

Украин Оросын хамгийн эмзэг цэгийг дроны бай хэдийнэ болгосон. Орос орон Европыг “хар алт”, байгалийн хийгээр хангаж явсан нь түүх болж, өөрсдөө ч хөл явгарах хэмжээнд очжээ. Энэ нь шатахууны хувьд ганц улсаас хамааралтай Монгол Улс хүндхэн цохилт болж, шатахуунаа тэгш, сондгой өдрөөр ээлжилж авах зохицуулалтыг хагас сарын хугацаатай хийхэд хүргэв.
Дэлхийн газрын тосны зах зээл тогтворгүй, тодорхойгүй дүр зурагтай нүүр тулсан нь бодит үнэн. Геополитикийн сөргөлдөөн, эдийн засгийн зөрчилдөөнөөс үүдэлтэй энэхүү хямрал нь ердийн нэг үнийн хэлбэлзэл эрэлт, нийлүүлэлтийн хомсдол биш юм. Үндсэндээ улс орнуудад стратегийн нөөцөө нэмэгдүүлэх, дотоодын эрчим хүчний хараат бус байдлаа хангаж байж л “амьд үлдэх” харгис, хатуу тоглоомд дэлхий даяараа татагдан оржээ. Мэдээж, энэ тоглоомноос Монгол холуур тойрох аргагүй.
Үндсэндээ нэг талаас геополитикийн мөргөлдөөн нь хар алтны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн эрсдэлийг улам хөөрөгдөж байгаа бол нөгөө талаас цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний хөгжил газрын тосны салбарт шинэ асуултууд дэвшүүлж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар өнөөгийн нөхцөл байдлыг зөвхөн газрын тосны хомсдол гэж тайлбарлах боломжгүй. Харин уламжлалт эрчим хүчний тогтолцооноос шинэ эрчим хүчний систем рүү шилжиж буй үеийн бүтцийн өөрчлөлт геополитикийн эрсдэлтэй давхцсан нь дэлхийн газрын тосны зах зээлийг урьд өмнөхөөс илүү эмзэг болгожээ.
ЗАХ ЗЭЭЛИЙН ДҮР ЗУРАГ БА ТЭНЦВЭРГҮЙ БАЙДАЛ
Газрын тосны зах зээлд хамгийн том эрсдэл нь геополитик юм. Ойрхи Дорнодын зөрчилдөөн, Орос-Украины дайн, газрын тосны чухал гарцууд болох Ормузын хоолой, Улаан тэнгисийн аюулгүй байдлын асуудал нь нийлүүлэлтийн сүлжээнд байнгын дарамт учруулж байна.
Нөгөө талаас ОПЕК+ олборлолтоо хязгаарлан үнийг хамгаалах бодлого баримталж байгаа бол АНУ, Бразил, Гайана, Канад зэрэг ОПЕК-ийн бус үйлдвэрлэгч орнууд олборлолтоо түүхэн дээд түвшинд хүргэж, зах зээл дэх нөлөөгөө улам нэмэгдүүлж байна. Энэ нь дэлхийн газрын тосны зах зээлд шинэ хүчний тэнцвэр бий болж байгааг харуулж буй юм.
Үүний зэрэгцээ дэлхийн инфляц, өндөр хүүгийн орчин, Хятадын эдийн засгийн өсөлт саарсан нь газрын тосны эрэлтийг сулруулж, үнийн хэлбэлзлийг улам нэмэгдүүлж байна.
IEA БА ОПЕК: ИРЭЭДҮЙН ТАЛААРХ ХОЁР ӨӨР ТӨСӨӨЛӨЛ
Дэлхийн газрын тосны ирээдүйн талаар олон улсын байгууллагуудын байр суурь нэлээд ялгаатай байгаа юм.
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн тооцоолсноор газрын тосны эрэлт ойрын жилүүдэд оргилдоо хүрч, цаашид өсөлт нь саарна. Үүнд цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэж, сэргээгдэх эрчим хүчний хөгжил эрчимжиж буй нь голлон нөлөөлнө.
Мөн ОПЕК-ийн бус үйлдвэрлэгч орнуудын олборлолт өсөх учраас ойрын хугацаанд зах зээлд илүүдэл нийлүүлэлт үүсэх боломжтой гэж үзэж байна.
Харин ОПЕК өөр таамаглал дэвшүүлж буй. Тус байгууллагын үзэж буйгаар Энэтхэг, Зүүн өмнөд Ази, Африкийн улс орнуудын үйлдвэржилт, хотжилт, агаарын тээврийн өсөлтөөс шалтгаалан газрын тосны эрэлт урт хугацаанд үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй. Түүнчлэн олборлолтын шинэ төслүүдэд хангалттай хөрөнгө оруулахгүй бол ирээдүйд нийлүүлэлтийн ноцтой хомсдол үүсэж, дэлхийн эдийн засагт шинэ эрчим хүчний шок нүүрлэж болзошгүйг анхааруулж байна.
Харин АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн захиргаа (EIA) болон Дэлхийн банк геополитикийн эрсдэл нь үнийг богино хугацаанд өндөр түвшинд хадгалж байгаа ч дэлхийн эдийн засгийн өсөлт саарах нь дунд хугацаанд үнийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүчин зүйл болно гэж дүгнэжээ.
ИРЭХ 10 ЖИЛ БА 4 ХҮЧИН ЗҮЙЛ
Эрэлтийн төв Ази тив рүү шилжинэ гэж экспертүүд үзэж байна. Хятад улс олон жилийн турш дэлхийн газрын тосны эрэлтийн гол хөдөлгөгч хүч байлаа. Гэвч цахилгаан автомашины хэрэглээ эрчимтэй өсөж байгаа нь шатахууны хэрэглээний өсөлтийг сааруулж эхэлжээ.
Харин Энэтхэг болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудын эдийн засгийн өсөлт энэ орон зайг тодорхой хэмжээнд нөхөх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ газрын тосны хэрэглээ шатахуунаас илүү нефть-химийн үйлдвэрлэлд төвлөрөх хандлага ажиглагдаж байна.
Европ болон Хойд Америкт сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэглээ эрчимтэй өсөж байгаа нь газрын тосны хэрэглээг бууруулж эхэлсэн. Гэсэн хэдий ч агаарын тээвэр, далайн тээвэр, хүнд үйлдвэр зэрэг салбарт газрын тосыг орлох технологи өргөн хүрээнд нэвтрээгүй байгаа учраас ойрын арван жилд газрын тос дэлхийн эрчим хүчний салбарын гол эх үүсвэрүүдийн нэг хэвээр байх төлөвтэй.
ОПЕК+ БА АНУ-ЫН ӨРСӨЛДӨӨН ҮРГЭЛЖИЛНЭ
Газрын тосны зах зээлийн эзлэх хувийн төлөөх өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна. ОПЕК+ олборлолтоо хязгаарлан үнийг хамгаалах тусам АНУ-ын занарын тос үйлдвэрлэгчид болон Латин Америкийн олборлогчид зах зээлийн орон зайг эзэлсээр байна. Хэрэв ОПЕК+ олборлолтоо эрс нэмэгдүүлж зах зээлийн хувиа хамгаалах бодлого сонговол газрын тосны үнэ огцом буурах эрсдэл үүсэхийг шинжээчид үгүйсгэхгүй байна.
Украин дахь дайн, Ойрх Дорнодын мөргөлдөөн, Ази-Номхон далайн бүсийн хурцадмал байдал нь нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах эрсдэлийг хадгалсаар байна. Үүний улмаас олон улс стратегийн газрын тосны нөөцөө нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх бодлогоо эрчимжүүлж байна.
Дэлхийн газрын тосны зах зээл өнөөдөр зөвхөн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээр хэмжигдэхээ больжээ. Харин геополитик, эрчим хүчний шилжилт, технологийн хөгжил, хөрөнгө оруулалтын чиг хандлага зэрэг олон хүчин зүйл нэгэн зэрэг зах зээлийн ирээдүйг тодорхойлж байна.
Ойрын 3–5 жилд газрын тосны үнэ геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан өндөр савлагаатай хэвээр байх төлөвтэй байгаа юм. Харин урт хугацаанд дэлхий сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явц эрчимжих ч хөгжиж буй орнуудын өсөн нэмэгдэх эрэлт, олборлолтын хөрөнгө оруулалтын хэрэгцээнээс шалтгаалан газрын тос дэлхийн эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлын стратегийн чухал түүхий эд хэвээр үлдэх нь тодорхой байна.
Өөрөөр хэлбэл, дэлхий газрын тосны эрин үеэс бүрэн гарч амжаагүй, харин шинэ эрчим хүчний тогтолцоо руу шилжих урт бөгөөд төвөгтэй замын дунд явж байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 30
2026 оны 7-р сарын 31
2026 оны 7-р сарын 28
2026 оны 8-р сарын 3
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 27
2026 оны 8-р сарын 1
2026 оны 7-р сарын 29
2026 оны 8-р сарын 2
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 29
2026 оны 8-р сарын 2
2026 оны 7-р сарын 28
2026 оны 7-р сарын 30