НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

5 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Олон улсын менежментийн хөгжлийн хүрээлэн (IMD)-гийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс (World Competitiveness Center) эрхлэн гаргадаг IMD World Digital and AI Ranking 2026 буюу Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр Монгол Улс судалгаанд хамрагдсан 70 улсаас 52.62 оноотойгоор 67 дугаар байрт эрэмбэлэгдлээ.

Өмнө нь Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан нэрээр танилцуулагддаг байсан энэхүү судалгаа нь 2026 оноос эхлэн хиймэл оюуны хөгжлийн нөлөө, хэрэглээ, түүнийг нэвтрүүлэхэд шаардлагатай институтийн болон нийгмийн орчныг илүү өргөн хүрээнд авч үзэх болсноор Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээ нэртэйгээр шинэчлэгдэн танилцуулагдаж байна.

ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫН ШИНЭЧЛЭЛ

2026 оны үнэлгээний нэг онцлог нь улс орнуудын дижитал технологи, хиймэл оюуныг нэвтрүүлэх чадвараас гадна тэдгээрийг эдийн засаг, бизнес, төрийн үйл ажиллагаа болон нийгэмд үр бүтээлтэй ашиглах нөхцөлийг үнэлж байгаа явдал юм.

Үнэлгээг дараах таван үндсэн бүлгийн хүрээнд хийв. Үүнд:

  1. Засаглал – Дижитал технологи, хиймэл оюуны хариуцлагатай хөгжлийг дэмжих эрх зүй, зохицуулалт, институцийн орчин;

  2. Технологи ба дэд бүтэц – Дижитал болон хиймэл оюуны системийг хөгжүүлэх, нэвтрүүлэхэд шаардлагатай технологийн, санхүүгийн болон судалгааны дэд бүтэц;

  3. Үр ашиг – Дижитал технологи, хиймэл оюуныг бизнесийн үйл ажиллагаа болон байгууллагын практикт нэвтрүүлж, үр дүнтэй ашиглах чадвар;

  4. Ажиллах хүчний хөгжил – Дижитал болон хиймэл оюунд суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, боловсролын тогтолцоо, ур чадвар;

  5. Үнэт зүйлс – Кибер аюулгүй байдал, хиймэл оюуны ёс зүй, нийгмийн хандлага болон итгэлцэл.

Эдгээр таван бүлэг нь тус бүр гурван дэд бүлэгтэй, нийт 15 дэд бүлгийн хүрээнд 88 шалгуур үзүүлэлтээр улс орнуудын дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварыг үнэлжээ. Үнэлгээнд 51 статистик мэдээлэл болон 37 санал асуулгын үзүүлэлт ашигласан байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН

Монгол Улс 2026 оны үнэлгээгээр нийт 70 орноос 67 дугаарт эрэмбэлэгджээ. Өмнөх оны судалгаанд 69 орноос 67-рт эрэмбэлэгдэж байсан.

Үндсэн таван бүлгийн эрэмбийг авч үзвэл:

  • Засаглал – 67 дугаар байр

  • Технологи ба дэд бүтэц – 67 дугаар байр

  • Үр ашиг – 67 дугаар байр

  • Ажиллах хүчний хөгжил – 62 дугаар байр

  • Үнэт зүйлс – 67 дугаар байр

Дэд бүлгүүдийн хувьд Боловсрол ба сургалт дэд бүлгээр 35 дугаарт эрэмбэлэгдсэн нь Монгол Улсын харьцангуй сайн үзүүлэлт болж байна. Харин бизнесийн уян хатан байдал 70 дугаарт эрэмбэлэгдсэн нь анхаарал хандуулах шаардлагатай чиглэлүүдийн нэг болжээ.

Мөн шалгуур үзүүлэлтүүдийн түвшинд эмэгтэй судлаачдын үзүүлэлтээр Монгол Улс 1 дүгээрт эрэмбэлэгдсэн нь онцлох үр дүн юм. Нөгөө талаас, шинжлэх ухааны судалгааны эрх зүйн орчин, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, кибер аюулгүй байдал зэрэг үзүүлэлтүүдэд сул үр дүн ажиглагдаж байна.

ЦААШИД АНХААРАХ ЧИГЛЭЛ

Дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадвар нь зөвхөн технологийн хүртээмж, дэд бүтцийн хөгжлөөр тодорхойлогдохгүй, харин тэдгээрийг эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэхэд хэрхэн ашиглаж байгаагаас ихээхэн хамаардаг.

Иймд Монгол Улсын хувьд дижитал дэд бүтцийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ хиймэл оюуныг бизнес, төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн дижитал ур чадварыг хөгжүүлэх, хиймэл оюуны эрх зүйн болон ёс зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь 2010 оноос Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн хамтрагч байгууллагаар ажиллаж ирсэн бөгөөд, Монгол Улсын дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын судалгааны ажлыг гүйцэтгэсэн болно.

Судалгааны дэлгэрэнгүйг www.imd.org/ холбоосоор үзнэ үү.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

М банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа

М банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа

БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанк М банкны хувьцаа эзэмших гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд КакаоБанк М банкны хувьцааны 15 хувийг эзэмших бөгөөд энэ нь зөвхөн хоёр улсын хоорондох хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй Монгол Улсын банк, санхүүгийн салбарт олон улсын технологи, инновац, дэлхийн тэргүүлэгч банкны сайн туршлагыг нэвтрүүлж, дижитал банкны хөгжлийг дараагийн шатанд гаргах чухал алхам болж байна.

Nov 18, 2026

АПУ ХК Тогтвортой хөгжлийн зорилгоор 3 том бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн гэрээг ЕСБХБ-тай байгууллаа

АПУ ХК Тогтвортой хөгжлийн зорилгоор 3 том бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн гэрээг ЕСБХБ-тай байгууллаа

Монголбанкнаас төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхийг хуулиар хориглох эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Монголбанкнаас төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхийг хуулиар хориглох эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ