

AFP (2026-08-04)
Ойрхи Дорнодод өрнөж буй цэргийн мөргөлдөөн нь нефть болон байгалийн хийн зах зээлийг донсолгосны улмаас Их Британийн эрчим хүчний гигант BP компанийн цэвэр ашиг хоёрдугаар улиралд хоёр дахин нэмэгдсэн тухай тус компани мягмар гаригт мэдээллээ.
Уламжлалт чулуужсан түлшний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад огцом өссөн тул дөрөвдүгээр сараас зургаадугаар сар хүртэлх BP компанийн татварын дараах цэвэр ашиг 3.91 тэрбум ам.долларт хүрч өссөн байна. Ингэснээр 2025 оны хоёрдугаар улиралд 1.62 тэрбум ам.доллар байсан ашгийн хэмжээ ийнхүү үлэмж хэмжээгээр өсжээ.
Өрнөдийн эрчим хүчний салбарын хамгийн том таван гигант болох BP, Chevron, ExxonMobil, Shell болон TotalEnergies компаниуд АНУ болон Ираны хоорондох мөргөлдөөний улмаас олох орлого нь хэд дахин үржигдэж, хоёрдугаар улиралд нийтдээ 47 тэрбум ам.доллар орчим цэвэр ашигтай ажилласнаа тайлагнасан байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард BP компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Мэг О'Нил компанийн санхүүгийн ашгийн тайландаа "сүүлийн үед дэлхийн эрчим хүчний зах зээлд хамгийн их хямрал, тодорхойгүй байдал нүүрлэсэн үеүдийн нэг байлаа" хэмээн онцлон тэмдэглэжээ.
Дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний томоохон корпорацууд Ойрхи Дорнодын дайнтай холбоотой шинэ мэдээ мэдээллийн нөлөөгөөр газрын тос болон байгалийн хийн фьючерс үнэ их хэмжээгээр хэлбэлзэж байгааг ашиглан худалдаа, арилжаанаас асар их хэмжээний ашиг олж байна.
Бүс нутгийн мөргөлдөөн дэлхийн чулуужсан түлшний нийлүүлэлтэд саатал, тасалдал үүсгэсэнтэй холбоотойгоор BP компанийн нийт орлого хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар өсөж, 70 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Сүүлийн жилүүдэд өрсөлдөгч хөрөнгө оруулагчид болон компаниудаасаа гүйцэтгэлийн хувьд хоцрох хандлагатай байсан BP компани шинэ гүйцэтгэх захирал О'Нил томилогдохоос өмнө цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтаа танаж, илүү өндөр ашигтай газрын тос болон байгалийн хийн үндсэн бизнес рүүгээ буцан төвлөрөх стратеги баримталж эхэлсэн юм.
Үүний зэрэгцээ тус корпораци Хойд тэнгис дэх бизнесээ цаашдын ирээдүйн стратегийн нэг хэсэг гэж үзэхгүй байгаа бөгөөд Хойд тэнгисийн идэвхтэй активыг худалдахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн баасан гаригт албан ёсоор зарласан билээ.
BP компанийн санхүүгийн орлогын тайланд Гүйцэтгэх захирал О'Нил "Бид боломжит нөөц чадлаа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд үзүүлсэн манай компанийн үйл ажиллагааны гүйцэтгэл бидний өөрсдийн хүлээлтэд хүрээгүй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн маань хүлээлтэд бүр ч хүрээгүй" хэмээн мэдэгджээ.
Мягмар гаригт улирлын дивидендийн хэмжээгээ дөрвөн хувиар нэмэгдүүлсэн BP компанийн хувьцааны үнэ санхүүгийн тайлан нийтлэгдсэний дараа Лондонгийн хөрөнгийн биржийн арилжаагаар 0.5 хувиар өссөн байна.
Түүнчлэн тус компани тодорхой зүйлсийг хасаж тооцдог үндсэн ашгийн үзүүлэлт нь тухайн улиралд хоёр дахин өсөж 5.7 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамаглал, хүлээлтээс давсан үзүүлэлт болсон гэж нэмж мэдээлэв.
Гүйцэтгэх захирал О'Нил "Бид BP компанийн санхүүгийн баланс болон нөхцөл байдлыг бэхжүүлэх чиглэлээр сайн ахиц дэвшил гаргаж чадлаа. Сүүлийн долоо хоногуудад бид Герман дахь Гельзенкирхены боловсруулах үйлдвэрээ худалдаж, Австри дахь жижиглэнгийн худалдааны бизнесээ худалдахаар тохиролцсон бөгөөд Их Британи дахь Хойд тэнгисийн бизнесээ худалдах бодолтой байгаагаа зарласан" гэжээ.
Тэрбээр үргэлжлүүлэн "Өнөөдөр бид АНУ дахь био хийн бизнес болох Archaea компаниа худалдахаар төлөвлөж байгаагаа албан ёсоор зарлаж байна" хэмээн нэмж дурдсан юм.
Үүнээс гадна О'Нил нь тус компанийг сүүлийн үед үүсээд байсан дотоод үймээн самуун, тогтворгүй байдлаас гаргаж, зөв голдиролд нь оруулахыг эрмэлзэж байна.
Дөрөвдүгээр сард болсон хувьцаа эзэмшигчдийн жил бүрийн ээлжит хурлаар BP-ийн тайлагналын шаардлагыг багасгах шийдвэрийн төслийг хөрөнгө оруулагчид эсэргүүцэн буцааснаар тус компани хөрөнгө оруулагчдын шүүмжлэлтэй тулгарсан юм.
Үүнээс сарын дараа тус компани BP-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Альберт Манифолдыг "засаглалын стандарт, хяналт шалгалт болон ёс зүйн зан төлөвтэй холбоотой ноцтой асуудал" үүссэн гэх үндэслэлээр гэнэт огцруулсан бөгөөд тэрбээр эдгээр буруутгалыг эрс үгүйсгэж байгаа юм.
ExxonMobil компанид 23 жил ажиллаж, өмнө нь Австралийн Woodside Energy группийг тэргүүлж байсан О'Нил нь BP компанийн 117 жилийн түүхэнд гаднаас томилогдсон анхны Гүйцэтгэх захирал болж байна.
Тэрбээр тус албан тушаалыг хоёр жил хүрэхгүй хугацаанд хашсан Мюррей Очинклоссын халааг авч, шинээр томилогдон ажиллаж байгаа юм.
Дэлхий нийтийг хамран өрнөж буй геополитикийн мөргөлдөөн, эрчим хүчний хямралын энэ үед ашигт малтмалын арвин нөөцтэй, геостратегийн онцлог байршилтай Монгол орны хувьд эдийн засгийн арвин ашиг олох, хямралыг боломж болгон хувиргах “эрх” нь байсан юм.
Орос, Украины дайн болон Барууны хоригтой холбоотойгоор дэлхийн зах зээлд эрчим хүчний болон коксжих нүүрсний үнэ эрс өссөн. Хятад улс Австралийн нүүрсэнд хориг тавих болон дэлхийн нийлүүлэлт саатах үед Монгол Улс Хятадын зах зээлд орон зайгаа тэлэх хамгийн таатай боломж олдсон.
Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг хилийн боомтуудын төмөр замын холболтыг эрт шийдвэрлэж чадсан бол нүүрсний экспортын орлогыг дахин 30-40%-иар нэмэгдүүлэх боломжтой байв.
Дэлхий дахинд инфляци өсөж, тодорхойгүй байдал үүсэхэд алт "аюулгүй хөрөнгө оруулалт" болж үнэ нь дээд цэгтээ хүрсэн. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч рүү шилжих дэлхийн чиг хандлага хэвээр тул зэсийн эрэлт өндөр хэвээр байна. Оюутолгойн далд уурхайг хугацаанд нь ашиглалтад оруулснаар металлын үнийн өсөлтөөс тодорхой хэмжээний орлого төвлөрүүлж чадсан байх.
Эрэлтийг ч ашиг болгох, хямралыг ч боломж болгох эдийн засгийн нарийн ухаан, дээр нь нэмэх нь жинхэнэ “эх оронч” зориг зүрх Монголчуудад хэрэгтэй байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 30
2026 оны 7-р сарын 31
2026 оны 7-р сарын 28
2026 оны 8-р сарын 3
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 27
2026 оны 8-р сарын 1
2026 оны 7-р сарын 29
2026 оны 8-р сарын 2
2026 оны 7-р сарын 29
2026 оны 8-р сарын 2
2026 оны 7-р сарын 28
2026 оны 8-р сарын 4
2026 оны 7-р сарын 30
2026 оны 7-р сарын 30