

МАН-ынхны хуурамч инээмсэглэл нүүрэн дээрээс нь арилж, ханцуй дотроо нууж явсан “хутгаа” ил гарган иргэдийн өмнө ил цагаан зодоондоо орлоо. Тэдний эвлэрлийн “гагнаас” тас үсрэх нь цаг хугацааны асуудал байсан. Үндсэндээ хуурамч эвлэрэл бол эрх мэдлийн хуваарилалт дээр хийгдсэн түр зуурын тохироо байдаг. Эцэстээ тохироо нурахад эвлэрэл дуусна. Ийм л үйл явдал Монголын төрд, МАН дотор өрнөж байна.
Дараалсан хоёр сонгууль угтсан улс төрийн тэмцэл улам хурцдаж, үүнд Монголын төрийн институцийг татан оролцуулах нь хэвийн үзэгдэл болов. Энэ удаад Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон хуулийн салбар гэсэн дүрэмгүй зодоонд Ерөнхий сайд асан Г.Занданшатар ч татагдан орлоо. Ингээд талуудын байр суурийг хүргэе.
ШШГЕГ-ЫН ДАРГА А.НАМСАМАНД: "ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан харьяа агентлагийн дотоод томилгоонд хууль бусаар оролцож, шаардлага хангахгүй хүмүүсийг томилуулахаар алба хаагчдыг удаа дараа дарамталж байна. Үүнийг сайдын томилсон ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Мөнхдөл гардан гүйцэтгэж байгаа. Сайдын шаардлагыг биелүүлэхгүй бол ажлаас хална гэж дарамталдаг.
Тулгалтын дагуу сайдын жолоочийн эхнэрийг "Төр хурах"-ын амралтын газрын даргаар, жолоочийнх нь төрсөн дүүг Архангай аймгийн ШШГЕГ-ын даргаар, ХЗДХЯ-ны Хяналт, шалгалтын газрын дарга н.Дамдинцэрэнгийн хүргэн дүүг мөн даргаар томилсон. ХЗДХ-ийн сайдын хамаарал бүхий компани ШШГЕГ-т $4 саяын төлбөртэй байна. Төрийн тусгай алба хаагчийн хувьд төрд өргөсөн тангарагтаа үнэнч байж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа болон алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд энэхүү мэдээллийг хийж байна".
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН: "ШШГЕГ-ын дэд дарга Э.Бямбажав нь Тагнуулын ерөнхий газрын мөрдөгчөөр ажиллаж байхдаа С.Зоригийн хэрэгт ял шийтгүүлж байсан. Дүн шинжилгээ хяналтын газрын дарга Б.Цогтжаргал нь албан тушаалаа урвуулан ашиглаж гадаадын иргэнийг заналхийлж залилсан. Тамгын дарга Б.Нямгомбо нь албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга А.Намсаманд нь хоригдлуудаар өөрийн байрыг бариулсан. Мөн төсвийн ₮400 саяыг алба хаагчдын нэр дээр бичин, өөрөө завшин, Зайсанд хөнгөлөлттэй орон сууц авсан. Байгууллагын дэргэд хууль бусаар тагнах чагнах үйл ажиллагаа явуулдаг бүтэц бий болсон. Б.Булнай гэх Г.Занданшатарын ойрын хамаатан нь цагдаагийн байгууллагын засвар үйлчилгээний тендерүүдийг нууцаар авдаг. Тусгай камер байрлуулах замаар цагдаагийн алба хаагчдыг барьцаалж хэрэг наймаалцах болон бусдыг гүтгэх ажиллагаа явагдаж байна гэж үзэж байгаа".
ЕРӨНХИЙ САЙД АСАН Г.ЗАНДАНШАТАР: “Айсан хүнд аргал хөдөлнө”, “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг Хууль зүйн сайд С.Амарсайхан миний нэр төрд халдсан, ор үндэсгүй худал мэдээлэл олон нийтэд тараажээ.Үүнд үнэн юм нэг ч алга.
С.Амарсайхан одоогийн албан тушаалдаа томилогдох үеэр намайг Оюутболд гэх хүнийг Экологийн цагдаагийн газрын даргаар томилсон мэтээр ярьжээ. Гэвч бодит байдалд би гуравдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Харин Оюутболд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр томилогдсон байна. Өөрөөр хэлбэл, түүнийг сайдын албан тушаалд очих үед би аль хэдийн төрийн алба хашихаа больж, энгийн иргэн болсон байсан.Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй.
Ийм тодорхой баримтыг ч үл харгалзан олон нийтийн өмнө худал мэдээлэл тарааж онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж байгаа Хууль зүйн сайд ТА ярьсан бүх зүйлээ хууль дээр очиж баримтаар нотол. Би улс төрөөс холдож, өөрийн сонгосон замаар явж байна. Харин хулгай, худалтай эвлэрэхгүй.
Нүүрсчдийн бүлэглэлийн авлига, хулгайн сүлжээ, нам дамнасан хуйвалдаан, хууль ёсыг уландаа гишгэж, хүний эрхийг хөсөрдүүлдэг увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байгаа тул ард иргэдтэйгээ хамтран улс төрийн шинэчлэл хийх тэмцлийг эрчимжүүлэх болно".
ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.ОЮУТБОЛД: "Төрийн энэ хариуцлагатай албанд 30-аад жил шатлан дэвшиж /салбарын 9 сайдтай/ ажиллахдаа төрийн алба хаагчийн ёс зүй, дүрмээ мөрдлөг болгон аливаа хардлага, гүтгэлэгт тайлбар хийлгүй ирсэн.
Гэтэл салбарын сайд зөвхөн өөрийн эрх ашгаа илүүд үзэж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан миний нэр төрд халдаж, худал мэдээлэл түгээж байгаад “Гайхшрал” төрлөө.
Тухайн мэдээлэлд дурдсан асуудал /алтны уурхайтай, хууль бус хөрөнгө, орлого гэх мэт/ -ыг өөрийн хүсэлтээр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, Авилгатай тэмцэх газраар шалгуулан холбогдолгүй болох нь тогтоогдсон.
Энэ талаар зориуд сошиалд мэдээлэл түгээсэн иргэн /сайт/-ыг шүүхэд гомдол гарган, миний талд уучлалт гуйлгах шийдвэр ч гарсан.
Иймд 2026.09.15-ны өдөр Хууль зүйн салбарын сайд надтай холбогдуулан ярьсан мэдээллээ шалгуулан, нотолж чадахгүй бол би өөрийн нэр төрөө сэргээлгэн, тухайн мэдээлэл түгээсэн хэлбэрээр нь залруулга хийлгэн уучлалт гуйлгахаар Шүүхэд нэхэмжлэл гаргах болно.
Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа төрийн алба хаагчийн албаны эрх ашиг, гэр бүл, нэр төрийг нь хуулиар хамгаалахаар Төрийн албаны хуулинд хуульчилсан байдаг".
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг хамтад нь ажлаас чөлөөлж байна".

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.