НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Фото: Отгонтэнгэрийн тахилга
МЭДЭЭ

Фото: Отгонтэнгэрийн тахилга

2026 оны 6-р сарын 17
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо.

Тахилгын ёслолын өмнөх орой аймгийн хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа. Дараа нь туульч “Аргиль цагаан өвгөн” тууль хайллаа.

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.

Тахилгын өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Монголчууд эцэг тэнгэр, эх дэлхийгээ хүндлэн дээдэлж, уул ус, ургамал амьтдыг нь хайрлан хамгаалж, эзэн шүтээнд нь сүслэн залбирч, уул овоогоо тахиж ирсэн эртний сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Мянга мянган жилийн түүхтэй уул овооны төрийн тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн агуулга, өндөр ач холбогдолтой их ёслол юм.

Цаст цагаан Этүгэн уул, оройн чимэг Отгонтэнгэр хайрхан нь Хүннү гүрний үеэс тайж тахиж ирсэн Монгол түмний их шүтээн уул билээ.

Өнө эртний тахилгат Отгонтэнгэр уулын цадиг түүх бол эх байгалиа хамгаалах төрийн бодлого, хууль цааз хийгээд төр, шашны ёслол, байгалиа шүтэн дээдэлдэг ардын ухаан, уламжлалт соёл, зан заншлын цогц илэрхийлэл юм.

Ард иргэдийнхээ ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил, байгаль хамгаалах үзэл санааг хүндэтгэн дээдэлж, Отгонтэнгэр хайрхны тахилгын шүтээн цогцолборыг шинэчлэн байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж буй энэ цаг үед байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, усны хомсдол, гамшигт үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэхэд дэлхий нийтээрээ анхаарч байна.

ЮНЕСКО-гоос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэж, энэ төрлийн судалгааг үе шаттай хэвлэн нийтэлж, түгээн дэлгэрүүлж байгааг тэмдэглэн хэлье.

Хүн, байгаль  хоёр хүйн холбоотойг танин мэдсэн монголчууд бидний өвөг дээдэс уул, усаа тахин шүтэх уламжлалт зан үйлээрээ дамжуулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн үнэт өв соёлд төр онцгой анхаарч ирсэн түүхтэй.

Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлээ судлан шинжлэх үүднээс төрийн тахилгат хайрхдын судалгаа, шинжилгээг хийлгэж, тахилгын уламжлал, зан үйл, дэг ёс, уул усны онцлогийг нь тодруулан судалж, ард олноо сурталчлан таниулж эхэллээ.

Эх дэлхий, эко системийг хамгаалах, цөлжилт, газрын доройтол, шар шороон шуургыг сааруулах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд  идэвхтэй оролцож байгаа ард иргэддээ талархал илэрхийлье” гэлээ.

Мөн Отгонтэнгэр хайрхны Очирваань шүтээн, Хөх-Энгэр, Баянзүрх, Цэцэрлэг, Бадархундага, Баянбулаг, Бахдалт Цагаан, Хөх, Хар нуур монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлж, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав, морин хуурч, Соёлын тэргүүний ажилтан Б.Зоригоо нар Хангайн магтаал хайлав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Отгонтэнгэр хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Завхан аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Г.Өнөрбаярт гардуулж өглөө.

Үүний дараа Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тахилгын ёслолд унших номын утга агуулгын талаар сүсэгтэн олонд товч тайлбарлалаа.

Лам хуврагууд Буман цагаан судар, Отгонтэнгэр хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншиж мандал өргөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Монгол Улсын даян мэргэн Баасанхүүгийн Ёндонд хүлээлгэн өгч, Завхан аймгийн Улиастай сумын аварга малчин Шуурайн Бат-Эрдэнийн адуун сүргээс сонгосон бор азаргыг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэлээ.

Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.

Отгонтэнгэр хайрхан уулыг  Ерөнхийлөгчийн 1995 оны 110 дугаар зарлигаар төрийн тахилгатай болгож, 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016, 2021 онд тахисан.

Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4,021 метрт өргөгдсөн бөгөөд 3,752 метрээс дээш өндөрт мөнх цастай. Мөнх цасны хилийн доохон талд Ар, Өвөр Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуур байдаг.

30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, 2 зүйл мөлхөгч, 5 зүйл загас, 6 зүйл ховор ургамал, 70 гаруй зүйл эмийн ургамалтай.

Отгонтэнгэр гэдэг нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг гэж үздэг.

Монголчууд хайрхнаа эртнээс нааш “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай,  идээний дээжээ өргөж ирсэн юм.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

Дэлхийн тэргүүлэх 800 гаруй компанид хөрөнгө оруулах боломжтой “FTI ETF” Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэллээ

“BGM Asset Management” ХОМК нь Монголын хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болох “Future Tech Innovation” (FTI) ETF албан ёсоор өнөөдөр (2026 оны 8-р сарын 19) нэвтрүүлж, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлж цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Aug 19, 2026

Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл

Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11