

Францын "Puy du Fou" компани хоригт орсон Оросын олигархитай хамтран Крымын амралтын бүсэд сэдэвчилсэн парк байгуулах төлөвлөгөөг өмнө нь мэдээлж байснаас хавьгүй урт хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд хожим нь Иран, Хятад улсуудтай хамтран ажиллахаар эрмэлзэж байжээ.
The Guardian (2026-08-02)
2014 оны Хоёрдугаар сард ямар нэгэн таних тэмдэггүй цэргийн формтой хэдэн мянган "ногоон хүмүүс" буюу Оросын цэргүүд Крым рүү цөмрөн орж, цэргийн бааз болон дэд бүтцийн чухал объектуудыг хяналтандаа авсан юм.
Тэдний энэхүү довтолгоо нь Владимир Путины Крымын хойгийг өөртөө нэгтгэх ажиллагааны эхний алхам байсан бөгөөд энэ үйл явдал даамжирсаар эцэст нь Украин руу түрэмгийлсэн бүрэн хэмжээний дайнд хүргэсэн билээ.
Крымын түрэмгийллийн дараахан Вашингтон болон Брюсселийн эрх баригчид уг халдлагыг санхүүжүүлж, дэмжлэг үзүүлсэн гэж сэжиглэгдсэн Путины ойрын холбоотнуудад хориг арга хэмжээ авч эхэлсэн. Тэдний дунд хэвлэл мэдээллийн магнат, өөрийн ультранационалист үзэл бодлоороо "Ортодокс олигархи" хэмээн алдаршсан өтгөн сахалтай Константин Малофеев байв.
Өрнөдийн орнуудын зүгээс эсэргүүцэл, шахалт ширүүсч байх үед Францын нэгэн нөлөө бүхий гэр бүл огт өөр байр суурь баримталж, Москва болон Малофеевт гараа сунгасан байдаг.

Константин Малофеев бол Кремлийг дэмжигч Царьград телевизийн сувгийг үүсгэн байгуулагч юм.
Европын Холбооноос Малофеевын эсрэг авсан хориг арга хэмжээ хүчин төгөлдөр болсноос яг нэг сарын дараа дэлхийд алдартай "Puy du Fou" сэдэвчилсэн паркийн компанийг үүсгэн байгуулагч эцэг, хүү Филипп ба Николя де Вилье нар Крымын түүхэн газар болох Ялтад хүрэлцэн иржээ.
Дэлхийн II дайны дараах дэлхийн шинэ дэг журмыг Иосиф Сталин, Франклин Рузвельт, Уинстон Черчилл нар хэлэлцэн тогтоож байсан сүрлэг Ливадийн ордонд Де Вилье болон Путин нар Францын компанийн хоёр шинэ парк байгуулах төлөвлөгөөний талаар нухацтай ярилцсан юм.
Шинээр эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрт сүндэрлэх ёстой байсан эдгээр паркуудыг Малофеевтай хамтран байгуулахаар төлөвлөж байсан бөгөөд "Оросын түүх болон Орос сүнсний ач холбогдлыг тодруулан харуулах" зорилготой байв.
Эцэст нь тэрхүү агуу төлөвлөгөө биелэлээ олоогүй юм. Азаар "Puy du Fou" компани одоо огт өөр зүг чиг рүү анхаарлаа хандуулах болжээ.
Үүнээс хэдхэн хоногийн дараа тус компани Оксфордшир мужийн хөдөө орон нутагт 600 сая фунт стерлингийн өртөг бүхий парк байгуулах төлөвлөлтийн зөвшөөрлийг авах төлөвтэй байна. Энэхүү парк нь түүхэн үйл явдлыг жүжигчлэн харуулах тоглолтууд, Дундад зууны үеийн цамхагийг дуурайлгасан байгууламжууд, сэдэвчилсэн тосгод, зочид буудал болон ресторан багтах юм.

Гэвч Британийн мянга гаруй жилийн түүхийг тайзнаа амилуулахаар бэлтгэж буй тус компани хэр үнэн түүхтэй вэ гэдэгт шинэ баримтууд эргэлзээ төрүүлж байна.
"Puy du Fou" компани урьд нь Орос улстай болон Малофеевтай тогтоож байсан харилцаагаа булзааруулж, Европын холбооны хориг арга хэмжээ 2014 оны 7 дугаар сард хэрэгжиж эхэлмэгц хамтын ажиллагаагаа зогсоосон хэмээн мэдэгдэж байсан.
Гэвч "Guardian" сонины үзсэн шинэ баримт бичгүүдээс харахад энэ харилцаа олон сарын турш үргэлжилж, шинжээчдийн үзэж байгаагаар Европын холбооны хориг арга хэмжээний зааг хязгаарыг давсан байж болзошгүй байна. Мөн энэ нь уг гэр бүл бусад дарангуйллын дэглэмүүдтэй хамтран ажиллахад бэлэн байсныг баримтууд илтгэж байгаа юм.
Баримт бичгүүдээс дараах зүйлс ил болжээ.
"Puy du Fou" компани Малофеевын компанитай 2015 оны 8 сар хүртэл үргэлжлүүлэн ажилласан.
Францын компани Малофеевын туслахад төлбөр төлж байсан.
Гүйцэтгэх захирлууд хориг арга хэмжээг зөрчих талаар дотооддоо хэлэлцэж байсан.
Төлөвлөгөө бүтэлгүйтэхэд "Puy du Fou" шинэ зах зээл, тухайлбал Иран руу анхаарлаа хандуулсан.
Хятадын Коммунист нам Шанхай дахь паркийн жүжгийн зохиолыг баталгаажуулах, хянах эрхтэй байв.
"Санкц болон сөрөг санкцыг харахад Европын удирдагчид маш хариуцлагагүй байна" гэж тухайн үед 65 настай байсан Филипп де Вилье 2014 оны 8-р сард Францын "RTL" радио станцад ярьжээ. Тэрбээр үргэлжлүүлэн "Би (Францын удирдагчид болох Франсуа) Олланд болон (Николя) Саркози нарыг Путинээр дуртайяа солих байсан" хэмээн нэмж хэлсэн байдаг.

Эммануэль Макрон, Николас болон Филипп де Вилье нартай "Puy du Fou" цэнгэлдэхэд. 2016 он
Арай залуу 34 настай Николя де Вилье үүнийг илүү романтик байдлаар илэрхийлсэн юм, "Тэр (Путин) бидний бодож байснаас огт өөр хүн байсан. Тэр маш зөөлөн яриатай, дулаахан харцтай хүн"
Ялтад зочилж, сэтгэл нь сэргэсэн эцэг хүү хоёр Орос руу бизнесээ тэлэх мөрөөдөл нь Москва болон Өрнөдийн хоорондох хурцадмал харилцаанаас болж саатах албагүй хэмээн мэдэгдэж байв.
"Guardian" сонины олж авсан шинэ баримтууд тэдний байгуулж байсан хамтын ажиллагааны талаар тодорхой ойлголтыг өгч байна.
Дор хаяж нэг паркийг Малофеевын өөрийн медиа компанидаа ашигладаг "Царьград" (Орчуулга: Хааны хот) хэмээх нэрээр нэрлэхээр төлөвлөж байжээ.

"Puy du Fou Tsargrad" нэртэй 50:50 хувийн эзэмшлийн хамтарсан үйлдвэрийг зохицуулах 'нөхцөлийн хуудас' (term sheet) баримт бичиг.
Николя де Вилье болон Малофеев нар "Puy du Fou Tsargrad" нэртэй 50:50 хувийн эзэмшлийн хамтарсан үйлдвэр байгуулах "нөхцөлийн хуудас" (term sheet) баримт бичигт хэдийнэ гарын үсэг зурсан байсныг холбогдох баримтаас харж болно.
2014 оны 7-р сарын 12-нд гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээрийн цаг хугацаа нь үнэхээр таагүй үед таарсан юм.
2014 оны 7-р сарын 30-нд буюу хэдхэн хоногийн дараа Ортодокс олигархийг Крымыг аннексилоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлээр Европын холбооноос хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ. Уг хориг нь Өрнөдийн эдийн засгийн хүчин чадлыг ашиглан Крымын халдлагад оролцогчдод шийтгэл ногдуулах, цаашдын түрэмгийллээс сэргийлэх зорилготой байв.
"Puy du Fou" компани "Guardian" сонинд мэдээлэхдээ, эдгээр хориг арга хэмжээнүүд нь тэдний хамтын ажиллагааны төгсгөл болсон гэж тайлбарласан юм.
"Хориг арга хэмжээний дэглэм үе шаттайгаар хэрэгжиж эхлэхэд бид хоригт орсон тухайн хувь хүнтэй хамтран ажиллахаа зогсоосон."
"Олон улсын хүчин чармайлт саатаж, нөхцөл байдал дээрдэхгүй нь тодорхой болсон үед бид Орост үйл ажиллагаа явуулахыг хүсэхгүй байгаагаа зохих ёсоор мэдэгдэж, улмаар тус улс дахь бүх төсөл болон хамтрагчдаасаа харилцаагаа тасалсан. Энэ ажил бүрэн шувтрахад нэг жил орчмын хугацаа шаардагдсан."
Гэвч "Guardian"-ы үзсэн материал нь төслийг амьд үлдээхэд чиглэсэн Малофеевын холбогдох хүмүүстэй хийсэн харилцаа үргэлжилж байсныг илтгэж байна.
2014 оны 9-р сард буюу Малофеев хоригт орсноос хоёр сарын дараа "Puy du Fou"-гийн ажилтнууд "Царьград" төслийг геополитикийн нөхцөл байдалд тохируулан хэрхэн цаашид үргэлжлүүлж болох талаар нэгэн баримт бичгийг боловсруулж байжээ.
Бүтэц нь Малофеевын "Царьград Пуй ду Фу" ХХК-д гарааны санхүүжилт болон богино хугацааны зээл олгохоор тусгасан ба үйл ажиллагааны орлогыг "Puy du Fou International"-ийн эзэмшдэг банкийн данс руу шилжүүлэхээр төлөвлөж байв.
Баримт бичигт заасан тэмдэглэлд "хориг арга хэмжээний болзошгүй нөлөөллөөс зайлсхийхийн тулд" уг дансанд Оросын рублийг ашиглах талаар дурджээ.

Константин Малофеев болон "Puy du Fou" компанийн хамтран эзэмших оффшор компанийн төлөвлөгөөг харуулсан диаграмм.
Схемийн хоёр дахь үе шат нь Оросын хуулийн этгээдийг Малофеев болон "Puy du Fou"-гийн хамтран эзэмшдэг оффшор компанид байршуулах явдал байв.
Тэрхүү оффшор компани нь паркийн нарийн зохиолтой шоунуудын оюуны өмчийг эзэмшиж, "Царьград"-ын орлогоос цугласан ашгийг "Puy du Fou" болон Малофеев нарт хуваарилах ёстой байжээ.
Баримт бичгийн өөр нэг бүдүүвчид Малофеев оффшор компанийн 50%-ийг эзэмшдэг "цөөнхийн хувьцаа эзэмшигч" хэвээр үлдэж болохыг харуулсан байв.
Дээрх захидал харилцаа нь "Puy du Fou" компани эрсдэлийг сайн мэдэж байсныг илтгэж байгаа бөгөөд 2014 онд Оросын талын хамтрагчдаа уг схемийг зөвшөөрч байгаа ч компанид торгууль ногдуулж болзошгүй "олон улсын нөхцөл байдал болон хориг арга хэмжээний асуудалд" сэрэмжтэй байгаагаа илэрхийлж байжээ.
Энэхүү бүтэц бодит амьдрал дээр биеллээ олсон гэх нотолгоо байхгүй юм.
Гэвч баримтууд нь Малофеевын холбогдох хүмүүстэй хийсэн санхүүгийн гүйлгээ 2015 он хүртэл үргэлжилж, төсөл төлөвлөсний дагуу цааш үргэлжилнэ гэсэн хүлээлттэйгээр үйл ажиллагааг санхүүжүүлсээр байсныг харуулж байна.

"Царьград" төслийн эхний үе шатны төсөв.
2015 оны 1-р сарын төсвийн баримтаас харахад "Puy du Fou" компани жүжигчдийн сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлж, тэр байтугай сонгон шалгаруулалт явуулахын тулд Орост спорт залыг түрээсэлж байжээ.
23.5 сая рублийн (бараг 500,000 фунт стерлинг) төсөвт оффисын түрээс, ажилтнуудын цалин болон "бэлэг" хэмээн тодорхойлсон "Царьград Пуй ду Фу" лого бүхий 75 ширхэг бугуйн цагны зардал багтсан байв.
Гүйлгээний ихэнх хэсгийг 2015 оны 1-р сарын 31-ний өдрөөр тэмдэглэсэн бөгөөд ядаж нэг гүйлгээ нь 2015 оны 4-р сар хүртэлх хугацааг хамруулсан байдаг.
"Puy du Fou" компани "Олон улсын төслийг үнэ төлбөргүй судалж чадахгүй тул хоёр талаас бэлтгэн нийлүүлэгч болон зөвлөх үйлчилгээний бага хэмжээний төлбөр гарсан нь зайлшгүй зүйл. Эдгээр нь Франц болон Европын холбооны хуулийн дагуу ямар нэг хоригт орсон байгууллагатай хамтраагүй гэж тайлбарлав.
Дотоод тэмдэглэлүүд нь "Puy du Fou" хориг арга хэмжээний хуулийг хэрхэн дагаж мөрдсөн бэ гэдэгт асуулт үүсгэж байна.
Тэд зарим гүйлгээг Малофеевтай шууд биш, харин "Marshall Capital" (MarCap) хэмээх компаниар дамжуулан хийснийг харуулж байна.
Үргэлжлэл бий.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 30
2026 оны 7-р сарын 31
2026 оны 7-р сарын 28
2026 оны 8-р сарын 3
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 27
2026 оны 8-р сарын 1
2026 оны 7-р сарын 29
2026 оны 8-р сарын 2
2026 оны 7-р сарын 29
2026 оны 8-р сарын 2
2026 оны 7-р сарын 28
2026 оны 8-р сарын 4
2026 оны 7-р сарын 30
2026 оны 7-р сарын 30