

МАН-ын нүүрсний бүлэглэл Булганд булагнасны дараа Монголын төр хөл толгойгоо алдахад хүрсэн. Байнгын ажиллагаатай чуулганы үйл ажиллагаа гацаж, С.Амарсайханыг огцруулсан 15 давхрынхан ихээхэн сандралттай, Г.Тэмүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болгохыг тэгнээд суучихсан билээ. Учир нь, Г.Тэмүүлэн тэдэнтэй тохироо хийхгүй, барьцаалагдаагүй улстөрч болох нь эндээс харагдаж байгаа. Хоёрдугаарт, Д.Амарбаясгалан тал Ерөнхийлөгчийн сунгаанд С.Амарсайханаа сойж явсан. Өнөөх нь нэг удганы урхинд ороод “Баяраа өөрөө л сандал дээрээс унасан” гэгч болсон. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ цаанаа Д.Амарбаясгалангаас тэс өөр бодолтой явсан байжээ. Тэрбээр “АПУ”-ийн П.Батсайханыг гавъяат болсонд нь баяр хүргэх далимаар өнгөрөгч 7 хоногт уулзжээ. Ингэхдээ АН-аас Ерөнхийлөгчийн сунгаанд Л.Гантөмөрийг дэвшүүлэхэд ҮБХ-ны гишүүдэд нөлөөлж өгөхийг хүссэн байна. Харин П.Батсайханы зүгээс ямар нэг хариулт өгөөгүй аж. Тэрбээр Ардчилсан намаас Ерөнхийлөгчид Л.Гантөмөрийг дэвшүүлбэл “Херо” багаараа ажиллана, ялуулж чадна гэдгээ ч хэлсэн аж.
Хамгийн гол нь Л.Гантөмөр АН-ын ҮБХ-ноос гарч ирж чадахааргүй, асар нэр хүнд, дэмжлэг муутай байгаа тул АН-ын дотоод сунгаанд ялуулах дэмжлэг, тусламж П.Батсайханаас хүссэн бололтой. Учир нь, АН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших горилогч олон бий. Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, О.Цогтгэрэлээс гадна Д.Пүрэвдорж, Д.Ганбат 2 олон нийтийн дэмжлэг сайтай. Өнгөрөгч пүрэв гаригт АН-ын бүлгийн 10-аад гишүүдийн нэгдэл болох “Ардчиллын сэргэлт” холбооноос Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Ганбатыг сойхоо зарласан. Тэдгээр 10-аад гишүүд ҮБХ-ны 60 хувийг атгадаг.
Нөгөөтэйгүүр Л.Гантөмөр нь 2024 оны УИХ-ын сонгуулиар АН-ын ялалтыг Л.Оюун-Эрдэнэд зарсан гэж буруутгагддаг. Үндсэндээ, 2024 онд Ардчилсан нам ялалтаа Ардын намд 8 сайдын суудлаар зарсан нь худлаа биш юм. Тэрчлэн 2024 оны орон нутгийн сонгуульд эс үйлдэхүйгээрээ нийслэлд Х.Нямбаатарт унаж өгсөн. Женкогийн багийг нэр дэвшүүлж, нийслэлд АН-ыг ялагдуулсан буруутай. Тиймээс Л.Гантөмөрийн АН дахь Л.Оюун-Эрдэнийн БЭТ-үүдийн нэг гэж намын гишүүд нь эсэргүүцдэг. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн зүгээс эрх мэдэлдээ эргэж ирэх хувилбар нь Л.Гантөмөр гэж үзэж байгаа тул түүнийг АН-аас нэр дэвшүүлэхийн төлөө бүх л хор, ховыг хутгаж яваа аж. Үүнийх нь хөлд С.Амарсайхан ширвэгдсэн. Үнэндээ С.Амарсайхан Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй болбол Д.Амарбаясгалан өөрийнх нь үгээр Л.Гантөмөрийг дэмжихээс аргагүй болно гэж давхар тооцсон ч байх. Л.Оюун-Эрдэнийн “алсын хараа” ингэж л өрнөж байгаа аж. Гээд С.Амарсайхан ч энхийн цагаан тагтаа биш. Хүрээний бузрыг дэлгэвэл гэдэг шиг С.Амарсайханы гэр бүлийн даабль стандартаас эхлээд хууль бус олон асуудалд нэр холбогдсон.
Л.Оюун-Эрдэнийн энэ хувилбарыг АН-д Ц.Туваан, Х.Тэмүүжин, Э.Одбаяр нар дэмжих болсон гэх. О.Цогтгэрэлийн “Нэг Монгол” дотроо “Нэг Монгол” ба “Нэг ардчилал” гэж 2 хуваагдчихсан гэх.
Ямартай ч Л.Гантөмөр дээр Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёр хамаг бооцоогоо тавьж яваа бололтой.
Б.ЦОГТ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.