НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Мөнгөний бодлогын 2027 оны үндсэн чиглэлийн төслийг Байнгын хорооны гишүүдийн 81.8 хувь дэмжлээ
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Мөнгөний бодлогын 2027 оны үндсэн чиглэлийн төслийг Байнгын хорооны гишүүдийн 81.8 хувь дэмжлээ

3 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.11.19) хуралдаж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн бөгөөд санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Тогтоолын төслийг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт танилцуулахдаа өнгөрсөн 15 жилийн эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хуримтлагдсан суурь асуудлуудыг тодорхойлон, тэдгээрийг цогцоор шийдвэрлэх системийн шинэтгэлийн багц арга хэмжээг боловсруулсныг онцоллоо. Түүний мэдээлснээр, уг тогтоолын төсөл болон түүнд тусгасан арга хэмжээнүүд нь Монголбанкны 2026-2030 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн хүрээнд хийх системийн шинэчлэлийн эхлэл болох юм.

Танилцуулгад дурдсанаар, Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд, 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрчээ. Үүнд сүүлийн 14 жилийн хугацаанд ипотекийн зээл, үнэ тогтворжуулах болон бусад төсвийн шинжтэй хөтөлбөрт зарцуулсан 15.8 их наяд төгрөгийн санхүүжилт нөлөөлсөн байна. Иймд төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газарт шилжүүлж, төв банкны хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо.

Мөн төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх төсвийн дүрмийн хязгаараас давсан алдагдлын хуримтлагдсан хэмжээ 12.6 их наяд төгрөгт хүрснийг танилцуулав. Төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газраас урт хугацаат тусгай үнэт цаас гаргах саналыг 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ.

Ирэх онд инфляцыг өдөөж буй зургаан үндсэн сувгийг хязгаарлаж, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх хүрээнд төсөв, мөнгөний бодлогын уялдааг хуульчлах, төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газарт шилжүүлэх, валютын зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих, банкны салбарын засаглал, санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд Төв банкны тухай, Банкны тухай, Зээлийн мэдээллийн тухай, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Валютын зохицуулалтын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахын зэрэгцээ Актив удирдлагын компанийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатайг танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.

Ж.Золжаргал: Эдийн засгийг захиргаадалтын буюу намын удирдлагатай тогтолцоогоор авч явсны үр дагавар эцэстээ Монголбанкны алдагдал болон хуримтлагдаж байна. Гадаад зээл, бонд, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, эргэн төлөлтийг мөнгө хэвлэх замаар шийдвэрлэхэд хүрдэг. Үүний улмаас бий болсон инфляцын дарамтыг эцсийн дүндээ ард иргэд үүрч байна.

Б.Мөнхсоёл: Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулах ажлын хэсэгт ажилласны хувьд хэлэхэд, мөнгөний бодлогод тулгамдаж буй олон асуудлын нэг нь хуримтлагдсан алдагдал байлаа. Үүнийг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол эдийн засагт дарамт учруулж, инфляцын эрсдэлийг нэмэгдүүлэхээр байсан. Тиймээс ажлын хэсэг энэ асуудалд анхаарч, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагатай өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Цаашид төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, бичил санхүүгийн салбарт өр, орлогын харьцааг анхаарах зэрэг шийдэл шаардсан асуудлууд үлдэж байна.

Г.Очирбат: Ямар ч байсан энэ чиглэлд урагшилж байгаа нь сайшаалтай. Өмнө нь Монголбанк эрх мэдэлтнүүдийн заавар, чиглэлийн дагуу ажилладаг байсан бол энэ удаагийн тогтоолын төсөл чанартай, сайн боловсруулагдсан байна. Ялангуяа тогтоолын төслийн 3.2-т төв банк төсвийн шинжтэй аливаа үйл ажиллагааг санхүүжүүлэх, хэрэгжүүлэхийг хориглосон эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасныг онцлон дэмжиж байна. Энэ чиглэлээр эрх зүйн орчноо бүрдүүлж, Банкны тухай хуулиа боловсронгуй болгох, Монголбанкны бие даасан байдлыг тууштай хамгаалах шаардлагатай. Улс төр, албан тушаалтнуудын нөлөөгөөр банк, санхүүгийн салбарын тогтвортой байдалд эрсдэл учруулах ёсгүй. Иймд тогтоолын төслийг дэмжиж байна.

Г.Лувсанжамц: Ажлын хэсэг тогтоолын төсөл дээр сайн ажилласан байна. Өмнөх хувилбаруудтай харьцуулахад ахиц дэвшил гарчээ. Тухайлбал, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор орон сууцны ипотекийн санхүүжилтийн 10 хувийг нийслэлд, 10 хувийг аймаг, сумдын бие даасан болон хэсэгчилсэн дэд бүтэцтэй амины орон сууцны санхүүжилтэд зориулна гэж тусгасныг дэмжиж байна. Амины орон сууцыг хөгжүүлэх нь чухал. Технологийн дэвшлийг ашиглан бие даасан болон хэсэгчилсэн дэд бүтэцтэй орон сууц барих боломж нэмэгдэж байгаа энэ үед иргэд өрхөөрөө болон хөршүүдтэйгээ хамтран яндан, нүхэн жорлонгүй амины орон сууц барихад ипотекийн бодлогыг чиглүүлж байгаа нь зөв шийдэл юм.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

М банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа

М банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа

БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанк М банкны хувьцаа эзэмших гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд КакаоБанк М банкны хувьцааны 15 хувийг эзэмших бөгөөд энэ нь зөвхөн хоёр улсын хоорондох хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй Монгол Улсын банк, санхүүгийн салбарт олон улсын технологи, инновац, дэлхийн тэргүүлэгч банкны сайн туршлагыг нэвтрүүлж, дижитал банкны хөгжлийг дараагийн шатанд гаргах чухал алхам болж байна.

Nov 18, 2026

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна

АПУ ХК Тогтвортой хөгжлийн зорилгоор 3 том бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн гэрээг ЕСБХБ-тай байгууллаа

АПУ ХК Тогтвортой хөгжлийн зорилгоор 3 том бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн гэрээг ЕСБХБ-тай байгууллаа

Монголбанкнаас төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхийг хуулиар хориглох эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Монголбанкнаас төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхийг хуулиар хориглох эрх зүйн орчныг бүрдүүлнэ