

Нордикийн 3 орноос монголчуудын хамгийн сайн мэддэг нь Швед. Шведэд эдүгээ 10 мянга гаруй монгол иргэн ажиллаж амьдарч байна. Мөн Шведэд Монгол Улсын ЭСЯ байдаг. Харин нөгөө хоёр буюу Финланд, Норвегийн талаар төдийлөн сайн ойлголтгүй. Өнгөрсөн 6-7-р сард болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр гялалзаж, дэлхийн нийтийн анхааралд орсон Норвегийн багийн довтлогч Эрлинг Хааландаар Норвегийг мэддэг болсон байх. Гурав дахь улс Финландын талаар монголчууд юу мэдэх вэ? Гар утас анх хэрэглээнд орж байх үед монголчууд Siemens, Nokia гэсэн гар утас барьдаг байлаа. Siemens нь Германых бол Nokia Финландынх.
Скандинавын гэж монголчуудын хэлж заншсан эдгээр гурван улсыг эдүгээ Монголын гадаад харилцаанд Нордикийн хэмээн ярих болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын орнуудаар хийх айлчлалаа мянган нуурын орон Финландад үргэлжлүүллээ. Түүний энэ айлчлал нь Монголын төрийн тэргүүний 14 жилийн хийж буй айлчлал юм. 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчилж байжээ.
Финландын 13 дахь Ерөнхийлөгч Александер Стубб 2024 оны 3-р сарын 1-нээс Финландийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Финландын швед гаралтай Александер Стубб 2011 онд Финландын ерөнхийлөгч хатагтай Тарьяа Халоненийг Монголд айлчлахад төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Худалдааны сайдын хувиар айлчилж байжээ. Сонирхуулахад Финландын хүн амын 5 орчим хувийг шведүүд эзэлдэг бөгөөд швед хэл нь албан ёсны хоёр дахь хэл юм.
Ерөнхийлөгч Александер Стубб Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй НҮБ-ын чуулаганы үеэр хэд хэд уулзаж, Монгол орныг, монголчуудыг сонирхдогоо илэрхийлж байжээ. Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр Александер Стуббыг “миний анд” хэмээн дотночлон дуудаж байлаа.
Хэдийгээр Нордикийн орнуудаас Шведэд манайх ЭСЯ-тай Нордикийн орнуудтай харилцах гадаад бодлогын чиглэлийнхээ орох үүд болгон Финландыг сонгож буй нь энэ юм.
Айлчлалын үеэр болсон Монгол-Финландын Бизнес форумын нээлтэд хоёр Ерөнхийлөгч оролцсон. Сүүлийн 20 жилийн хугацаанд Финландын эдийн засаг өснө гэсэн бат итгэл төрж байгаагаа хэлсэн. Яагаад гэвэл ойрын ирээдүйд хөгжлийн өсөлтийг хангах суурь болсон бүх зүйл Финландад бий гэдгийг ам бардам хэлнэ лээ. Финланд одоо ч эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд толгой цохиж буй. Финландын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар 2025 онд 32.1 тэрбум ам.долларын эргэлт үүсгэж, 18.1 тэрбум ам.долларын нэмүү өртгийг бий болгожээ. Энэ ДНБ-ий 6:4% бөгөөд экспортын голлох үйлчилгээ нь програм хангамж, сүлжээ, мэдээллийн технологийн үйлчилгээ, мэдээлэл технологийн зөвлөх үйлчилгээ юм. Финландын мэдээллийн технологийн экосистемийг бий болгоход Nokia компани асар их нөлөө үзүүлсэн. Apple, Samsung компаниуд хүчирхэгжэхээс өмнө Nokia нь гар утасны дэлхийн зах зээлд тэргүүлж байсан. Одоо энэ байр сууриа алдсан ч 2014 оноос 5G, 6G хөгжүүлэлт, сүлжээний тоног төхөөрөмж, үүлэн сүлжээ, хиймэл оюун, хаалттай сүлжээ хөгжүүлэлт зэрэг чиглэлд тэрүүлсээр байна. Тиймээс Александео Стубб “бидэнд хүний нөөц, боломж, сүлжээ, туршлага бүгд байна” хэмээн бизнес форумд оролцох үеэрээ хэлсэнийг зориуд эшилье.
5.6 сая хүн амтай Финландын ДНБ-ий хэмжээ нэрлэсэн дүнгээр17 тэрбум ам.дооларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 56,230 евро байна. Ковидын дараа Финландын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд унасан ч 2023 оноос аажим сэргэж байна.2025 оны эцсээр ДНБ 0.2%-иар, 2026 оны эхний хагас жилийн байдлаар0.4%-ийн өсөлттэй байна. Инфляцын түвшин харьцангуй тогтвортой буюу1.7% бөгөөд эрчим хүчний үнийн бууралт нь хэрэглээний зардлыг тогтворжуулахал нөлөөлжээ. Финладын эрчим хүчний 80% эдүгээ сэргээгдэх эрчим хүчинд ногдож байна.
Аз жаргалын индексээр дэлхийд тэргүүлдэг энэ улсад бас сорилтууд бий. Хамгийн том сорилт нь хүн амын бүтцэд ахмад настны эзлэх хувь нэмэгдэж, ажиллах хүчний бүтээмж буурч байгаа явдал юм. Өнөөдрийн байдлаар Финландын хүн амын 23.6%-ийг 65-аас дээш насныхан эзэлж байгаа нь тэтгэвэр, эрүүл мэнд, асаргаа сувилгааны зардлыг нэмэгдүүлж төсөвт дарамт болж байна. 2025 онд төсвийн алдагдал ДНБ-ий 4.4%-д хүрсэн бөгөөд энэн 2026 онд үүнийг бууруулж 3.4%-д хүргэхээр зорьж байна.
Тус улсын ДНБ-ий 63.2%-ийг үйлчилгээний салбар, 24%-ийг аж үйлдвэрийн салбар эзэлж байна. Эдийн засгийнх 79 орчим хувь нь гадаад худалдаанд суурилсан аж үйлдвэр, үйлчилгээнээс бүрдэж байгаа бөгөөд экспортын гол бүтээгдэхүүн нь машин механизм, химийн бодис бол импортын гол бараа нь хүнс, газрын тос, химийн бодис, тээврийн хэрэгсэл төмөр ба ган машин механизм, нэхмэл эдлэл, үр тариа юм. Гарааны бизнесийн дийлэнх нь боловсрол, эрүүл мэнд, эко технологи, био технологи, мэдээллийн технологийн салбар.
Газар нутгийн хувьд нэг нь бөмбөрцгийн хойд хэсэгт, нөгөө нь Төв Азийн өндөрлөгт оршин байгаа ч биднийг зааглаж буй ганц улс нь Орос билээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Александер Стубб нар Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.
Албан ёсны хэлэлцээний үеэр талууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, батлан хамгаалах, байгаль орчин, эрчим хүч зэрэг салбарт бодит үр дүн, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.
Түүнчлэн Монгол Улсад өрнөж буй “Тэрбум мод”, “Цагаан алт” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Финландын Үндэсний музей болон Гэрэл зургийн музейд Монголын түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүд хадгалагдаж байдаг. Финландын монголч эрдэмтэн Г.Ж.Рамстедт-ийн (G.J.Ramstedt) цуглуулсан монгол хэл дээрх ховор гар бичмэлүүд Финландын Үндэсний музейд хадгалагдаж байгаа бол аялагч Сакари Пэлсигийн (Sakari Pälsi) 1909 онд Монголд авсан түүхэн гэрэл зураг, тэр дундаа бөөгийн соёлтой холбоотой ховор баримтууд гэрэл зургийн сузеэд хадгалагдаж байна

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан баримт бичгүүд /албан мэдээ/
Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хэрэгжүүлж буй төрийн айлчлалын хүрээнд талууд 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 10 баримт бичиг байгуулав.
“Боловсрол, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Финланд Улсын Засгийн газар хоорондын хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Бүгд Найрамдах Финланд Улсын Боловсролын сайд Андерс Адлеркройц нар гарын үсэг зурав.
Тунхаглалын хүрээнд талууд биеийн тамир, спорт, боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүн амын биеийн хөдөлгөөний идэвхийг дэмжихэд чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Энэхүү хамтарсан тунхаглал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улсын боловсрол, спортын салбарын хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, байгууллага хоорондын харилцаа, туршлага солилцоог өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
“Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Финланд Улсын Туркугийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Бүгд Найрамдах Финланд Улсын Туркугийн их сургуулийн ректор, профессор Марьо Каартинен нар гарын үсэг зурав.
“Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Финланд Улсын Зүүн Финландын их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд Монгол Улсын Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Бүгд Найрамдах Финланд Улсын Зүүн Финландын их сургуулийн сургалт эрхэлсэн проректор, профессор Лаура Хирсто нар гарын үсэг зурав.
Энэхүү баримт бичгүүдийг байгуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд шалгарсан суралцагчдыг Туркугийн их сургууль болон Зүүн Финландын их сургуульд суралцуулна. Зүүн Финландын их сургуульд жил бүр 5 хүртэлх монгол оюутныг бакалавр, магистрт элсүүлэн суралцуулах бөгөөд Боловсролын яам болон Боловсролын зээлийн сангаар дамжуулан боломжийг нээж байгаа болно.
Түүнчлэн талууд суралцах ухаан (learning science), тархи судлал (neuroscience), хүүхдийн цогц хөгжил, боловсролын дата аналитик, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний чиглэлээр хамтарсан судалгаа хийнэ.
Мөн Монгол Улсын Боловсролын их сургууль болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Бүгд Найрамдах Финланд Улсын дээрх их сургуулиудтай хамтран багшийн боловсролыг шинэчлэх, байгууллагын чадавхыг бэхжүүлнэ.
“Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей болон Финландын Үндэсний музей хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын “Чингис хаан” Үндэсний музейн ерөнхий захирал, академич Сампилдондовын Чулуун, Финландын Үндэсний музейн ерөнхий захирал Элина Анттила нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд талууд музейн үйл ажиллагаа, цуглуулга, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж, олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар, форум хамтран зохион байгуулна. Хоёр музейн албан ёсны түншлэл нь Улаанбаатар болон Хельсинки хотуудын хооронд, түүнчлэн бүс нутгийн илүү өргөн хүрээг хамрах хамтран дэглэсэн үзэсгэлэн гаргах боломжийг бүрдүүлнэ. Монголын нүүдэлчдийн өв соёл (үүнд морьтны соёл, эсгий урлал, Монголын эзэнт гүрний өв гэх мэт) нь Скандинав болон Европын үзэгчдийн сонирхлыг ихээхэн татах бол, Финландын балар эртний хүмүүс, Арктикийн амьдралын хэв маяг, Фин-Угор соёлын тухай үзэсгэлэн нь Монголын үзэгчдэд Хойд Европын соёл иргэншилтэй танилцах онцгой боломжийг олгоно.
“Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Финланд Улсын Эдүтэн ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын яамны Гадаад харилцааны газрын дарга Баатарцолын Энхбаяр, Бүгд Найрамдах Финланд Улсын Эдүтэн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Анри Мууримаа нар гарын үсэг зурав.
Туркугийн их сургуулиас салбарлан гарсан Эдүтэн ХХК-ийн хиймэл оюун болон суралцахуйн аналитикт суурилсан цахим платформыг Монголын ерөнхий боловсролын бүх сургуулийн бага, дунд, ахлах ангийн хичээлд нэвтрүүлж, өргөжүүлэх боломжийг бий болгоно.
“КиВа үе тэнгийн дээрэлхэлийн эсрэг хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх тухай Монгол Улсын Боловсролын яам, Зүрх сэтгэлийн боловсрол ТББ болон Бүгд Найрамдах Финланд Улсын Туркугийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын яамны Гадаад харилцааны газрын дарга Баатарцолын Энхбаяр, Зүрх сэтгэлийн боловсрол ТББ-ын ерөнхий захирал Цогтхүүгийн Алтансор, Бүгд Найрамдах Финланд Улсын Туркугийн их сургуулийн ректор, профессор Марьо Каартинен нар гарын үсэг зурав.
Санамж бичгийг байгуулснаар Туркугийн их сургууль болон Бүгд Найрамдах Финланд Улсын Боловсрол, соёлын яамны хамтран боловсруулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх, турших болон түгээн дэлгэрүүлэх боломжийг нээж байгаагаар онцлог юм.
“Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хөвсгөл аймаг болон Бүгд Найрамдах Финланд Улсын Лапланд муж хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Мөнх-Өлзий, Бүгд Найрамдах Финланд Улсын Лапланд мужийн Бүс нутгийн захирагч Ханну Таккула нар гарын үсэг зурав.
Энэхүү баримт бичгийн хүрээнд хоёр улсын бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор талууд мэдлэг, сайн туршлагыг харилцан солилцоно. Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд цаа бугын аж ахуй, тогтвортой аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлал, байгаль хамгаалалд онцгойлон анхаарна.
“Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Финландын Худалдааны танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Баатаржавын Лхагважав, Финландын Худалдааны танхимын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Юхо Ромакканиеми нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд талууд худалдаа, хөрөнгө оруулалт, зах зээлийн боломжуудын талаарх мэдээлэл харилцан солилцохоос гадна бизнесийн төлөөлөгчдийн айлчлал, худалдааны мисс, бизнес форум, үзэсгэлэн, яармаг зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулна. Мөн хоёр орны компаниудыг холбох (business matchmaking), харилцан сонирхсон салбаруудад бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах юм.
Энэхүү санамж бичиг нь Монгол, Финландын хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн шууд харилцаа, түншлэлийг бэхжүүлэх, хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
“Хонка Лог Хоум” ХХК болон “Хонкарэкэннэ” компани хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т “Хонка Лог Хоум” ХХК-ийн захирал Бадиагийн Энхбаяр, “Хонкарэкэннэ” компанийн гүйцэтгэх захирал Магнус Хиндстрём нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсад 20 жилийн турш хамтран ажилласан туршлагадаа тулгуурлан эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй финланд дүнзэн барилгын шийдлийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Мөн орон сууц, сургууль, цэцэрлэг, аялал жуулчлал болон нийтийн зориулалттай барилгын төслүүдэд байгалийн гаралтай материалын хэрэглээг нэмэгдүүлэх, техникийн мэдлэг, туршлага солилцох, барилгын зураг төсөл, угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэхүү санамж бичиг нь Финландын барилгын технологи, туршлагыг Монголын зах зээлийн онцлог, хэрэгцээтэй уялдуулан чанартай, эрчим хүчний хэмнэлттэй барилгын шийдлийг нэвтрүүлэх, иргэдийн амьдрах, суралцах, ажиллах таатай орчныг бүрдүүлэх, хоёр орны хувийн хэвшлийн урт хугацааны түншлэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
“Бичура Энержи” ХХК болон “Полар Найт Энержи” компани хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Бичура Энержи” ХХХ-ийн гүйцэтгэх захирал Батбаярын Эрдэнэдорж, “Полар Найт Энержи” компанийн Технологи хариуцсан захирал Маркку Илөнэн нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсад дулааны эрчим хүч хуримтлуулах технологийг нэвтрүүлэх боломжийг судалж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, үйлдвэрийн болон төвлөрсөн дулаан хангамжийн шийдлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Энэхүү санамж бичиг нь Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжих, эрчим хүчний найдвартай байдлыг бэхжүүлэх, хоёр улсын цэвэр эрчим хүчний салбарын технологи, инновац, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.