдэг тэрэг газардах боломжгүй байсан талаар албаныхан мэдээлэв.
"Хүний амь нас, эд хөрөнгийн асар их хохирол амссан байж болзошгүй" гэж тус дүүргийн дарга Нарендра Парияр Ройтерс агентлагт мэдээлсэн байна. "Гэхдээ одоогоор би яг тодорхой хэлж чадахгүй байна" гэв.
Париярын ойролцоох тосгод болон дэд бүтцийн төслийн талбайнууд усанд урссан тухай мэдээлэлд тулгуурлан, тус бүс нутгийн Бхоте Коши голын дагуу амьдардаг иргэдийг өндөрлөг газарт нүүхийг уриалжээ.
Хил залгаа Төвөдөд Хятад, Непалын хоорондох хуурай замын боомтыг хөрсний шаргиа дайрсны дараа хөрш Жиронг хошуунд хүмүүс сураггүй болж, "их хэмжээний хохирол" амссан тухай Шинхуа агентлаг мэдээлэв.
Хөрсний гулсалт Хятадын Жиронг боомтыг нэрвэж, Шигацегийн зам, харилцаа холбоо, цахилгаан эрчим хүчний сүлжээ тасарсан гэж Шинхуа нэмж дурджээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин сураггүй болсон хүмүүсийг эрэн сурвалжлах ажлыг "бүх хүчээрээ" хийхийг уриалж, дахин гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэхийн тулд хяналт-шинжилгээ болон эрт анхааруулах системийг бэхжүүлэхийг шаардлаа.
Непалын уур амьсгалын идэвхтэн Праяш Адхикари хэлэхдээ "сүйрлийн" үер бүхэл бүтэн тосгодыг урсгасан" гэв.

"Зуу зуун хүн сураггүй байна" гэж Адхикари Катмандугаас Аль Жазира агентлагт мэдээлэхдээ, үер барилга байшин, сургууль, гүүр, хурдны замыг урсган өнгөрснийг дурджээ.
Непалын цагдаа болон бусад хүмүүсийн нийгмийн сүлжээнд хуваалцсан видео бичлэгүүдэд шавартай ус уулын хөндийгөөр ширүүн урсч байгааг харуулжээ.
Бороо ороогүй байхад гэнэтийн үер буусан тул олон хүн бэлтгэлгүй цочирдсон гэж Непалын нийслэл дэх англи хэл дээрх "Republica Daily" сонины редактор Кош Раж Койрала хэлэв.
"Хүмүүс гэртээ байсан ... хэд хэдэн байшин голын усанд урссан" гэж Койрала Аль Жазира агентлагт ярьжээ.
Ерөнхий сайд Балендра Шах нөхцөл байдлыг дүгнэхээр Үндэсний гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдлагын газрыг яаралтай зарлан хуралдууллаа.
"Эмнэлгийн баг, скаутууд, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран шаардлагатай арга хэмжээг авч эхлээд байна" гэж Шах нийгмийн сүлжээндээ бичжээ.
Непалын арми гамшигт нэрвэгдсэн бүс нутагт нисдэг тэрэг болон гамшгийн эсрэг ажилтнуудыг дайчлан ажиллуулж байгаагаа мэдэгдэв. "Хохирлын дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж байна" гэж армийн мэдэгдэлд дурджээ.
Непалын цахилгаан эрчим хүчний газар усны болон нарны эрчим хүчний байгууламжуудыг оролцуулан 430 орчим мегаваттын хүчин чадал эвдэрч сүйрсэн гэж мэдэгдэв. "Гамшгийн улмаас тус газрын үйлдвэрлэл, дамжуулах болон түгээх байгууламжууд эвдэрч ... цахилгаан эрчим хүчний хангамж тасалдахад хүрээд байна" гэж мэдэгдэлд дурджээ.
Усан цахилгаан станцад ажиллаж байсан Өмнөд Солонгосын 8 иргэн сураггүй болж, өөр 10 иргэн гацсан байдалтай байгаа тухай Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамнаас мэдээлэв.
Уг ажилчид "Korea Energy" болон "Doosan Enerbility Co" гэсэн хоёр компанид ажиллаж байсан бөгөөд Непал улс гамшигт нэрвэгдсэн бүс нутагт эрэн сурвалжлах аврах багийг томилсон гэж Гадаад хэргийн яам нэмж мэдээлэв.
Өмнөд Солонгос улс Гадаад хэргийн сайдаар ахлуулсан шуурхай ажиллагааны баг байгуулсан бөгөөд Засгийн газрын албан тушаалтнууд, гал түймэртэй тэмцэх болон цагдаагийн байгууллагаас бүрдсэн хамтарсан түргэн тусламжийн багийг Непал руу аль болох хурдан илгээхээр төлөвлөж байна.
Гэнэтийн үерийн яг тодорхой шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Непал дахь Уулын хөгжлийн олон улсын нэгдсэн төвийн уур амьсгалын шинжээчдийн үзэж байгаагаар мөсөн голын цасны нуранги үерт хүргэсэн байх магадлалтай.
Бхоте Коши голын цутгал болох Лхенде Кхола гол лхагва гаригт хамгийн их үерт автсан гэж тэд мэдээлэв.
Идэвхтэн Адхикари иргэдийг хамгаалахад урьдчилан анхааруулах систем чухал болохыг Аль Жазира агентлагт онцлон ярьжээ. "Бид уур амьсгалын гамшгийн ирмэг дээр байгаа тул үүнийг бүрэн зогсоох боломжгүй ч нийгэмдээ аюулгүй байдлыг бий болгож чадна" гэж тэр хэлэв.
Бхоте Коши гол нь Төвөдөөс эх авч Непалын Тришули голд цутгадаг бөгөөд цааш Энэтхэг рүү Гандак гол болон урсдаг. Жилийн өмнө Бхоте Коши голд болсон үерийн улмаас 9 хүн амь үрэгдэж, 24 хүн сураггүй болж, Непал, Хятадыг холбосон "Найрамдлын гүүр" урсан, хэдэн сарын турш тээвэр, худалдаа тасалдаж байжээ. Тухайн үерийн шалтгаан нь Төвөд дэх мөсөн голын нуур задарсантай холбоотой байсан хэмээн бүс нутгийн уур амьсгалын шинжээчид дурджээ.

Зургаагаас есдүгээр сар хүртэл үргэлжилдэг муссон бороо Өмнөд Ази даяар аюулт үер, хөрсний гулсалтыг тогтмол дагуулдаг. Уур амьсгалын өөрчлөлт нь тус бүс нутагт цаг уурын аюултай үзэгдлийн давтамж болон эрчмийг нэмэгдүүлж байгааг эрдэмтэд анхааруулсаар байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.