НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Чингис хаан” олон улсын нисэх буудал хоёр улсын найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг гэдгийг онцлов
МЭДЭЭ

“Чингис хаан” олон улсын нисэх буудал хоёр улсын найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг гэдгийг онцлов

5 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Сэкигүчи Масаказүд бараалхав.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түнш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэв. Мөн ардчиллыг баталгаажуулах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд Япон Улсаас үзүүлж ирсэн тууштай дэмжлэгт талархал илэрхийллээ.

Хоёр улсын парламент хоорондын харилцаа, парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, харилцан туршлага солилцохын чухлыг онцлов. 

Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Монгол Улсаас Япон Улсад экспортлох бараа, бүтээгдэхүүний хэмжээг өсгөх нь чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Түүнчлэн Япон Улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд татварын таатай, тогтвортой орчин бүрдүүлэх, “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр” байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийллээ. 

Мөн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төсөл”-ийг Япон Улсын иенийн нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлэв. 

Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Сэкигүчи Масаказү “Чингис хаан олон улсын нисэх буудал нь хоёр улсын найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг гэдгийг тэмдэглэв. 

Уулзалтын үеэр боловсрол, соёл, хүний хөгжил, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцав. 2026 оны аравдугаар сард Улаанбаатар хотод “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д Япон Улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг Ерөнхий сайд урилаа. Тус чуулга уулзалтад Япон Улсын зөвлөхүүдийн танхимаас оролцохоо илэрхийллээ.

Талууд Монгол, Японы парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх талаар ярилцлаа.


МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Морид бараалхаж, хоёр орны харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, дотно түнш Япон Улстай найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө байдгаа илэрхийлэв. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа  “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа онцлов. Түүнчлэн Монгол Улсын ардчилал, нийгэм, эдийн засгийн хөгжилд олон жилийн турш тууштай дэмжлэг үзүүлж ирсэн Япон Улсын Парламент, Засгийн газар, ард иргэдэд талархал илэрхийлж, парламент хоорондын харилцаа, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспортыг өсгөх, Монгол дахь Японы хөрөнгө оруулалт, технологи, ноу-хауг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Мори хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглэв. Мөн парламент хоорондын харилцаа, харилцан айлчлал, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. 

Уулзалтын үеэр талууд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, парламент хоорондын солилцоог идэвхжүүлэх болон худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар санал солилцов. Мөн ирэх жил тохиож буй Монгол, Японы дипломат харилцааны 55 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэхээр ярилцав.


Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. 

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы харилцааг хүн төвтэй “Энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэхэд манай улсыг зүрх сэтгэлээрээ дэмжиж, хоёр улсын хүн хоорондын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн найрамдлын нийгэмлэгүүд жинтэй хувь нэмэр оруулж  буйг талархан тэмдэглэв. Түүнчлэн, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 онд Монгол Улсад айлчилсан нь түүхэнд тэмдэглэгдэх чухал айлчлал болсныг онцолсон юм. Монгол Улсын Засгийн газар хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг илэрхийллээ. 

Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд хүргэх чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны айлчлалын дараа Монголыг зорих япончуудын тоо 30 хувиар нэмэгдсэн гэдгийг онцолсон юм. 

Найрамдлын нийгэмлэгүүд төдийгүй хоёр улсын харилцаанд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй япон иргэд, тэдний халуун сэтгэл, итгэл зүтгэл, нөөц бололцоогоор дамжуулан харилцан ээлтэй хамтын ажиллагааг хүмүүнлэг, боловсрол, соёл, урлаг, бизнесийн салбарт баяжуулан бэхжүүлэх нь чухал ач холбогдолтойг санал нэгтэй тэмдэглэв. 

Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэг нь тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Т.Хасэгавагийн санаачилгаар 1991 онд байгуулагдсан.  Тэргүүнээр нь Япон Улсын Ерөнхий сайд асан Т.Каифү, хүндэт зөвлөхөөр Ерөнхий сайд асан Я.Накасонэ нар тус тус ажиллаж байжээ. 

Япон, Монголын нийгэмлэг нь япон иргэдийн санаачилгаар 1959 онд байгуулагдаж, xамгийн удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж буй найрамдлын нийгэмлэг юм. 


 ЭКСПОРТЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга А.Нагашиматай уулзав.

Ерөнхий сайд Н.Учрал, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай улсын чухал “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар ямагт өндөр ач холбогдол өгч ирсэн. Хоёр улсын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа, парламент дахь найрамдлын бүлгүүдийн үүрэг, оролцоо чухал болохыг онцлов. Япон Улсын төр, засаг, ард иргэд  Монгол Улсын ардчилал, нийгэм, эдийн засгийн хөгжилд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын парламент хоорондын харилцаа, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Мөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлт, түүний дотор Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.  “Инженер, технологийн дээд боловсрол” (MJEED), “Япон загварын инженер, технологийн дээд боловсролоор дамжуулан инженер бэлтгэх орчныг сайжруулах” (KOSEN) төслүүдийн хүрээний хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Монгол иргэд Япон Улсад зорчих нөхцөлийг үе шаттай хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ. 

Бүлгийн дарга А.Нагашима, Ерөнхий сайдын хувиар анхны албан ёсны айлчлалаа Япон Улсаас эхлүүлж буйд талархал илэрхийлэв. Бүлгийн зүгээс хоёр талын харилцааг улам хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа тодотгосон юм.  

Талууд хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, иргэдийн харилцан солилцоог өргөжүүлэх, 2027 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэх талаар санал солилцлоо. 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна

“Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь АНУ-ын Чикагогийн түүхий эдийн бирж (CME Group) болон Сингапур улсад төвтэй, олон улсын санхүүгийн үйлчилгээний PhillipCapital групптэй хамтран “Спот ба форвард арилжаанаас фьючерсийн зах зээлд шилжих нь” сэдэвт хоёр өдрийн воркшопыг 2026 оны 10 дугаар сарын 21–22-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Oct 2, 2026

AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Б.Баатарын хилийн хоригийг хэвээр үлдээв

Б.Баатарын хилийн хоригийг хэвээр үлдээв

Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана