НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Оюутолгойг мөрөөдөж буй “Русал” заргаа авсан ч мөрөөдөл нь тийм амар биелэхгүй
АНАЛИЗ|Эдийн засаг

Оюутолгойг мөрөөдөж буй “Русал” заргаа авсан ч мөрөөдөл нь тийм амар биелэхгүй

2025 оны 12-р сарын 16
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

“Русал”-ын заргыг “Рио Тинто”-гийн эсрэг шийдсэн Арбитрын хуулийн заалтыг хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй.

ОХУ-ын Калининград мужийн арбитрын шүүх хаалттай хурлаараа “Русал”-ын “Рио Тинто” групээс 104,75 тэрбум рубль нэхэмжилсэн заргыг “Русал”-ын талд шийдсэнийг “КоммерсантЪ” мэдээллээ.

Энэхүү маргааны нэхэмжлэгч тал нь “Русал” бол хариуцагчаар Рио Тинто болон Рио Тинто группийн хэд хэдэн охин компани байгаагийн нэг нь Австралийн Queensland Alumina Limited (QAL) юм. QAL нь жилдээ 3,95 сая тонн хөнгөн цагааны хүчил үйлдвэрлэдэг. QAL-ийн 80%-ийг Рио Тинто, 20%-ийг “Русал” эзэмшиж байсан ч ОХУ Украинд дайны ажиллагаа эхлүүлсэнээс хойш Австрали Орос руу гаргах экспортын хэд хэдэн бүтээгдэхүүнд хориг тавьснаар “Русал” Австралид бизнесийн үйл ажиллагаа эрхэлж чадахгүй болсон. Улмаар “Русал”-ын эзэмшиж байсан 20%-ийг “Рио Тинто” авч 100% эзэмших болсон.

“Русал” энэ үйлдлийг “бизнесийн гэрээ зөрчсөн явдал” гэж үзэн Австралийн шүүхэд гомдол гаргасан ч Австралийн шүүх 2024 оны 2-р сард Оросын эсрэг тавьсан хориг нь “гэрээнд заагдсан давагдашгүй хүчин зүйлийн нэг мөн” гэж үзэн “Рио Тинто”-гийн талд шийдвэр гаргасан. QAL-ийн зүгээс хориг цуцлагдвал “Русал”-д бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой гэсэн тайлбарыг шүүхийн шийдвэрийг дагалдуулан хийж байжээ.

Харин “Русал” Австралийн шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөн Калининград мужийн Арбитрын шүүхэд “Рио Тинто”-гийн эсрэг нэхэмжлэл гаргасныг 2025 оны 12-р сарын 15-ны өдөр ийнхүү ханган шийдвэрлэжээ.

Хаа байсан Орос, Австралийн хоорондох бизнесийн маргаан Монголд хамаагүй боловч дараах 2 учир шалтгааны улмаас энэхүү маргаан бидэнд хамаатай болоод байгаа юм.

Нэгдүгээрт, “Русал”-ын гомдлыг Калининград мужийн Арбитрын шүүх энэ оны 4-р сард анх хаалттай хэлэлцсэн бөгөөд энэ хурлын дараа “Русал”-ын хуульчдын зүгээс заргынхаа төлбөрт “Рио Тинто”-гийн Монгол дахь Оюутолгой төслөөс хувийг нэхэмжлэх боломжтой гэсэн утгатай тайлбаруудыг хийж байсан. Тухайлбал, “Русал”-ын заргаар Рио Тинтогийн эрх ашгийг хөндөх шийдвэрийг Оросын шүүх гаргах магадлал багатай ч Монголын Оюутолгой төслийн хувьд байдал өөр. Учир нь, Оюутолгой төсөл нь Оросын импортын түүхий эдээс хамааралтайн дээр, Орос-Монголын хамтарсан төмөр замаар бүтээгдэхүүнээ тээвэрлэж байгаа бөгөөд Оросын талаас нийлүүлэлтээ түр зогсоох, гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах зэргээр Оюутолгой төсөлд эрсдэл үүснэ” хэмээн Оросын хэвлэлүүдэд бичсэн.

Хоёрдугаарт, энэхүү маргааны талаар Монголын олон нийт төдийлөн мэдээлэлгүй байсан ч өнгөрсөн долоо хоногт болсон Оюутолгойн сонсголын үеэр Сангийн сайд асан С.Баярцогт Орост ийм зарга явж байгаа талаар хэвлэлийнхэнд мэдээлсэн.

Тэгвэл Арбитрын шүүхийн өчигдрийн шийдвэрийн дараа Оросын хэвлэлүүд өмнөх байр суурийг дахин илэрхийлсэн байна. “Рио Тинто” Орост ямар нэг актив байхгүй учраас “Русал” нь тэдний Монгол дахь дэлхийд томд тооцогдох зэсийн ордоос төлбөрөө гаргуулахаар оролдох хэрэгтэй. Шүүхийн энэхүү шийдвэр нь “Русал”, “Рио Тинто” хоёрын наймааны шинэ хэлцлийг үүсгэх магадлалтай” хэмээн “КоммерсантЪ” бичжээ.

“Русал”-ын энэхүү маргааныг ОХУ-ын Арбитрын үйл явцын кодексын 248.1 дугаар заалтыг үндэслэн шийдвэрлэсэн. Энэ заалт нь янз бүрийн шатны бусад шүүхийн шийдсэн заргыг хэлэлцэх боломжийг олгодог ч гадаадын компаниуд ийм албадсан шийдвэрийг ихэнх тохиолдолд хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг Stonebridge Legal пүүсийн хуульч Алексей Ядыкин уг мэдээлэлд тодотгожээ. “Зөвхөн ОХУ төдийгүй СНГ (хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд) орнуудад ч Арбитрын үйл явцын 248.1 дугаар заалтыг хүлээн зөвшөөрдөггүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж байсан удаагүй” хэмээн хуульч хэлжээ.

Хэрвээ тийм бол “Рио Тинто”-гийн хувьд Арбитрын шүүхийн шийдвэр тийм ч толгой өвтгөөд байх асуудал биш ч гэлээ “Русал-ын зүгээс амь аврах олс бүхнээс зуурч байгаагийн нэг нь Оюутолгой болоод байна.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дотооддоо фашист байхаа больж үз Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз Ардчилсан нам!

Сонгогчид АН-ыг төр түш, төрийн мэргэн, түвшин бодлого хэрэгжүүл гэснээс биш сөрөг хүчин бол гэж саналаа өгөөгүй. Манай АН чадварлаг сөрөг хүчин байна гэж аль 23, 24 оны заагаар лидерүүд нь уралдаж хэлээд байсан. Тэр ч ёсоор сөрөг хүчин болчихоод байна. Чадварлаг эсэхийг нь харин мэдэхгүй. АН ингэж улстөрийн намынхаа үүргийг гүйцэтгэнэ гэж үү? Ийм үхээнц дорой гэж үү?

Aug 28, 2026

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

“Русал” Монголд хөнгөн цагааны үйлдвэр барихаар судалж байна

“Русал” Монголд хөнгөн цагааны үйлдвэр барихаар судалж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна