

Өмнөд Африкийн Иоханнесбург хотын дагуул тосгонд болсон Бямба гаригт 17 хүнийг буудан алж, 15 хүнийг шархдуулсан сэжигтнүүдийг цагдаагийнхан эрэн хайж байна.
Бямба гаригийн орой Уэст Ранд дүүргийн Уэдела дахь уушийн газрын гадаа согтууруулах ундаа хэрэглэж байсан хүмүүс рүү үл мэдэгдэх найман этгээд гал нээж, улмаар дотогш нэвтрэн орж дотор байсан үйлчлүүлэгчдийг үргэлжлүүлэн буудсан гэж цагдаагийн газраас мэдээлэв.
Сэжигтнүүд гар буу болон АК-47 маркийн автомат буугаар зэвсэглэсэн байжээ. Сумны шарх авсан 15 хүнийг эмнэлгийн байгууллагуудад хүргээд байна.
"Үйлчлүүлэгчид уушийн газрын дотор болон гадна байх үед сэжигтнүүд ирж, гадаа байсан хүмүүс рүү гал нээсэн гэж үзэж байна. Сэжигтнүүд дараа нь уушийн газар руу орж, дотор байсан хүмүүс рүү үргэлжлүүлэн буудсан" гэж Өмнөд Африкийн цагдаагийн газар X (хуучнаар Twitter) хуудсандаа бичжээ. Хэрэгтнүүд зарим үйлчлүүлэгчийг нэгбүрчлэн нэгжиж, гар утсыг нь дээрэмдсэний дараа хоёр автомашинаар зугтсан байна.
Өмнөд Африкт хүмүүсийг олноор нь буудан хөнөөх хэрэг цөөнгүй гардаг. Өнгөрсөн долоо хоногт Дурбан хотоос урд байрлах нэгэн байшинд зэвсэглэсэн этгээдүүд гал нээсний улмаас жирэмсэн нэг эмэгтэйг оролцуулаад 11 хүн амиа алджээ. Мөн 6-р сард Иоханнесбург хотын захад байх сууринд 12 хүн буудуулж амиа алдсан юм.
Цагдаагийн газрын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр энэ оны 1-3-р сарын хооронд Өмнөд Африкт өдөрт дунджаар 58 хүн бусдын гарт амиа алдсан байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.